Бусад эх сурвалж
Мөнх амьдрал


“Мөнх амьдрал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 125–127

“Мөнх амьдрал,” Итгэлдээ үнэнч байх нь, 125–127

Мөнх амьдрал

Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39) хэмээн тунхагласан. Үхэшгүй байдал гэдэг нь амилуулагдсан байдлаараа мөнхөд амьдрахыг хэлнэ. Хүн бүр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан энэхүү бэлгийг хүлээн авна. Мөнх амьдрал эсвэл өргөмжлөл бол селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг өвлөн авах явдал бөгөөд тэнд бид гэр бүлээрээ үргэлжлүүлэн Бурханы оршихуйд амьдарна (C ба Г 131:1–4-ийг үзнэ үү). Энэ бэлэг нь үхэшгүй байдалтай адил Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон юм. Гэсэн хэдий ч энэ нь “Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай” (Итгэлийн тунхаг 1:3) байхыг шаарддаг.

Мөнх амьдралд хүрэх зам дээр үлдэх

Та баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар мөнх амьдрал руу удирдах зам дээр гарсан. Бошиглогч Нифай заахдаа:

“Тухайлбал та нарын орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой; мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө.

Мөн чингээд та нар энэхүү мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд байх болно; тийм ээ, та нар хаалгаар орсон бөлгөө; та нар Эцэг мөн Хүүгийн зарлигуудын дагуу хийсэн буюу; мөн хэрэв та нар уг замаар орвол та нар хүлээж авна хэмээн түүний өгсөн амлалт гүйцэлдэж, та нар Эцэг мөн Хүүг гэрчилдэг Ариун Сүнсийг хүлээж авсан билээ” (2 Нифай 31:17–18) гэжээ.

Энэхүү “нарийн бөгөөд шулуун зам”-аар орсны дараа бид итгэлээрээ эцсээ хүртэл тэвчих ёстойг Нифай онцлохдоо:

“Та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой.

Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:19–20) хэмээсэн.

Одоо та баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан тул мөнх амьдрал руу хүрэх өсөлтийн тань ихэнх нь хүлээн авч байгаа бусад авралын ёслолоос хамаарна, тухайлбал, эрэгтэйчүүд Мелкизедек санваарын томилгоо; эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ариун сүмийн хишиг хүртэх болон гэрлэлтийн лацдан холбох ёслол зэрэг юм. Та эдгээр ёслолыг хүлээн аваад, дагалдах гэрээнүүдийг нь сахих үед өөрийгөө селестиел алдар суугийн хамгийн дээд зэрэглэлийг өвлөхөд бэлдэнэ.

Олж авч болохуйц зүйл

Та “нарийн бөгөөд шулуун зам” дээрх өөрийнхөө өсөлтийг тунгаан бодохдоо мөнх амьдрал бол хүрч болохуйц гэдэгт итгэлтэй бай. Их Эзэн танаас Өөр рүү нь эргэн очихыг хүсдэг бөгөөд таны гүйцэтгэж чадахгүй ямарваа нэгэн зүйлийг хэзээ ч шаардахгүй. Түүний бүх зарлиг таны аз жаргалыг дэмжихээр урьдчилан тооцоологдсон. Та итгэлээ хөгжүүлж, Түүнд бүх чадлаараа үйлчилбэл Тэр танд хүч чадал өгч, Түүний зарлигласан ямар ч зүйлийг хийх арга замаар хангаж өгдөг (1 Нифай 3:7-г үзнэ үү). Та хамаг чадлаараа хичээл зүтгэл гаргаж, нүглээ наманчилбал Есүс Христийн Цагаатгал таны амьдралдаа туулах сул тал, алдас, өвчин зовлонг нөхөн төлөх болно мөн “ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” гэдгийг санагтун (2 Нифай 25:23).