“Халамж,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 210–212
“Халамж,” Итгэлдээ үнэнч байх нь, 210–212
Халамж
Сүмийн гишүүн бүрд бие даах чадвартай болох, ядуу болон гачигдалтай нэгнийг халамжлах гэсэн халамжийн хоёр үндсэн үүрэг хариуцлага байдаг.
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ бие махбодыг болон сүнсийг халамжлах үүрэгтэй. Хүүхдүүд өсөж томрох тусам өөрсдийнхөө сайн сайхан байдалд илүү хариуцлагатай хандах болно. Эцэг эхчүүд тэдэнд бие даасан амьдралтай болоход нь туслан, ирээдүйд өөрсдийн гэр бүлийг авч явахад тэднийг бэлтгэх халамжийн үндсэн зарчмуудыг заах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд ядуу хийгээд гачигдалтай нэгнийг халамжлахад туслах боломжуудыг хүүхдүүддээ олгож чадна.
Хэрэв та Сүмийн насанд хүрсэн гишүүн бол дараах бүх зөвлөгөө танд шууд хамаатай. Хэрэв та залуу эмэгтэй эсвэл залуу эрэгтэй бол хэдийгээр та эцэг эхээсээ бүрэн хамааралтай ч бай энэхүү зөвлөгөөний ихэнх нь танд ч мөн хамаатай.
Бие дааж амьдрах чадвартай болох
Та нийгэм, сэтгэл санаа, сүнслэг байдал, бие махбодын хувьд болон эдийн засгийн хувьд сайн байх нь нэгд таны, хоёрт танай гэр бүлийн, гуравт Сүмийн үүрэг хариуцлага билээ. Та Их Эзэний бурханлаг нөлөөллөөр мөн өөрийн ажил хөдөлмөрөөр дамжуулан өөрийн болон гэр бүлийнхээ сүнслэг болоод материаллаг хэрэгцээг хангах хэрэгтэй.
Та бие даах чадвартай байснаараа өөрийгөө болон гэр бүлээ халамжлах чадвартай байх болно. Та бусдаас хамааралгүйгээр саад бэрхшээлийг даван гарахад бэлтгэгдэх ёстой.
Та (1) боловсрол эзэмшсэнээр, (2) хүнс тэжээл болон эрүүл ахуйн сайн нөхцөлд амьдарснаар, (3) боломжийн ажилд ороход бэлтгэх болон орсноор, (4) хуулийн дагуу хоол хүнс, хувцас хунар нөөцлөн бэлтгэснээр, (5) өөрт байгаа нөөц баялгаа ухаалгаар зохицуулж, аравны нэг, өргөлүүдийг төлж, өрнөөс зайлсхийснээр, (6) сүнслэг байдал, сэтгэл санаа, нийгмийн хүч чадлаа хөгжүүлснээр бие дааж чадна.
Та бие даах чадвартай болохын тулд хөдөлмөрлөх хүсэлтэй байх ёстой. Их Эзэн биднийг хөдөлмөрлө хэмээн зарлигласан (Эхлэл 3:19; C ба Г 42:42). Ариун шударга ажил хөдөлмөр нь аз жаргалтай байх, өөрийгөө үнэлэх мөн дэвжин дээшлэхийн үндэс юм.
Хэрэв та өөрийн хүчин чармайлт эсвэл гэр бүлийнхээ гишүүдийн дэмжлэг туслалцаагаар дамжуулан үндсэн хэрэгцээгээ хангах чадваргүй байвал Сүм танд тусалж болно. Ийм нөхцөлд Сүм таныг болон танай гэр бүлийг дахин бие даах чадвартай болоход туслахын тулд амьдрал тэтгэх нөөц бололцоогоор хангадаг.
Ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах
Их Эзэн үргэлж ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг анхаарч халамжлахыг Өөрийн хүмүүст зарлигласаар ирсэн билээ. Тэрээр “Та нар ядуус хийгээд гачигдагсдад зочлон мөн тэднийг хөнгөвчлөхийн тулд туслах ёстой” (C ба Г 44:6) гэжээ. Тэрээр “Мөн ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдыг бүх зүйлд санаж байгтун, учир нь үүнийг үл хийдэг тэрээр, мөнхүү тэр нь миний шавь биш бөлгөө” (C ба Г 52:40) хэмээн зарлигласан.
Ядуу, гачигдалтай хүмүүсийг та олон арга замаар халамжилж чадна. Нэг чухал зам бол ядуу тарчиг байдал, өвчин зовлон болон бусад зовлон зүдгүүрээс болж шаналж байгаа хүмүүст туслахаар тойргийн эсвэл салбарын ерөнхийлөгчийн хэрэглэдэг мацгийн өргөлүүдийг өргөж мөн мацаг барих явдал байж болно. Мөн та цаг заваа зориулж, авьяас чадвараа хуваалцаж чадна. Та хөрш зэргэлдээ мөн орон нутагтаа амьдарч байгаа гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй, бэлэвсэн болон бусад хүнд үйлчилж чадна.
Гачигдалтай хүмүүсийг орон нутгийн болон хувь хүмүүсийн зүгээс халамжлахаас гадна Сүм дэлхий даяар ямар шашинтайг нь үл харгалзан гай гамшиг, ядуу зүдүү байдал, өвчин зовлон болон бусад хямралын улмаас шаналж байгаа хүмүүст гар сунган тусалдаг. Сүм гэр бүл хийгээд хувь хүмүүст бие даан амьдрахын тулд хөдөлмөрлөхөд нь амьдралыг нь тэтгэх нөөц бололцоогоор хангадаг. Сүмийн Боловсролын Сангийн хандивууд нь боломж муутай хожмын үеийн гэгээнтнүүдийг цаашид боловсролоо дээшлүүлэх арга хэрэгслээр хангадаг. Сүмийн үйлчлэлийн номлогчид өөрсдийн цаг зав, нөөц бололцоог бичиг үсэгт суралцах, эрүүл мэндийг хөхиүлэн дэмжих, сургалт явуулах зэргээр дэмжиж, сайн дураараа ажилладаг.