“Уруу таталт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 201–204
“Уруу таталт,” Итгэлдээ үнэнч байх нь, 201–204
Уруу таталт
Төлөөлөгч Паулын бошиглосончлон, эцсийн өдрүүд бол “хэцүү цаг” юм (2 Tимот 3:1). Дайсны нөлөө хаа сайгүй бөгөөд сэтгэл татам байдаг. Гэвч та Сатаныг ялан дийлж, түүний уруу таталтуудыг даван гарч чадна. Тэнгэрлэг Эцэг танд муугаас илүүтэй сайныг сонгох хүч болох сонгох эрхийг өгсөн. Та “Их Эзэний өмнө [өөрийгөө] даруусган, түүний ариун нэрийг дуудаж, мөн [та] [өөрийн] үүрч чадахаас илүүгээр уруу таталтанд автагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбирч” чадна (Aлма 13:28). Зарлигуудыг чин хүслээр дуулгавартай дагавал Тэнгэрлэг Эцэг уруу таталтыг эсэргүүцэн зогсоход таныг хүчирхэгжүүлнэ.
Дараах зөвлөгөө уруу таталтыг даван туулахад тусалдаг.
Аврагч дээр амьдралаа төвлөрүүл.
Бошиглогч Хиламан хөвгүүддээ зөвлөхдөө, “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээсэн.
Хүч чадлын төлөө залбир.
Амилсан Аврагч нифайчууд дээр ирээд, цугласан олонд: “Та нар уруу таталтанд орохгүйн тул үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой; учир нь тэр та нарыг буудай мэт шигшиж болохын тулд Сатан та нарыг эзэмдэхийг хүсч байна. Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” (3 Нифай 18:18–19) хэмээн заасан. Хожмын өдрүүдэд Тэр мөн адил зөвлөгөөг өгчээ. “Ялан дийлэгч болж гарахын тулд чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж гарахын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд буюу” (С ба Г 10:5).
Өдөр бүр судраас суралц.
Сайн мэдээний үнэнийг судалж, амьдралдаа хэрэгжүүлбэл Их Эзэн таныг уруу таталтын эсрэг зогсох хүчээр адисална. Hифaй “Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:24 мөн Хиламан 3:29–30-ийг үзнэ үү) гэж заасан.
Амьдралаа сайн сайхан зүйлсээр дүүргэ.
Хилэнцтийг хүртэх шаардлагагүй байх олон сайхан сонгох зүйл танд байдаг. Амьдралаа сайн сайхан зүйлсээр дүүргэхэд өөр зүйлийг багтаах зай байхгүй.
Уруу татаж байгаа газар, нөхцөл байдлаас зайлсхий.
Та уруу таталтаас бүрэн зугтаж чадахгүй ч уруу татагдах газар эсвэл нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Та мөн ном, сэтгүүл, зурагт, кино, хөгжим, интернэтэд буй зохисгүй материалуудаас зайлсхийж чадна.
Бусдад сайнаар нөлөөлөхийг хичээ.
Аврагч Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналахаасаа өмнөхөн өөрийн шавь нарын төлөө залбирсан. “Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус. … Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв” (Иохан 17:14–18). Есүс Христийн хожмын үеийн шавийн хувьд та ертөнцөд байж болно, гэвч та “ертөнцийнх бус.” Та уруу таталтаас зайлсхийснээр бусдад сайн, сайхан амьдралаар амьдрахад нөлөөлж чадна. Та зөв шударга байдлын жишээ болж, сайн анд нөхөр байж, нийгмийн үйлчлэлд оролцож мөн зохистойгоор өөрийн дуу хоолойг ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалахад хүргэж чадна.
Уруу таталтын эсрэг зогсох өөрийн шийдвэрт хэзээ ч бүү эргэлз.
“Уруу таталтуудад орсон хэдий ч тэдгээрт анхаарал тавиагүй” (С ба Г 20:22) Аврагчийн жишээг дагахыг хичээ. Сатан Есүсийг цөлд уруу татахыг оролдоход Есүс хэзээ ч тээнэгэлзэж байгаагүй. “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” (Лук 4:8) гэсэн Түүний хариулт хурдан бөгөөд шийдэмгий байсан. Та өөрийн зөв шударга бодол, үг яриа, үйлдлээр дамжуулан мөн адил итгэл үнэмшилтэйгээр дайсны уруу таталтад хариулж чадна. “Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун, Тэгвэл Тэр та нарт ойртоно” (Иаков 4:7–8).