Бусад эх сурвалж
Ариун явдал


“Ариун явдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 35–40

“Ариун явдал,” Итгэлдээ үнэнч байх нь, 35–40

Ариун явдал

Ариун явдал гэдэг бол “Бурханд таалагдах” (Иаков 2:7) бэлгийн харьцааны цэвэр ариун байдал юм. Ариун явдалтай байхын тулд та ёс суртахууны хувьд бодол санаа, үг хэл, үйлдлээрээ цэвэр ариун байх ёстой. Хууль ёсоор гэрлэхээсээ өмнө бэлгийн аливаа харьцаанд орохгүй байх ёстой. Гэрлэсэн хойноо ханьдаа бүрэн дүүрэн үнэнч байх ёстой.

Эхнэр нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа нь гайхалтай бөгөөд нандин зүйл юм. Энэ нь хүүхэд төрүүлэх болон гэрлэлтийн харилцаан дахь хайрын илрэл болж Бурханаас томилогдсон.

Өнөөдөр дэлхийд Сатан гэрлэлтээс гадуурх бэлгийн дотно харилцаа нь хүлээн зөвшөөрөгдөхүйц гэдэгт хүмүүсийг итгүүлэн удирдаж байна. Гэхдээ Бурханы мэлмийд энэ нь маш ноцтой нүгэл юм. Энэ бол амьдралыг бүтээхээр Бурханаас бидэнд өгсөн хүчийг урвуулан ашиглаж байгаа хэрэг. Бэлгийн харьцааны нүгэл бол хүн алах, Ариун Сүнсийг үгүйсгэх зэргээс бусад бүх нүглээс хамгийн жигшүүрт нүгэл мөн хэмээн бошиглогч Алма сургасан (Алма 39:3–5-ыг үзнэ үү).

Хэрвээ бэлгийн харьцаанд орогчид бие биедээ хайртай л бол гэрлэлтээс гадуурх ийм харьцааг хүлээн зөвшөөрч болно гэж заримдаа хүмүүс өөрсдөдөө ятгахыг оролддог. Энэ бол худал. Ариун явдлын хуулийг зөрчих, бусдыг ийн зөрчихөд дэмжих нь хайрын илэрхийлэл биш юм. Бие биедээ хайртай хүмүүс хэзээ ч нэгнийхээ аз жаргал, аюулгүй байдлыг үгүй хийж, түр зуурын хувийн таашаалаар солихгүй.

Ариун явдлын хуулийг сахихад хангалттайгаар нэг нэгнээ халамжилбал тэдний хайр, итгэлцэл, бие биедээ өгсөн амлалт өсөн нэмэгдэж, агуу аз жаргал, нэгдмэл байдалд хүрдэг. Нөгөө талаас, бэлгийн ёс суртахуунгүй байдал дээр тогтсон харилцаа удаан үргэлжилдэггүй. Бэлгийн ёс суртахуунгүй харьцаанд орсон хүмүүс ихэнхдээ айдас, гэм буруутайн мэдрэмж, ичгүүрийг мэдэрдэг. Хорсол, хардалт, үзэн ядалт зэрэг нь удалгүй тэдний харьцаанд байсан аливаа эерэг мэдрэмжийг орлодог.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг хамгаалахын төлөө ариун явдлын хуулийг өгсөн. Энэ хуульд дуулгавартай байх нь хувь хүний амар амгалан, зан харьцааны хүчирхэг байдал, гэр орон дахь аз жаргалд тун чухал юм. Та бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байвал гэрлэлтээс гадуурх хэн нэгэнтэй бие махбодын дотно харьцаатай байснаас байнга үүдэн гардаг сүнслэг болон сэтгэл санааны аюулаас зайлсхийх болно. Та Ариун Сүнсний удирдамж, хүч чадал, тайтгарал, хамгаалалтад мэдрэмтгий байж, ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авах, ариун сүмийн ёслолд оролцоход хэрэгтэй чухал шаардлагуудыг хангах болно.

Бэлгийн харьцааны гэм нүгэл

Их Эзэн ба Түүний бошиглогчид бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдлыг буруушаадаг. Гэрлэлтээс гадуурх бүх бэлгийн харьцаа нь ариун явдлын хуулийг зөрчдөг бөгөөд ийм харьцаанд орсон хүмүүс бие махбод, сүнслэг байдлын хувьд аюулд ордог.

Арван зарлигт чи бүү завхайр гэсэн нь гэрлэсэн эр эхнэрээсээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй байх эсвэл гэрлэсэн эмэгтэй нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй байх зарлигийг багтаадаг (Гэтлэл 20:14-ийг үзнэ үү). Төлөөлөгч Паул хэлэхдээ, энэ бол “Бурханы хүсэл” бөгөөд бид “садар самууныг цээрлэх” ёстой буюу гэрлээгүй хэн нэг нь өөр нэгэнтэй бэлгийн харьцаанд орохгүй байх ёстой гэсэн (1 Tесалоник 4:3). Хожмын үеийн бошиглогчид эдгээр гэм нүглийн болон бэлгийн хүчирхийллийн хилэнцэт явдлын эсрэг олонтоо ярьдаг.

Ариун явдлын хуулийн бусад зөрчилтэй адил ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох нь ноцтой нүгэл юм. Энэ нь хүмүүний бэлгийн харьцааны зорилгын эсрэг зүйл (Ром 1:24–32-ыг үзнэ үү). Энэ нь хайр энхрийллийн харьцаа холбоог гажуудуулж, гэр бүлийн амьдрал дээр авч болох адислалуудыг мөн сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авахад хүмүүст саад болдог.

Зөвхөн гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаанаас татгалзах нь хувь хүний цэвэр ариун байдлын Их Эзэний жишигт хангалттай бус юм. Их Эзэн Өөрийн шавь нараас ханьдаа бодол, үйлдлээрээ үнэнч байх зэрэг ёс суртахууны өндөр жишгийг шаарддаг. Уулан дээрх номлолдоо Тэрээр: “’Чи бүү завхайр’ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм” (Матай 5:27–28) хэмээн хэлсэн. Тэрээр хожмын өдрүүдэд “Чи … садар самууныг үйлдэх ёсгүй, … тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (С ба Г 59:6) хэмээн хэлсэн. Мөн Тэрээр Уулан дээрх номлолынхоо үеэр заасан “Мөн би өмнө нь хэлсэнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, эмэгтэй хүнийг тачаангуйгаар харах тэрээр, эсвээс хэрэв хэн нэг нь зүрх сэтгэлдээ садар самууныг үйлдэх аваас, тэдэнд Сүнс байх нь үгүй, харин тэд итгэлийг үгүйсгэж мөн эмээх болно” (С ба Г 63:16) гэсэн зарчмыг дахин онцолсон билээ. Эдгээр сэрэмжлүүлэг бидний гэрлэсэн эсвэл ганц бие эсэхээс үл хамааран бүгдэд хамаатай.

Хэрэв та бэлгийн харьцааны нүгэл үйлдсэн бол бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилц. Тэгснээр тэрээр танд наманчлалын үйл явцаар дамжуулан тусалж чадна (“Наманчлал,” х.133-ыг үзнэ үү).

Хэрэв та бэлгийн харьцааны талаар уруу татагдсан, түүний дотор ижил хүйстэнд сэтгэл татагдах мэдрэмжтэйгээ тэмцэж байгаа бол энэ уруу таталтад бүү бууж өг. Та эдгээр зан байдлаас татгалзах сонголтыг хийж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Та хүчирхэг байдлын төлөө залбирч, энэ асуудлаа даван туулахын тулд хичээвэл Их Эзэний тусламжийг хүлээн авч чадна. Энэ үйл явцын нэг хэсэг болгон, та бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө хүс. Тэрээр чамд туслах болно.

Ариун явдлын хуулийг сахих

Уруу таталт хэчнээн хүчтэй байсан ч хэрвээ та Их Эзэнийг дагахыг сонговол Тэрээр уруу таталтыг эсэргүүцэхэд тань туслах болно. Төлөөлөгч Паул “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно” (1 Коринт 10:13) хэмээн тунхагласан. Дараах зөвлөгөө өнөөгийн дэлхийн байнгын, тод томруун уруу таталтыг эсэргүүцэхэд тань тусалж чадна.

Ариун явдалтай байх шийдвэрээ одоо гарга.

Энэ шийдвэрийг та нэг л удаа гаргах хэрэгтэй. Уруу таталттай тулгарахаас өмнө одоо шийдвэр гарга. Гаргасан шийдвэртээ тууштай, хэзээ ч ганхахгүй, шийдвэрээсээ буцахгүй бай. Та зөвхөн гэрлэлтийн хүрээнд илэрхийлэгдэж болох хүчтэй сэтгэл хөдлөлийг өдөөх, гэрлэлтээс гадуурх ямар ч зүйлийг хийхгүй байх шийдвэрийг одоо гарга. Өөрийн болон бусдын бие махбодод ийм мэдрэмжийг бүү өг. Ханьдаа бүрэн дүүрэн үнэнч байх шийдвэрийг одоо гарга.

Өөрт төрсөн бодлыг хяна.

Хэн ч бэлгийн харьцааны нүглийг гэв гэнэт үйлддэггүй. Ёс суртахуунгүй үйлдэл үргэлж цэвэр бус бодлоос үүдэлтэй байдаг. Хэрэв та бодол санаагаа бузар эсвэл ёс суртахуунгүй зүйлд анхаарахыг зөвшөөрвөл та аль хэдийнээ ёс суртахуунгүй байдлын анхны алхмыг хийчихсэн байна гэсэн үг. Нүгэл рүү хөтлөх аливаа нөхцөл байдлаас даруй чөлөөлөгд. Уруу таталтыг эсэргүүцэх, бодол санаагаа хянахын тулд хүч чадал гуйн байнга залбир. Үүнийг өдөр тутмын залбиралдаа оруулж бай.

Порнографаас хол бай.

Бэлгийн харьцааны мэдрэмж төрүүлэх үүднээс хүмүүний бие эсвэл бэлгийн харьцааг үзүүлдэг, дүрсэлдэг ямарваа зүйлсийг бүү сонс, бүү унш мөн бүү үз. Порнографын материалууд донтуулах болон хөнөөх аюултай. Тэдгээр нь танаас өөрийгөө хүндлэх үзэл хийгээд амьдралын гоо сайхныг харах чадварыг булаан авч чадна. Тэдгээр нь таны өөрийгөө хянах чадварыг алдагдуулж, хилэнцэт бодол санаа хийгээд хүчирхийллийн үйлдэл рүү хөтөлж чадна.

Хэрэв та ганц бие бөгөөд хэн нэгэнтэй болзож байгаа бол болзож буй хүнээ хүндэл.

Түүнийг хэзээ ч тачаангуй хүслээ хангахад ашиглах ямар нэг зүйл болгож болохгүй. Ямар ч хийх юмгүй хоёулхнаа үлдэхгүйн тулд эерэг, бүтээлч үйл ажиллагааг хянуур төлөвлө. Өөрийгөө хялбархан удирдаж болох аюулгүй газарт бай. Бэлгийн харьцааны мэдрэмжийг өдөөх харилцан яриа юм уу үйл ажиллагаанд бүү оролц. Шунамхайран үнсэлцэх, хамт зэрэгцэж юм уу нөгөө хүнийхээ дээр нь хэвтэх, хувцастай, хувцасгүй үед нөгөө хүнийхээ хувийн, ариун хэсэгт хүрэх зэрэгт бүү оролц. Эдгээр зүйлийг тантай хийхийг хэн нэгэнд зөвшөөрч болохгүй.

Хэрэв та гэрлэсэн бол бодол санаа, үг яриа, үйлдлээрээ хань ижилдээ үнэнч бай.

Их Эзэн “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой. Мөн эмэгтэй хүнийг тачаангуйгаар хардаг тэрээр итгэлийг үгүйсгэнэ, мөн Сүнстэй байх нь үгүй болно; мөн хэрэв тэрээр үл наманчилбаас тэрээр зайлуулагдах ёстой” (С ба Г 42:22–23) хэмээн хэлсэн. Аливаа хэлбэрээр бүү сээтэгнэ. Эсрэг хүйсийнхээ хүнтэй ганцаараа үлдэхээс аль болох зайлсхий. Хэрвээ таны үг, үйлдлийг хань тань мэдвэл түүнд таалагдах эсэхийг өөрөөсөө асуу. Төлөөлөгч Паулын “ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ” (1 Tесалоник 5:22) гэх зөвлөгөөг сана. Таныг эдгээр нөхцөл байдлаас хол байх үед уруу таталт цаашид даамжрах боломжгүй юм.

Наманчилсан хүнийг өршөөх

Хамгийн сайн арга зам бол ёс суртахууны хувьд бүрэн дүүрэн цэвэр ариун байх явдал юм. Дараа нь наманчилна гэсэн бодолтойгоор бэлгийн харьцааны нүгэл үйлдэх нь буруу. Ийм хандлага бол нүгэл бөгөөд Их Эзэнд болон Түүнтэй байгуулсан гэрээндээ бишрэл хүндэтгэлгүй хандаж байгаагаа харуулдаг. Гэхдээ та бэлгийн харьцааны нүгэл үйлдээд, наманчилбал Их Эзэн өршөөлийг санал болгодог.

Наманчлах хэцүү ч гэсэн боломжтой зүйл юм. Та дахин цэвэр болох боломжтой (Исаиа 1:18-ыг үзнэ үү). Нүглийн цөхрөл нь өршөөлийн амар амгалангаар солигдож чадна. Наманчлахын тулд юу хийх ёстойгоо мэдэхийн тулд 133–138-р хуудасны “Наманчлал” гэдгийг үзнэ үү.

Дууллын дараах үгсийг удирдамжаа болгон, ариун сүмд орох зохистой байх тэр өдрийн төлөө ажилла.

“ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ?

Цэвэр гартай, ариун зүрхтэй хүн” (Дуулал 24:3–4).