Бусад эх сурвалж
Саад бэрхшээл


“Саад бэрхшээл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152–157

“Саад бэрхшээл,” Итгэлдээ үнэнч байх нь, 152–157

Саад бэрхшээл

Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөний нэг хэсгийн хувьд мөнх бус байдалд та нар саад бэрхшээлтэй тулгардаг. Хүнд сорилт, урам хугарал, гуниг гутрал, өвчин эмгэг, сэтгэлийн зовлон зэрэг нь амьдралын хүнд хэсэг боловч та Их Эзэнд хандвал тэдгээр нь сүнсний өсөлт, өөрчлөлт хийгээд хөгжил рүү удирдана.

Саад бэрхшээл янз бүрийн эх сурвалжаас шалтгаалан гардаг. Магадгүй та дуулгаваргүй байдал болоод бардам зангийнхаа үр дагаврын улмаас хүнд сорилттой тулгарч болно. Зөв шударга амьдарснаар эдгээр хүнд сорилтыг зайлуулж чадна. Бусад сорилт нь амьдралын нэгээхэн хэсэг бөгөөд заримдаа тэдгээр нь таныг зөв шударга амьдарч байхад ч ирж болно. Жишээ нь: та өвдөх юм уу тодорхой бус байдалд орох үедээ эсвэл хайртай хүмүүс тань нас барах цагт хүнд сорилтуудтай тулгарч болно. Саад бэрхшээл заримдаа бусдын буруу сонголт, хор хөнөөлтэй үг, үйлдлээс болж үүсдэг.

Саад бэрхшээлд итгэлээр хандах

Эдүгээ болон мөнх оршихуйн аль алин дахь таны аз жаргал, амжилт ололт амьдралын хүнд сорилтуудад хэрхэн хандахаас тань ихээхэн хамаарна.

Мормоны Номын цэдэг саад бэрхшээлд өөр өөрөөр хандсан хандлагыг харуулдаг. Бошиглогч Лихай гэр бүлийнхээ хамт олон хоног цөлд явах үедээ хоол хүнс олж идэхийн тулд нум сум агсаж, ан гөрөө хийж байжээ. Лихайн хөвгүүдийг нум сумаа ашиглаж чадахгүй болоход гэр бүл нь саад бэрхшээлтэй тулгарав. Лемен, Лемүел хоёрын нум хөвчгүй, Нифайн нум хугарсан байлаа. Өлсөж ядарсан Лемен, Лемүел хоёр Их Эзэний эсрэг гомдоллож эхлэв. Тэр ч байтугай Лихай ч бувтнаж эхэлжээ. Нөгөө талаас, харин Нифайн урам хугарсангүй. Тэрээр хөдөлмөрлөхөөр явав. Тэрээр “Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, модоор нум, шулуун саваагаар сум хийв; иймийн тул, би өөрийгөө нум сум, дүүгүүр бас чулуугаар зэвсэглэв. Мөн би эцэгтээ хандан: Хааш одож би хүнс залгуулах билээ” гэжээ. Нифайн ийнхүү хэлэхийг сонсоод, дарууссан Лихай Их Эзэнээс хаашаа явж, хүнс залгуулж болохыг асуужээ. Их Эзэн түүний залбиралд хариулж, Нифайг хүнс олж болох газар руу удирджээ. (1 Нифай 16:15–31-ийг үзнэ үү.)

Зарим хүн саад бэрхшээлтэй тулгарах үедээ Лемен, Лемүел хоёртой адил байдаг. Тэд гомдоллож, хорсож эхэлдэг. Тэд “Энэ явдал яагаад надад тохиолдох ёстой юм бэ? Яагаад одоо би ингэж зовж шаналах ёстой вэ? Би юу хийсэн болохоор ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” гэх мэтээр асуудаг. Гэвч эдгээр асуулт хүмүүсийн бодол санааг давамгайлах хүчтэй. Ийм асуултууд хүмүүсийг харалган болгож, хүч энергийг нь сорон, Их Эзэний тэдэнд өгөхийг хүссэн туршлагыг хүлээн авахад саад болдог. Ийм байдлаар хариу үйлдэл үзүүлэхийн оронд та Нифайн жишээг дага. “Би юу хийх хэрэгтэй вэ? Энэ туршлагаас би юу ойлгож авч болох вэ? Юуг өөрчлөх ёстой вэ? Би хэнд туслах хэрэгтэй вэ? Хүнд сорилтын үед би олон адислалаа хэрхэн санаж болох вэ?” гэх мэтээр асуухыг бодоорой.

Олон янзын саад бэрхшээлд олон янзын хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай болдог. Жишээлбэл, өвчинд нэрвэгдсэн бол та ердөө л тэвчээртэй, итгэлтэй байх хэрэгтэй. Та бусдын үг, үйлдлээс болж зовж, шаналж байгаа бол таныг гомдоосон хүмүүсийг уучлахыг хичээж ажилла. Хэрэв та хүчирхийллийн хохирогч бол яаралтай тусламж эрэлхийл. Хэрэв таны дуулгаваргүй байдлаас болж саад бэрхшээл тулгарч байгаа бол зан авираа засан, өршөөл эрэлхийлж, даруу байх хэрэгтэй.

Саад бэрхшээлд таны үзүүлж буй хариу үйлдэл янз бүр байж болох ч нэг хариу үйлдэл болох Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ тууштай байлгах хэрэгтэй. Бошиглогч Алма “Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ” (Aлмa 36:3) хэмээн заасан.

Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх

Та Эцэг, Хүү хоёрт итгэхдээ, Тэд таныг төгс хайрладаг бөгөөд таныг аз жаргалтай байгааасай хэмээн хүсдэг мөн сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд тань тусалдаг гэдэгт итгэлтэй байдаг. Та зарлигуудыг дагадаг. Та Тэдний хүслийг мэдэхийг эрэлхийлдэг бөгөөд таны хүсэж байгаагаас өөр зүйл шаардахад та биелүүлдэг. Тайтгарал гуйсан залбирал тань Тэнгэрлэг Эцэг бүх хэргийг нэг дор шийдвэрлэхгүй, учир нь Тэр таныг үргэлжлүүлэн суралцан, өсөж хөгжиж болохын тулд хүлээх боломж олгодог гэдгийг ойлгох ойлголтыг өгдөг. Та энэ бүхнээс, тухайлбал Аврагч сорилтуудыг тань төгс ойлгодог гэсэн баталгаанаас тайтгарал олдог. Тэрээр хэмжээлшгүй Цагаатгалынхаа нэг хэсэг болгон, “өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг” өөр дээрээ авсан. Тэрээр Өөртөө “түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг” (Алмa 7:11–12) авсан. Учир нь Тэрбээр таны өвчин шаналлыг Өөрийн биеэр амссан учраас танд хэрхэн туслахаа мэддэг. Таныг Түүнд итгэлтэй хандах үед Тэр тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулахад тань хүчирхэгжүүлнэ.

Саад бэрхшээл тулгарсан үед Их Эзэнд найдахыг хичээх үедээ бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн дараах зөвлөгөөг санаарай.

“Гай зовлон тохиолдоход итгэлтэй байдаг түүний, мөнхүү түүний шагнал нь тэнгэрийн хаант улсад илүү агуу бөлгөө.

Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй.

Учир нь их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой” (С ба Г 58:2–4).

Саад бэрхшээлтэй үед амар амгалан, баяр баясгалан олох

Та саад бэрхшээл, уйтгар гунигтай тэмцэхдээ амар амгалан, баяр баясгаланг олж чадна. Мормоны Ном энэхүү үнэнийг сурсан зөв шударга хүмүүсийн цэдгийг агуулдаг. Харгис захирагчийн доор боолчлолд шаналсан тэр хүмүүс Бурханд зүрх сэтгэлээ юүлж байсан (Мозая 24:8–12-ыг үзнэ үү). Их Эзэн ийнхүү хариулсан байдаг.

“Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.

Мөн та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд би үүнийг хийх болно” (Moзая 24:13–14).

Хүмүүс “ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой” (Moзая 24:15) хэмээн итгэлтэйгээр хариулсан.

Энэ зөв шударга хүмүүсийн адил та Их Эзэн таныг саад бэрхшээлд тань хүчирхэгжүүлэх болно гэдгийг мэдээд, “баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдаж” чадна. Тэрээр “та нарын зовж зүдэрсэн бүх зүйл мөн миний нэрний алдар суутай нийлээд та нарын сайн сайхны төлөө ажиллах болно” (С ба Г 98:3) хэмээн амласан.