Бусад эх сурвалж
Баптисм


“Баптисм,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 43–49

“Баптисм,” Итгэлдээ үнэнч байх нь, 43–49

Баптисм

Мормоны Номд сайн мэдээнээс суралцаж, Мормон хэмээх газар баптисм хүртсэн хэсэг бүлэг хүний тухай өгүүлдэг. Баптисм хүртсэн цагаасаа тэд тэнд байхдаа “Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн” (Мозая 18:30) учраас Мормоныг гоо үзэсгэлэнгийн газар хэмээн нэрийджээ. Тэд гэрчлэл, баптисмын гэрээгээрээ хүчирхэгжсэнээр сорилт бэрхшээлтэй үед ч гэсэн Их Эзэнд итгэлтэй хэвээр үлджээ (Moзая 23–24-ийг үзнэ үү).

Мормоны Номын цэдэгт гардаг хүмүүсийн адил та баптисмынхаа гэрээ, Их Эзэний танд өгсөн амлалтыг санан, баяр хөөртэй байж чадна. Та саяхан эсвэл олон жилийн өмнө баптисм хүртсэн эсэхээсээ үл хамааран баптисмын ёслолоос хүч чадал олж чадна.

Мөнх амьдралын зам дээр гарах

Баптисм бол сайн мэдээний авралын анхдагч ёслол юм (Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү). Санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдсэн баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болдог.

Та баптисм хүртэхдээ Аврагчийн жишээг дагах хүсэлтэй байгаагаа харуулсан. Тэр нүгэлгүй байсан ч бас баптисм хүртсэн. Түүний Иохан Баптистад тайлбарласнаар, Тэр “зөв шударгыг гүйцэлдүүлэхийн” (Maтай 3:13–17-г үзнэ үү) тулд баптисм хүртэх хэрэгтэй байсан.

Мөнх амьдралыг эрэлхийлдэг бүх хүн баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар Аврагчийн жишээг дагах ёстой. Аврагч “[бидний] орох ёстой хаалгыг үзүүлсэн. Тухайлбал [бидний] орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой; мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө. Мөн чингээд та нар энэхүү мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд байх болно” (2 Нифай 31:17–18) хэмээн бошиглогч Нифай хэлжээ. Хэрэв бид авралын бусад ёслолыг хүлээн авч, гэрээнүүдээ сахин, эцсээ хүртэл тэвчвэл мөнх амьдралыг хүлээн авах болно.

Их Эзэний арга замаар баптисм хүртэх

Аврагч бошиглогч Иосеф Смитэд ёслол нь санваарын эрх мэдэлтэй нэгнээр гүйцэтгэгдэх ёстой бөгөөд усанд умбуулан хийгдэх ёстой гэдгийг тодорхой болгон, баптисмын жинхэнэ арга замыг илчилжээ.

“Бурханаас дуудагдаж, мөн баптисм хүртээх эрх мэдлийг Есүс Христээс авсан хүн, өөрийгөө баптисмд авчирсан тэр хүний хамт ус уруу орж, түүнийг нэрээр нь дуудан хэлэх нь: Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен.

Тэгээд тэрээр түүнийг усанд умбуулж, мөн уснаас дахин гаргана” (C ба Г 20:73–74).

Усанд умбуулах нь тухайн хүний нүгэлт амьдралын төгсгөл буюу “үхлийн,” түүнчлэн Бурханы болон Түүний хүүхдүүдийн үйлчлэлд бүхнээ зориулах сүнслэг амьдралд дахин төрж буйн бэлгэдэл юм. Энэ нь бас үхэл, амилуулалтын бэлгэдэл мөн. (Ром 6:3–6-г үзнэ үү.)

Бяцхан хүүхдүүд ба баптисм

Хожмын үеийн илчлэлтээс бид бяцхан хүүхдүүд Есүс Христийн нигүүлслээр дамжуулан гэтэлгэгдэнэ гэдгийг мэднэ. Их Эзэн “тэд нүгэл үйлдэж эс чадна, учир нь тэд миний өмнө хариуцлага хүлээж эхлэх хүртэл бага насны хүүхдүүдийг уруу татах хүч Сатанд өгөгдсөн нь үгүй” (С ба Г 29:46–47-г үзнэ үү) хэмээн хэлсэн. Тэд хариуцлага хүлээж эхлэх чадвартай болох үе буюу Их Эзэний илчилснээр найман нас хүртлээ баптисм хүртэхгүй (С ба Г 68:27; Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 17:11-ийг үзнэ үү). Бяцхан хүүхдэд баптисм хүртээх хэрэгтэй гэж хэлэх хэн боловч “Христийн нигүүлслийг үгүйсгэж мөн Түүний Цагаатгал, Түүний гэтэлгэлийн хүчийг юу ч бус хэмээн үзэж буй хэрэг юм” (Moронай 8:20; 8–19, 21–24-р шүлгүүдийг үзнэ үү).

Таны баптисмын гэрээ

Та баптисм хүртэх үедээ Бурхантай гэрээ байгуулдаг. Та өөр дээрээ Есүс Христийн нэрийг авч, зарлигуудыг нь даган, Түүнд эцсээ хүртэл үйлчлэхээр амласан (Moзая 18:8–10; С ба Г 20:37-г үзнэ үү). Та уг гэрээг ариун ёслолоос хүртэх болгондоо шинэчилдэг (20:77, 79-ийг үзнэ үү).

Есүс Христийн нэрийг Өөр дээрээ авах.

Та Есүс Христийн нэрийг өөр дээрээ авснаар өөрийгөө Түүнийх хэмээн үздэг. Та амьдралдаа Түүнийг болон Түүний ажлыг эхэнд тавьдаг. Та өөрийн хүслийг юм уу дэлхийн заадаг зүйлсийг бус, харин Түүний хүслийг эрэлхийлдэг.

Мормоны Номд хаан Бенжамин Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах нь яагаад чухал байдгийг ийн тайлбарладаг.

“Түүгээр аврал ирэх үүнээс өөр нэр гэж үгүй; тиймийн тул, та нарыг, амьдралынхаа төгсгөлийг хүртэл дуулгавартай байхаар Бурхантай гэрээнд орсон та нар бүгдийг Христийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн аваасай хэмээнэ.

Мөнхүү улиран тохиох дор үүнийг хийсэн нь Бурханы баруун гар талд олдох болно, учир нь тэрээр өөрийн нэрлэгдсэн нэрээ мэдэх болно; учир нь тэрээр Христийн нэрээр нэрлэгдэх болно.

Мөнхүү улиран тохиох дор Христийн нэрийг өөр дээрээ авахгүй хэн боловч өөр ямар нэгэн нэрээр нэрлэгдэх ёстой; тиймийн тул, тэрээр Бурханы зүүн гар талд өөрийгөө олох буюу” (Moзая 5:8–10).

Зарлигуудыг сахих.

Таны баптисмын гэрээ бол дэлхийгээс өөрийгөө тусгаарлан, “мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн” Бурханы гэрч болж, Бурханы хаант улс руу очих амлалт мөн (Moзая 18:9). Бурханы гэрч болон зогсох таны хичээл зүтгэлд таны хэлдэг, хийдэг бүх зүйл хамрагдана. Үргэлж Их Эзэний зарлигуудыг санаж мөн сахихын төлөө хичээ. Бодол санаа, үг, үйлдлээ цэвэр ариун байлга. Кино, зурагт, интернэт, дуу хөгжим, ном, сонин сэтгүүл гэх мэт үзвэр үйлчилгээг үзэх, сонсох, уншихдаа болгоомжтой хандаж, зөвхөн урамшуулан дэмжих тэрхүү зүйлсийг сонгоорой. Даруу хувцасла. Мөнхийн зорилгодоо хүрэхэд тань дэмжих найз нөхдийг сонго. Ёс суртахуунгүй байдал, порнограф, мөрийтэй тоглоом, архи, тамхи болон хууль бус мансууруулах бодис зэргээс хол бай. Ариун сүмд ороход зохистой бай.

Их Эзэнд үйлчлэх.

Дэлхийн зүйлсээс өөрийгөө тусгаарла гэдэг зарлиг нь өөрийгөө бусдаас тусгаарла гэсэн үг биш юм. Баптисмын гэрээний нэг хэсэг бол Их Эзэнд үйлчлэх явдал бөгөөд та бусад хүнд үйлчилснээрээ Түүнд хамгийн сайнаар үйлчилж байна гэсэн үг. Бошиглогч Алма баптисмын гэрээний тухай заахдаа: бид “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд” мөн “гашуудахад … тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах” (Moзая 18:8–9) ёстой гэж хэлсэн. Бусадтай харьцахдаа Есүс Христийн жишээг даган, бүх хүнд сайхан сэтгэлээр хүндэтгэлтэй ханд.

Баптисмын амлагдсан адислалууд

Таныг баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ сахих үед Их Эзэн итгэлтэй байдлын тань төлөө адислах болно. Таны хүлээн авдаг зарим адислал бол Ариун Сүнсний байнгын нөхөрлөл, нүглүүдийн ангижрал, сүнсээр дахин төрөх онцгой эрх юм.

Ариун Сүнстэй байнга нөхөрлөх.

Таныг баптисм хүртсэний дараа нэг эсвэл түүнээс дээш Мелкизедик санваартан таны толгой дээр гараа тавин, Ариун Сүнсний бэлэг өгсөн. Энэхүү бэлэг нь таныг зохистой байхын хэрээр Ариун Сүнстэй байнга нөхөрлөх эрх олгодог. Сүнсний байнгын нөхөрлөл бол мөнх бус амьдралдаа хүлээн авч болох хамгийн агуу адислалуудын нэг юм. Сүнс таныг мөнх амьдрал руу хөтлөх зөв шударга, амар амгалангийн замаар удирдах болно.

Нүглээс ангижрах.

Та баптисм хүртсэн учраас нүглүүдээсээ ангижрах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, та Аврагчийн нигүүлслээр өршөөгдөж чадна. Энэхүү адислал танд цаашдаа Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрах зөвшөөрлийг олгодог.

Нүглүүдээсээ ангижрахын тулд та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, чин сэтгэлээсээ наманчлагч байж, зарлигуудыг дагахыг үргэлж хичээх ёстой. Бошиглогч Мормон “Наманчлалын анхны үр жимс бол баптисм юм; мөн итгэлээр ирдэг баптисм зарлигуудыг биелүүлэхэд хүргэдэг; мөн зарлигуудыг биелүүлэх нь нүглийн ангижралыг авчирдаг” (Moронай 8:25) хэмээн заасан. Та Бурханы өмнө өөрийгөө даруусгаж, өдөр бүр залбирлаараа Түүнийг дуудан, итгэлдээ гуйвшгүй байж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх үедээ “нүглүүдийнхээ ангижралыг хадгалдаг” (Moзая 4:11–12, 26-г үзнэ үү).

Дахин төрөх.

Та баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан шинэ амьдралд дахин төрсөн. Аврагч Некодимд “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж үл чадна” (Иoхан 3:5) хэмээн хэлжээ. Нярай хүүхэд төрөхдөө шинэ орчинд орохтой адил та баптисмын гэрээг байгуулснаар шинэ амьдралаа эхлүүлсэн билээ. Та баптисмын гэрээгээ сахин, гэрээгээ шинэчлэхээр ариун ёслолоос хүртэж, нүглээ наманчилбал сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, Аврагчтай илүү адил болж чадна. Бид баптисм хүртэх үедээ “шинэ амийн дотор явах” (Ром 6:4) хэрэгтэй хэмээн төлөөлөгч Паул заасан.

Эцсээ хүртэл тэвчих

Та одоо баптисм хүртээд, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан бөгөөд зөв шударга байхаар үргэлжлүүлэн хичээх ёстой, учир нь эдгээр ёслол Тэнгэрлэг Эцэгтэйгээ эргэн хамт амьдрах аяллын тань зөвхөн эхлэлийг тавьдаг. Бошиглогч Нифай

“Та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой.

Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:19) хэмээн заасан.