“Нэгдмэл байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 144–145
“Нэгдмэл байдал,” Итгэлдээ үнэнч байх нь, 144–145
Нэгдмэл байдал
Аврагч Цагаатгалыг гүйцэлдүүлэхээсээ өмнө, сайн мэдээг заалгуулахаар дэлхий рүү илгээгдсэн Өөрийн шавь нарын төлөө залбирсан. Тэр мөн шавь нарынхаа хэлсэн үгийн учир Өөрт нь итгэх тэдний төлөө залбирсан. Тэрээр нэгдмэл байдлын төлөө: “Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ” (Иохан 17:21) хэмээн залбирсан.
Энэхүү залбирлаас бид сайн мэдээ биднийг Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй мөн бие биенийг маань хэрхэн нэгдмэл болгодгийг сурдаг. Биднийг сайн мэдээгээр амьдран, авралын ёслолуудыг хүлээн авч, гэрээгээ сахих үед зан чанар маань өөрчлөгддөг. Аврагчийн Цагаатгал биднийг ариусгадаг ба бид нэгдмэл байдалд амьдарч, энэ амьдралдаа амар амгаланг мэдрэн, Эцэгтэй болон Түүний Хүүтэй мөнхөд амьдрахаар бэлтгэн амьдарч чадна.
“Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” (C ба Г 38:27) хэмээн Их Эзэн хэлсэн юм. Та нэгдмэл байдлын энэхүү жишгийг гэр бүлдээ болон Сүмд сурталчилж мөн эрэлхийлэх хэрэгтэй. Хэрэв та гэрлэсэн бол та ханьтайгаа хамт нэг зорилго, үйлдэлд нэгдэж чадна. Та хоёр сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, хайр, ойлголцолдоо өсөж хөгжихийн хэрээр өөрсдийнхөө онцлог чанараар бие биенээ нөхөж чадна. Та гэр бүлийн бусад гишүүнтэй болон Сүмийн гишүүдтэй хамтүйлчлэн, бие биедээ заан сургаж, нэг нэгнээ урамшуулснаар нэгдэж чадна. Та Сүмийн ерөнхийлөгч, Сүмийн бусад удирдагчийнхаа үгсийг судалж, зөвлөгөөг нь дагаваас тэдэнтэй нэг болж чадна.
Сүм дэлхий даяар өргөжин тэлэх үед хожмын үеийн гэгээнтнүүд нэгдэж чадна. Бидний зүрх сэтгэл “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд” нэгдэж чадна (Мозая 18:21). Бид хувь хүмүүсийн өөр өөр онцлог байдал болон олон янзын соёлд баярладаг боловч сүнслэг удирдагчдыг дагаж, нэг Эцэгийн хүүхдүүд гэдгээ санахад төрдөг “итгэлийн нэгдлийг” мөн эрэлхийлж чадна (Eфес 4:3–6, 11–13-ыг үзнэ үү).