“Өр төлбөр,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 146
“Өр төлбөр,” Итгэлдээ үнэнч байх нь, 146
Өр төлбөр
Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан “та нар бүх өрөө төлөх нь миний таалал билээ” (С ба Г 104:78) хэмээн Их Эзэн хэсэг бүлэг гэгээнтэнд хэлжээ. Сүмийн эхэн үеэс Их Эзэний бошиглогчид бидэнд өрийн боолчлолоос зайлсхийхийг дахин дахин анхааруулсан.
Өрийн том аюулуудын нэг бол түүнийг дагалдах зээлийн хүү юм. Зээлийн зарим нэг хэлбэр болох зээлийн картууд нь ялангуяа өндөр хүүтэй байдаг. Нэгэнтээ та өрөнд орсон бол хүүд ямар ч өршөөл үгүйг мэдэх болно. Таны ажилтай, ажилгүй, эрүүл, өвчтэй эсэх нөхцөл байдлаас тань үл хамааран хүү нь хуримтлагдсаар байдаг. Өрийг барагдуулах хүртэл хүү хэзээ ч холдохгүй. Бага хүү, эсвэл тодорхой хугацааны туршид хүүгүй байхыг амлан, өрийг сэтгэл татахуйц болгосон ч гэсэн зээл санал болгогчдод бүү хуурт.
Санхүүгийнхээ нөхцөл байдлыг хянаж үз. Чадах чинээгээрээ өрнөөс зайлсхийн, худалдан авалтдаа өөрийгөө сахилгажуул. Та ихэнх тохиолдолд өөрийн нөөц бололцоог ухаалгаар зохицуулснаар өрнөөс зайлсхийж чадна. Энгийн байр худалдан авах эсвэл сургуулиа дүүргэхийн тулд боломжийн хэмжээтэй өр тавивал аль болох хурдан буцааж төлөхөөр ажиллаж, өөрийгөө өрийн боолчлолоос чөлөөл. Та өрөө төлж дуусаад, хадгаламжид мөнгө хуримтлуулах үед өөртөө тохиолдох санхүүгийн хүндрэл бэрхшээлүүдэд бэлтгэлтэй байх болно. Та гэр бүлдээ хамгаалалттай болох бөгөөд зүрх сэтгэлд тань амар амгалан орших болно.