“Бусдыг шүүх нь,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 62–63
“Бусдыг шүүх нь,” Итгэлдээ үнэнч байх нь, 62–63
Бусдыг шүүх нь
Заримдаа бусдыг ямар нэг байдлаар шүүх нь буруу гэж хүмүүс мэдэрдэг. Бусдыг шударга бусаар шүүх буюу зэмлэх нь буруу байдаг ч танд амьдралынхаа турш бодол санаа, нөхцөл байдал, хүмүүсийн талаар шүүн үзэж байх хэрэг гарна. Танд шүүлт хийхгүйгээр дагаж чадахааргүй олон зарлигийг Их Эзэн өгсөн билээ. Жишээлбэл, Тэрээр: “Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. … Та нар тэднийг үр жимсээр нь танина” (Maтай 7:15–16), “Та нар ёс бусчуудын дундаас гарч явагтун” (C ба Г 38:42) хэмээн хэлсэн. Та найз нөхдөө сонгох, засгийн газрын удирдагчдын төлөө саналаа өгөх, мөнхийн ханиа сонгох зэрэг олон чухал шийдвэртээ хүмүүсийг шүүн үзэх хэрэгтэй болдог.
Шүүлт нь сонголтын чухал хэрэглүүр бөгөөд ялангуяа таныг бусад хүнийг шүүн үзэхэд маш их анхаарал шаарддаг. Таны бүхий л шүүлт шударга жишгээр удирдуулагдах ёстой. Хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг Бурхан л хувь хүмүүсийн хамгийн эцсийн шүүлтийг хийж чадна гэдгийг сана (Илчлэл 20:12; 3 Нифай 27:14; C ба Г 137:9-ийг үзнэ үү).
Биднийг бусдыг шүүхэд маань удирдахын тулд Их Эзэн дараах сануулгыг өгсөн. “Учир нь та нар ямар шүүлтээр шүүнэ, та нар түүгээрээ шүүгдэх болно; мөн та нар ямар хэмжээгээр хэмжинэ, та нар тэрчлэн хэмжигдэх болно. Мөн чи яагаад ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг болгоодог хэрнээ өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй билээ? Эс бөгөөс чи ах дүүдээ: Нүдэн дэх үртсийг чинь аваад өгье хэмээн—мөн болгоогтун, өөрийн тань нүдэнд дүнз байхад хэрхэн хэлэх билээ? Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг гаргаж хая; мөн тэгээд чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхаа сайн харах болно” (3 Нифай 14:2–5).
Энэхүү судрын хэсэгт Их Эзэн бидний олж хардаг бусдын буруу тал тэр хүний нүдэн дэх жаахан үртэс мэт байдаг бол бидний өөрсдийн буруу үүнтэй харьцуулбал бидний өөрсдийн нүдэнд аварга том дүнз мод мэт байдаг гэдгийг заадаг. Бид өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой атал заримдаа бусдын алдаан дээр төвлөрдөг.
Бусдын тухай таны шударга шүүлт тэдэнд хэрэгцээтэй удирдамж нь болж өгдөг бөгөөд зарим тохиолдолд та болон таны гэр бүлд хамгаалалт болдог. Шүүн үзэхдээ анхааралтай, нигүүлсэнгүй бай. Чадах чинээгээрээ хүмүүсийг шүүхээс илүүтэй, хүмүүсийн нөхцөл байдлыг шүү. Боломжтой бол, хангалттай баримт нотолгоотой болохоос нааш шүүхээс зайлсхий. Шийдвэрүүдийг тань удирдаж чадах Ариун Сүнсэнд үргэлж мэдрэмжтэй ханд. Хүү Кориантондоо өгсөн Алмагийн зөвлөгөөг санагтун. “Өөрийн ах дүүстээ нигүүлсэнгүй байхаа мэд; шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд” (Aлмa 41:14).