“Нигүүлсэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 138–139
“Нигүүлсэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 138–139
Нигүүлсэл
Тэнгэрлэг Эцэг бидний сул дорой байдал мөн нүглүүдийг мэддэг. Тэр бидний нүглийг уучлан, биднийг Түүний оршихуйд эргэн амьдрахад туслахдаа нигүүлсэл үзүүлдэг.
Ийм энэрэнгүй байдал нь цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадна хэмээн шаарддаг шударга ёсны хуультай зөрчилдөж болохоор санагдаж магад (1 Нифай 10:21-ийг үзнэ үү). Гэвч Есүс Христийн Цагаатгал үүнийг Бурханд “төгс, шударга Бурхан мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байх” (Aлма 42:15) боломжийг олгосон.
Бурханы нигүүлслийг хүлээн авах
Аврагч бидний оронд зогсож, бидний нүглийн шийтгэлд зовж шаналж байхдаа шударга ёсны шаардлагыг биелүүлсэн. Энэхүү амиа үл бодсон үйлдлийнх нь улмаас Эцэг нигүүлсэлтэйгээр биднээс шийтгэлийг буцааж, биднийг Түүний оршихуйд урин оруулж чадна. Их Эзэний өршөөлийг хүртэхийн тулд бид нүглээ чин сэтгэлээсээ наманчлах ёстой. Бошиглогч Алмагийн зааснаар, “Шударга ёс нь өөрийн бүх шаардлагуудыг гүйцээж, мөн түүнчлэн нигүүлсэл нь өөрийн болох бүгдийг өөртөө харьяалуулдаг; мөн тийн, үнэнээр гэмшигчээс өөр хэн ч аврагдахгүй (Aлма 42:24; 22–23, 25-р шүлгүүдийг үзнэ үү).
Нүглийн уучлал нь зөвхөн Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс ирсэн нигүүлслийн бэлэг биш юм. Таны хүлээн авдаг адислал бүр таны өөрөө олж авч чадахаас хавьгүй илүү нигүүлслийн үйлдэл юм. Мормон: “Сайн болох бүх зүйл Христээс ирдэг; өөрөөр бол хүмүүн нь унасан байсан, мөн тэдэнд ямар ч сайн зүйл ирэх аргагүй байсан билээ” (Moронай 7:24) гэж заасан. Жишээ нь, Тэнгэрлэг Эцэг залбирлыг тань сонсож, хариулах үед болон Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах үед мөн та санваарын хүчээр дамжуулан өвчнөөсөө эдгэрэх үедээ тэнгэрлэг нигүүлслийг хүлээн авагч болдог билээ. Иймэрхүү бүх адислал нь таны дуулгавартай байдлын үр дүн болж ирдэг ч та дан ганц өөрийнхөө идэвх зүтгэлээр үүнийг хэзээ ч хүлээн авч чадахгүй. Тэдгээр нь хайрлан, энэрдэг Эцэгээс ирдэг нигүүлслийн бэлгүүд билээ.
Бусдыг нигүүлсэх
Аврагч шавь нартаа хандан зарлиглахдаа: “Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай” (Лук 6:36) хэмээсэн. Та Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийн жишээг бусадтай харьцах харьцаандаа дагаж чадна. Хийрхэл, бардамнал, их зангаас амьдралаа хол байлгахыг хичээ. Бусдын дутагдлыг мэдсэн үедээ ч хайр халамжтай, хүндэтгэлтэй, уучламтгай, зөөлөн болон тэвчээртэй байх замыг эрэлхийл. Ийнхүү үйлдвэл, таны жишээ бусдыг нигүүлсэнгүй байхад удирдах ба та Бурханы нигүүлслийг ихээр хүртэх болно.