“Гэрчлэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 79–81
“Гэрчлэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 79–81
Гэрчлэл
Гэрчлэл бол Ариун Сүнсээр хувь хүнд өгөгддөг сүнслэг гэрч юм. Гэрчлэлийн үндэс суурь бол Тэнгэрлэг Эцэг амьдардаг мөн бидэнд хайртай; Есүс Христ амьдардаг; Тэр бол Бурханы Хүү, Тэрээр хэмжээлшгүй Цагаатгалыг гүйцэтгэсэн; Иосеф Смит сайн мэдээг сэргээхээр дуудагдсан Бурханы бошиглогч; бид өнөөдөр амьд бошиглогчоор удирдуулдаг; Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх үнэний Сүм гэсэн мэдлэг билээ. Ийм суурьтай гэрчлэл нь сайн мэдээний бүх зарчмыг багтаахаар өсөн нэмэгддэг.
Гэрчлэлтэй болж, хүчирхэгжүүлэх
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд танд гэрчлэлтэй болох ариун нандин боломж хийгээд үүрэг хариуцлага байдаг. Та гэрчлэлтэй болсноор амьдралынхаа туршид арчлах үүрэг хүлээдэг. Энэхүү амьдрал дахь болон мөнх оршихуй дахь таны аз жаргал “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” байхаас ихээхэн хамаарна (C ба Г 76:79 мөн 51, 74, 101-р шүлгүүдийг үзнэ үү). Та энэхүү үйл явц дээр ажиллахдаа дараах зарчмуудыг санаарай.
Гэрчлэлийн эрэл зөв шударга, чин сэтгэлийн хүслээс эхэлдэг.
Тэнгэрлэг Эцэг таныг зүрх сэтгэлийн шударга хүсэл болон Түүний хүслийг биелүүлэх хичээл зүтгэлийн дагуу адислах болно. Сайн мэдээний хараахан гэрчлэлгүй байгаа бүлэг хүнд Алма заахдаа: “Хэрэв та нар миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр” (Алма 32:27) хэмээсэн.
Ариун Сүнсний нам гүм нөлөөгөөр дамжуулан гэрчлэл ирдэг.
Гэрчлэлийн үр дүн гайхамшигтай байж, амьдралыг өөрчлөхөөр байж болох ч гэрчлэлийн бэлэг ихэвчлэн Бурханы хүчийг онцгойлон үзүүлж харуулахгүйгээр чимээгүй баталгаагаар ирдэг. Тэнгэр элчийг айлчлуулан мөн Бурханыг сэнтийдээ заларч байсныг харсан Алма ч мацаг барьж залбирах хэрэгтэй болсон бөгөөд ингэснээр гэрчлэлээ Ариун Сүнсний хүчээр дамжуулан хүлээн авч чадсан (Aлма 5:45–46; 36:8, 22-ыг үзнэ үү).
Туршлагуудаар дамжуулан таны гэрчлэл аажимдаа өсөн нэмэгдэнэ.
Хэн ч бүрэн гүйцэд гэрчлэлийг нэг дор хүлээн авдаггүй. Туршлагуудаар дамжуулан таны гэрчлэл өсөж, хүчтэй болно. Хаана ч дуудагдсан Сүмдээ үйлчлэх хүсэлтэй байгаагаа үзүүлбэл энэ нь өснө. Зарлигуудыг дагахаар шийдвэрлэвэл энэ нь өсөх болно. Бусдыг хүчирхэгжүүлэн, урамшуулбал гэрчлэл тань өсөн нэмэгдэж буйг та харах болно. Залбирч, мацаг барьж, судраас судалж, Сүмийн цуглаануудад оролцож, бусдын гэрчлэлээ хуваалцаж байгааг сонсвол, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх сүнслэг урмын мөчөөр та адислагдах болно. Иймэрхүү мөчүүд таныг сайн мэдээгээр амьдрахыг хичээх үед амьдралын тань туршид ирнэ.
Таныг гэрчлэлээ хуваалцах тоолонд гэрчлэл тань өсөн нэмэгдэх болно.
Гэрчлэлээ бүрэн хөгжүүлж байж хуваалцана гэж бүү хүлээ. Гэрчлэлээ хуваалцсанаар л хөгждөг. Үнэндээ гэрчлэлээ бусадтай хуваалцвал эргээд өсөн нэмэгдэж, буцаж ирэхийг та олж харах болно.
Гэрчлэл хуваалцах
Та гэр бүл, найз нөхдийнхөө оролцож байгаа мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр мөн ярилцлаган дээр гэрчлэлээ хуваалцаж болно. Ийм үед сэтгэл хөдөлгөсөн урт яриа хэрэггүй гэдгийг сана. Гэрчлэл тань Аврагчийн талаар болон Түүний сургаал болон Сэргээлтийн тухай чин сэтгэлийн итгэл үнэмшилтэй, богино байвал хамгийн хүчтэй байх болно. Удирдамжийн төлөө залбир, тэгвэл Сүнс танд зүрхнийхээ мэдрэмжийг илэрхийлэн гаргахад тусална. Та Их Эзэний өгсөн найдвар, баталгааг олж авахад нь бусдад тусалснаар агуу их баяр хөөрийг олох болно.