Хуучин Гэрээ 2022
11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел: “Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”


“11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел: “Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Сүйт бүсгүй, сүйт залуу хоёр ариун сүмд

11-р сарын 7–13

Хосеа 1–6; 10–14; Иоел

“Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”

Хосеа болон Иоел номыг судлахдаа Сүнсийг урь. Таны зүрх сэтгэл, оюун ухаанд Сүнсний үлдээсэн захиасыг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Израилын Их Эзэнтэй байгуулсан гэрээ гүн гүнзгий, утга учиртай байсан тул Их Эзэн үүнийг гэрлэлттэй харьцуулсан. Гэрээнд гэрлэлт шиг мөнхөд итгэлтэй байх, амьдралын сайн мууг хуваалцах, хамтдаа амьдралаа босгох, нэг нэгэндээ үнэнч байх болон хамгийн чухал нь бүхий л сэтгэл зүрхээрээ хайрлах явдал ордог. Энэ маягаар үнэнч байх нь өндөр хүлээлтийг дагуулдаг бөгөөд үнэнч бус байх нь эмгэнэлт үр дагаврыг авчирдаг. Гэрээгээ зөрчсөнөөс болж израилчуудад тулгарсан зарим үр дагаврыг Бурхан бошиглогч Хосеагаар дамжуулан тоочсон. Гэсэн ч Түүний захиас “Би чамайг үнэнч бус байсны чинь төлөө үүрд хаяна” гэсэн захиас байгаагүй бөгөөд оронд нь “Би [чамайг] уруу татан авчирна” гэсэн байсан (Хосеа 2:14–15-ыг үзнэ үү). “Би зөвт байдлаар чамтай сүй тавина” хэмээн Эзэн тунхаглаж (Хосеа 2:19), “Урвалтыг нь Би эдгээнэ, нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана” (Хосеа 14:4) хэмээсэн юм. Өнөөдөр ч гэсэн Тэрээр биднийг хайр, сүсэг бишрэлээр гэрээгээ сахин амьдрахыг эрэлхийлэхэд энэ л захиасаа өгдөг.

Иоел үүнтэй төстэй нэгэн захиасыг хуваалцжээ. Тэр “Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам” (Иоел 2:13). “ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилын хөвгүүдэд бат цайз болой” (Иоел 3:16) хэмээн хэлсэн. Та Хосеа, Иоел номуудыг уншихдаа, Их Эзэнтэй харилцах харилцааныхаа талаар тунгаан бод. Түүний итгэлтэй байдал таныг Түүнд итгэлтэй байхад хэрхэн сүнслэгээр өдөөдөг талаар бодоорой.

Хосеа, Иоел номуудын тоймыг Bible Dictionary дахь “Hosea, or Hoshea,” “Joel”-ээс уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Хосеа 1–3; 14

Их Эзэн үргэлж намайг Өөр дээр нь эргэж ирэхэд урьдаг.

Хосеагийн эхнэр Гомер түүнд үнэнч байж чадаагүй бөгөөд Бурхан израилчуудад тэдний тухай болон тэдэнтэй байгуулсан гэрээнийхээ талаар бодож мэдэрч явдаг зүйлээ заахын тулд энэхүү гунигт явдлыг дурджээ. Хосеа 1–3-ыг уншиж байхдаа, Их Эзэн Өөрийн болон гэрээт хүмүүсийнхээ хоорондын харилцааг хэрхэн хардаг талаар тунгаан бод. Та израилчууд шиг Их Эзэнд үнэнч байж чадаагүйг мөн Тэр танд хэрхэн тусламжийн гараа сунгасаар байгаа талаар тунгаан бодож болох юм. Жишээлбэл, Хосеа 2:14–23, Хосеа 14 нь Их Эзэний хайр, нигүүлслийн талаар юуг зааж байна вэ? Та Түүнд хайр, үнэнч байдлаа хэрхэн харуулдаг вэ?

Мөн Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Liahona, May 2007, 99–101-ийг үзнэ үү.

гараа толгой дээрээ тавьсан эрэгтэйтэй хамт газар сууж буй эмэгтэй

Израилыг төлөөлж буй нүгэлт Гомерт Их Эзэн гэтэлгэлийг санал болгожээ. Дэб Миннардын зурсан зураг, goodsalt.com-ын зөвшөөрлөөр тавив

Хосеа 6:4–7; Иоел 2:12–13

Бурханд итгэх сүнсэг бишрэлээ гаднаа илэрхийлэхээс гадна дотроо мэдрэх ёстой.

Их Эзэн Өөрийн хүмүүст амьтнаар тахил өргөхийг зарлигласан. Хосеагийн үед амьдарч байсан хүмүүс тэр хуулийг дагаж мөрдөж байсан ч үүнээс ч илүү чухал зарлигуудыг зөрчиж байв (Хосеа 6:4–7-г үзнэ үү). Их Эзэн “Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Хосеа 6:6). Зөв шударга байдал нь үүл эсвэл шүүдэр шиг гэсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Бидний зөв шударга байдал ямар байх ёстой вэ? (Исаиа 48:18; 1 Нифай 2:9–10-ыг үзнэ үү).

Та мөн Аврагч Өөрийн тохинууллын үеэр Хосеа 6:6-г хэрхэн ашигласныг мэдэхийн тулд Матай 9:10–13; 12:1–8-ыг уншиж болно. Эдгээр судрын хэсэг Хосеагийн үгсийг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

Иоел 2:12–13-ыг уншиж байхдаа, хувцсаа тасчин урах нь гашуудаж, гэмшиж байгаагаа илэрхийлэх уламжлалт гадаад илрэл байсан гэдгийг мэдэх нь тустай байж болох юм (жишээлбэл, 2 Шастир 34:14–21, 27-г үзнэ үү). Зүрхээ тасчин урах нь хувцсаа тастан урахаас юугаараа ялгаатай вэ?

Мөн Исаиа 1:11–17; Матай 23:23; 1 Иохан 3:17–18-ыг үзнэ үү.

Иоел 2

“Би Сүнсээ бүх махбод дээр цутгана.”

Иоел “Эзэний өдр[рийг]” бошиглохдоо үүнийг “бүрхэг, харанхуй өдөр,” “агуу, маш аймшигтай” (Иоел 2:1–2,11) хэмээн дүрсэлсэн байдаг. Израил түүхэндээ олон агуу бөгөөд аймшигтай өдрүүдтэй тулгарч байсан бөгөөд Бурханы гэрээт хүмүүс ирээдүйд олон ийм өдөртэй тулгарах болно. Их Эзэний Иоел 2:12–17-д өгсөн зөвлөгөөний юу нь таны анхаарлыг татсан бэ? Мөн Түүний Иоел 2:18–32 дээр амласан адислалуудыг анзаар. 27–32-р шүлэгт амласан адислалууд Иоел 2 дээр дүрсэлсэн шиг өдрүүдэд төдийгүй өнөөгийн цаг үед яагаад үнэ цэнтэй вэ?

Их Эзэн “Сүнсээ бүх махбод дээр цутгана” гэсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (Иоел 2:28). Иоел 2:28–29 дээрх бошиглолууд хэрхэн гүйцэлдэж байгаа вэ? (Үйлс 2:1–21; Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү.)

Та Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны хэлсэн дараах үгсийг тунгаан бод: “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдан, тайтгаруулж мөн Түүний байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119). Яагаад сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд илчлэлт амин чухал вэ? Та хувийн илчлэлт хүлээн авах чадавхаа хэрхэн өсгөн нэмэгдүүлж болох вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Хосеа 2:19–20.Их Эзэн Израилтай байгуулсан гэрээний харилцаагаа дүрслэхдээ гэрлэлттэй зүйрлэсэн (мөн Судруудын удирдамж, “Хүргэн хүү,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Гэр бүлийнхэн тань яагаад Бурхантай байгуулсан гэрээт харилцааг дүрслэхэд гэрлэлт таарсан зүйрлэл болж чадах талаар ярилцаж болох юм. Хосеа 2:19–20 нь Бурхан биднийг юу гэж боддог талаар ойлгоход хэрхэн туслах вэ? Бид Түүнтэй байгуулсан гэрээндээ хэрхэн үнэнч байж болох вэ?

Хосеа 10:12.Хүүхдүүдэд цаг зураад, өдрийн туршид өөр өөр цагт Их Эзэнийг эрэлхийлэх төлөвлөгөө гаргах сонирхолтой байж болох юм.

Иоел 2:12–13.Гэр бүлийнхэндээ Иоел 2:12–13-ыг авч үзэхэд нь туслахын тулд та өрөөний нэг талд Аврагчийн зургийг, эсрэг талд нүгэл гэсэн үгийг байрлуулж болох юм. Гэр бүлийнхээ гишүүдийг тухайн үг рүү ээлжлэн хараад, дараа нь Аврагч руу эргэж харангаа “бүх зүрх сэтгэлээрээ” Түүнд хандахад туслах зүйлсийг хуваалцахад урь. Гэр бүлийн гишүүдийг үйл ажиллагаа, ажил, сургууль, харилцаа гээд амьдралынхаа бүхий л талыг бодоход урамшуулан дэмж.

Иоел 2:28–29.Сүнсээ бидэн дээр “цутгах” гэдэг нь ямар утгатай байж болох вэ? Та шингэн зүйл асгаж, дараа нь дусал дуслаар эсвэл бага багаар цувуулж харуулж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Come unto Jesus,” Hymns, д.117

Заах арга барилаа сайжруулах

Сургаалыг заа. “Есүс Христийн сургаалаас суралцахын тулд хүүхдүүдийг хамтад нь цуглуулах боломжийг хэзээ ч бүү алдаарай. Дайсны хүчин чармайлттай харьцуулбал ийм боломж маш ховор гардаг” (Henry B. Eyring, “The Power of Teaching Doctrine,” Ensign, May 1999, 74).

Орох хаалган дээр зогсож буй Есүс

Над руу ирэгтүн, Кэлли Пью