Ирээд, Намайг дага
5-р сарын 18–24. Moзая 25–28: “Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”


“5-р сарын 18–24. Moзая 25–28: ‘Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 18–24. Moзая 25–28,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдсэн нь

Залуу Алмагийн хөрвөлт, Гэри Л.Капп

5-р сарын 18–24

Moзая 25–28

“Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”

Ангийн тань хүүхдүүд юу суралцах хэрэгтэй байгааг мөн тэдэнд хэрхэн хүрч ажиллахыг Тэнгэрлэг Эцэг мэддэг. Та Moзая 25–28-ыг уншиж, тоймыг давтан үзэхдээ Түүний удирдамжийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс зургийг үзүүлээд, зурган дээрх үйл явдлыг дүрслэн ярихыг хүүхдүүдээс хүс. Хэрэв хүүхдүүд Залуу Алма болон Мозаягийн хөвгүүдийн тухай түүхийг мэдэж байвал, тэдэнд мэддэг зүйлээ хуваалцах боломжийг олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

Moзая 26:30–31

Их Эзэн надаас бусдыг уучлахыг хүсдэг.

Их Эзэн наманчилдаг тэднийг чөлөөтэй өршөөдөг гэдгээ Алмад заасан. Бид өөрсдөд маань буруу зүйл үйлдсэн хүмүүсийг уучилснаар Түүний жишээг дагах хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Moзая 26:31 дээрх “Нэг нэгнийхээ алдаануудыг уучлах ёстой” гэсэн хэллэгийг хүүхдүүдэд уншиж өг. Хүүхдүүдээр хэдэн удаа “Би чамайг уучилж байна” гэж давтан хэлүүлж, уучлах гэдэг нь ямар утгатай болохыг мэддэг эсэхийг олж мэд. Та өөрөө хэн нэгнийг уучилсан эсвэл хэн нэгэн таныг уучилсан амьдралын туршлагаа хуваалц.

  • Нэг нэгнээ уучилж байгаа дүрд тоглоход хүүхдүүдэд тусал. Нэг хүүхдээс өөр нэг хүүхдийг гомдоох эсвэл өвтгөх ямар нэгэн зүйл хийсэн мэт дүр үзүүлэхийг хүс. Нөгөө хүүхэд нь уучилж байгаагаа харуулахын тулд юу хэлж мөн хийж болох вэ?

  • Цаасны нэг тал дээр гунигтай царай, нөгөө талд нь баяр хөөртэй царай зурахад хүүхдүүдийг урь. Ах дүү нар нь эсвэл найз нь тэднийг уурлуулсан тохиолдлыг ярих үед гунигтай царайг дээш барихыг тэднээс хүс. Тэднийг уг хүнийг хэрхэн уучилсан юм уу уучлах тухай ярих үед баяр хөөртэй царайг дээш барихыг хүс.

Moзая 27:8–37

Сайн мэдээ нь хүмүүст өөрчлөгдөн, Есүстэй илүү адил болоход тусалдаг.

Есүс Христ болон Түүний сайн мэдээний ачаар хэн ч өөрчлөгдөж, Есүстэй адил болж чадна гэдгийг Залуу Алма болон Мозаягийн хөвгүүдийн хөрвөлт харуулдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Moзая 27:8–37-д өгүүлснээр Залуу Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн хөрвөлтийн тухай товч ярьж өг. Тусламж авахын тулд “18-р бүлэг: Бага Алмагийн наманчлал” (Мормоны Номын түүхүүд, 49–52 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг үзнэ үү. Тэгээд уг түүхийг дахин ярьж өгөхдөө санаж байгаа тодорхой зүйлсээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Тэднээр уг түүхийг жүжигчлэн үзүүлүүлж, Алма болон Мозаягийн хөвгүүд наманчлахаасаа өмнө ямар байсан бас дараа нь ямар болсон талаарх ялгааг олж харахад тэдэнд тусал.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн түүхийг хэлэхэд нь хүүхдүүдэд тусал. Moзая 27:24-ийг уншаад, Алма ба Мозаягийн хөвгүүд нүглээ наманчилж бас Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн учраас өөрчлөгдсөн гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

    Залуу Алмаг эцгийнх нь гэр рүү аваачиж байгаа нь

    Түүний аав баярласан нь, Волтэр Рэйн

Moзая 28:1–8

Би сайн мэдээг хуваалцаж чадна.

Хөрвөгдсөнийхөө дараа Мозаягийн хөвгүүд сайн мэдээг хүн бүртэй, бүр өөрсдийн дайсан леменчүүдтэй хүртэл хуваалцах чин хүсэлтэй болсон.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлохоор шийдэж байгаа тухай хүүхдүүдэд ярихдаа Moзая 28:1–8-ыг ашигла. Тусламж хэрэгтэй бол, “19-р бүлэг: Мозаягийн хөвгүүд номлогч болсон нь” (Мормоны Номын түүхүүд, 53 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг үзнэ үү. Тэд яагаад сайн мэдээг хуваалцахыг хүссэн бэ? (3-р шүлгийг үзнэ үү).

  • Сайн мэдээний талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй хэн нэгний талаар бодоход нь хүүхэд бүрд тусал. Хүүхдүүдэд бодсон хүмүүстээ юу гэж хэлэхээ төлөвлөхөд тусал.

  • Би яг одоо номлогч болохыг хүсэж байна” (Хүүхдийн дууны ном, 90) гэх зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг хамтдаа дуул. Бид бусадтай сайн мэдээг хэрхэн хуваалцаж чадахыг санал болгож байгаа үгсийг дуун дээрээс онцлон хэл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moзая 26:22–23, 29–30; 27:8–37

Бурхан наманчилдаг хүмүүсийг чөлөөтэй өршөөдөг.

Хэрвээ ангийн тань нэг хүүхэд үнэхээр өршөөгдөж чадах тухайд эргэлзэж байвал, Ахмад Алмад хэлсэн Бурханы үгс болон Залуу Алмагийн туршлага тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бурхан өөрийг нь хэзээ ч өршөөхгүй байх гэж бодож байгаа хүнтэй ярьж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Ахмад Алмад хэлсэн Бурханы үгсийг Moзая 26:22–23, 29–30 дээрээс давтахад тэднийг урь. Тэд уг хүнд тусалж болох юуг олсон бэ?

  • Хичээл эхлэхийн өмнө хүүхдүүдийн нэгээс Moзая 27:8–37 дээрх Залуу Алмагийн хөрвөлтийн талаар уншиж, өөрөө Залуу Алмагийн дүрд орон, ангийнхандаа уг түүхийг ярьж өгөхөд бэлтгэн ирэхийг хүс. (Шаардлагатай бол, түүнийг аав ээжээсээ тусламж гуйхыг санал болго.) Уг хүүхдийг нөгөө түүхийг ярих зуур, “ …  үед чамд ямар санагдсан бэ?” юм уу “Дараа нь юу тохиолдсон бэ?” гэх зэрэг асуултуудыг тавь.

  • Алма болон Мозаягийн хөвгүүд хөрвөгдөхөөсөө өмнө ямар байсныг дүрсэлж байгаа үгсийг Moзая 27:8–10 дээрээс олж, жагсаалт гаргахад хүүхдүүдийг урь. Тэгээд Moзая 27:32–37 дээрээс тэднийг дараа нь ямар болсныг харуулах үгсийн жагсаалт гаргахыг хүс. 24–29-р шүлэгт цэдэглэснээр, Алмад ийм агуу өөрчлөлт гарсны шалтгаан юу байсан бэ?

Moзая 26:29–31

Уучлагдахын тулд би уучлах ёстой.

Тэдний бусдыг уучлах, өөрсдөө уучлагдах хоёрын хоорондох холбоог ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Moзая 26:29–31-ийг уншиж, “өршөөх, уучлах” гэдэг үг хэдэн удаа давтагдаж байгааг тоолоход урь. Эдгээр шүлэг бусдыг уучлах талаар бидэнд юу зааж байна вэ? Буруу зүйл хийсэн хүн, уучилдаг хүн хоёрт хоёуланд нь уучлал, өршөөл хэрхэн тусалдаг вэ?

  • Самбар дээр гүүр зурахыг нэг хүүхдээс хүсээд, ерөнхийлөгч Tомас С.Монсоны эш татан хэлсэн дараах үгсийг хуваалц. “Бусдыг уучилж чаддаггүй хүн өөрийг нь тэнгэрт хүргэх өөрийн гатлах ёстой гүүрийг эвддэг, учир нь хүн бүрд уучлалын хэрэгцээ байдаг” (George Herbert, quoted in “Hidden Wedges,” Ensign, May 2002, 19). Уг гүүрийн нэг хэсгийг арилгаад, хүүхдүүдийг бусдад уучлал үзүүлж болох арга замуудыг хуваалцах явцад гүүрийг хэсэг хэсгээр дахин барихад тань туслахыг тэднээс хүс. Тэднийг уучлах хэрэгтэй байгаа хэн нэгнийг бодоход урь.

Moзая 27:8–24

Би Бурханд хандан, өөрийн хайртай хүмүүсийг адислаасай хэмээн залбирч, мацаг барьж чадна.

Өөрсдийн хайртай хүмүүсийн төлөө залбирах үед мацаг барилт нь тэдний итгэлийг хүчирхэгжүүлж чадна гэдгийг ойлгоход та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хамтдаа Moзая 27:8–24-ийг уншаад, Алма болон түүний хүмүүс Залуу Алмад туслахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Та хэн нэгний төлөө мацаг барьж мөн залбирсан туршлагаасаа хуваалцаж, хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урамшуул.

  • Амьдралд нь Бурханы тусламж хэрэгтэй байгаа хэн нэгний талаар бодоход хүүхдүүдийг урь. Уг хүнийг Бурханаар адислуулахын төлөө хүүхдүүд итгэлтэйгээр залбирч, мацаг барьж болно гэдэг гэрчлэлээ хуваалц. Хүүхдүүдийг өөрсдийн бодсон хүний төлөө залбирахад, мөн боломжтой бол тэдний төлөө мацаг барихад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Залуу Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн туршлагаас сурсан зүйлээс нэгийг сонгож, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Заах чадвараа сайжруулах

Эцэг эхэд дэмжлэг туслалцаа үзүүл. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та Сүмд хүүхдүүдэд зааж байхдаа тэдний эцэг эхийг дэмжиж болох арга замуудыг залбирч, эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).