“9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101: “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
9-р сарын 6–12
Сургаал ба Гэрээ 98–101
“Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”
Танай ангийн хүүхдүүд энэ долоо хоногт ямар захиас сонсох хэрэгтэй вэ? Сургаал ба Гэрээ 98–101 дэх ямар ямар зарчим Есүс Христийн илүү сайн шавь болоход тэдэнд туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээнээс гэртээ эсвэл сүм дээр ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Сургаал ба Гэрээнээс суралцахад юу нь хамгийн их тэдэнд таалагддагийг асуу.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Надад найрсаг бус ханддаг хүмүүсийг би уучилж чадна.
Их Эзэн Миссури дэх Жаксон гүнлэгт мөрдөгдөн хавчигдаж байсан гэгээнтнүүдээс өөрсдийг нь дарамталсан хүмүүсийг уучлан өршөөхийг хүссэн. Уучлан өршөөх талаар хүүхдүүдэд заахдаа, хэрэв тэднийг хэн нэгэн доромжлон гомдоосон бол энэ тухай итгэл даах насанд хүрсэн хүнд хэлэх хэрэгтэйг ойлгуулахад анхаар.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сион дахь гэгээнтнүүдэд тулгарч байсан сорилт бэрхшээлүүдийн талаар ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд “34-р бүлэг: Бурхан Сионы хүмүүст анхааруулдаг” хэсгийг хуваалцана уу (Сургаал ба Гэрээний түүхүүд, 128–131 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэг). Сургаал ба Гэрээ 98:39–40-ийг уншаад, дайснууд нь тэднээс өршөөл хүсэх үед юу хий хэмээн Их Эзэн гэгээнтнүүдэд хэлснийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Яагаад Их Эзэн бидэнд найрсаг бус хандсан хүмүүсийг уучлахыг биднээс хүсдэг вэ?
-
Нэг ханан дээр баясгалантай, эсрэг ханан дээр гунигтай царайны зураг байрлуул. Өөр өөр нөхцөл байдалд найрсаг бус байсан хүний түүхийг хүүхдүүдтэй хуваалц (Найз эсвэл Лиахонa сэтгүүлийн түүхээс авч болно.) Найрсаг бус үйлдэлд бидний үзүүлж болох хариу үйлдлүүдийг санал болгоод, хариулт бүр тэднийг аз жаргалтай болгох уу эсвэл гунигтай болгох уу гэдгийг тогтож шийдэхэд хүүхдүүдэд тусал. Ханан дээрх тохирох царай руу заахад хүүхдүүдийг урь.
Есүс Христ надад амар амгаланг авчирч чадна.
Гэгээнтнүүдийг мөрдлөг хавчлагатай тулгарах үед Их Эзэн тайвшруулан, “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” хэмээн хэлсэн. Энэ зөвлөгөө таны заадаг хүүхдүүдэд хэрхэн туслах талаар бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг сандлаа ганхуулан хөдөлгөхөд урь. Дараа нь Аврагчийн зургийг дээш өргөхөд, “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” (Сургаал ба Гэрээ 101:16) гэж хэлэхэд хөдлөхөө болихыг тэднээс хүс. Энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давт. Иосеф Смитийн амьдарч байсан цаг үед гэгээнтнүүдийн амьдрал хэцүү байсан бөгөөд Есүс тэднийг тэмцэлдэхээ больж, санаа зовохын оронд Өөрт нь итгээсэй хэмээн хүсэж байсныг тайлбарла. Хүнд хэцүү цаг үед Есүс хэрхэн бидэнд тусалж чадах вэ?
-
“Даруухнаар, намуухнаар,” Есүсийн талаар бодон хичээн суух нь” (Хүүхдийн дууны ном, 11, 143) зэрэг бишрэл хүндэтгэлийн дууг хамтдаа дуул. Чимээгүй байж, Есүсийн тухай бодоход ирдэг, жишээ нь биднийг залбирч эсвэл ариун ёслолоос хүртэж байхад амар амгалан мэдрэгддэг мэдрэмжийг ялган танихад хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр ажиллахад тусал. Тэднийг будаж байх үеэр, Есүсийн тухай бодох нь бүр хэцүү үед ч гэсэн амар амгаланг мэдрэхэд танд хэрхэн тусалсан талаар ярь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–14,101:16
Миний зовлон бэрхшээл намайг Есүс Христтэй илүү адилхан болоход тусалж чадна.
Хүүхдүүд амьдралынхаа турш зовлон бэрхшээлтэй тулгарах тул сорилт бэрхшээлд нь тус болох, Аврагчид итгэх итгэлтэй байх ёстой бөгөөд тэдгээр бэрхшээл нь “[тэдний] сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно” (Сургаал ба Гэрээ 98:3).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс тэдний насны хүүхдүүдэд тулгарч болох зарим саад бэрхшээлийг самбарт жагсаан бичихэд туслахыг хүс. 1833 онд Миссурийн Жаксон гүнлэгт амьдарч байсан гэгээнтнүүдэд тохиолдсон зарим сорилт бэрхшээлийн тухай хүүхдүүдэд ярьж өг (Сургаал ба Гэрээний түүхүүд, 128–134 дэх 34 ба 35-р бүлгийг үзнэ үү). Ийм сорилт бэрхшээлтэй тулгарсан хүүхдэд тэд ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–14-ийг уншаад, Их Эзэний өгсөн удирдамжийг олж мэдэхийг хүс. Самбарт жагсаан бичсэнтэй адил зовлон бэрхшээлтэй тулгарсан үед тэд энэ зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?
-
Аврагчийн зургийг харахдаа эсвэл Түүний тухай дууг сонсохдоо хэдэн минут аль болох хөдлөхгүй, чимээгүй суухад хүүхдүүдийг урь. Дараа нь хөдлөхгүй чимээгүй байхад тэдэнд ямар мэдрэмж төрсөн талаар хуваалцахад урь. Сургаал ба Гэрээ 101:16-г уншина уу. Чимээгүй байж, Есүсийн тухай бодох нь бидэнд хэрхэн тусалдаг вэ? Чимээгүй, бишрэл хүндэтгэлтэй байх болон Сүнсийг мэдэрч, Есүсийн тухай бодох бидний чадвар хоёрын харилцан холбоог ойлгоход хүүхдүүдэд тусал.
Найрсаг бус ханддаг хүмүүсийг уучлахыг Есүс надаас хүсдэг.
Бидэнд нэг нэгнээ хайрлаж, бусдыг “дал дахин долоон удаа ууч(илж)” мөн “нөгөө хацраа тавьж өгөх[ийг]” зарлигласан (Матай 5:39, 43–44; 18:21–22-ыг үзнэ үү). Та эдгээр үнэнийг хүүхдүүдэд заахдаа энэ шүлгүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
1833 онд Миссурийн Жаксон гүнлэгт болсон мөрдлөг хавчлагын тухай хүүхдүүдэд ярь (Сургаал ба Гэрээний түүхүүд х. 128–134 дэх 34 ба 35-р бүлгийг үзнэ үү). Хүүхдүүдээс тухайн үед тэд Сүмийн гишүүд байсан бол ямар санагдах байсныг нь асуу. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 98:23-ыг дотроо уншаад, Их Эзэн гэгээнтнүүдээс юу хийхийг хүссэнийг олж мэдэхэд урь. Яагаад биднийг зовоосон хүмүүсийг уучлахад хэцүү байдаг вэ? Бид ийн үйлдсэнээр хэрхэн адислагддаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 98:23-т заасны дагуу, Есүс Христийн эсвэл судар дахь өөр хэн нэгний уучилсан үйл явдлыг санаж байгаа эсэхийг хүүхдүүдээс асуу. Тэдэнд нэг жишээ үзүүлэхийн тулд Цовдлолтын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 57 гэх мэт). Аврагчийн цовдлуулсан талаар юу мэдэхээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс (Лук 23-ыг үзнэ үү). Тэднийг Лук 23:34-ийг уншихад урь. Бид Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 101:23–32; 36, 38
Есүс Христээр дамжуулан би баяр баясгалан мэдэрч чадна.
Амьдрал зовлон бэрхшээлээс ангид байх ёсгүй ч тэд Есүс Христээр дамжуулан бүрэн баяр баясгаланг олж чадна гэдгийг ойлгоход та хүүхдүүдэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Аягатай ус тавь. Биднийг баяр баясгалантай болгохын тулд Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүсээд, нэрлэх болгонд аяган дотор чулуу хийж, дүүргэ. Сургаал ба Гэрээ 101:36-г хүүхдүүдтэй хамт уншаад, бид хэрхэн бүрэн дүүрэн баяр баясгаланг олж болохыг асуу. Түүний бидэнд өгөхийг хүссэн баяр баясгаланг авахын тулд “Их Эзэнийг эрэлхийлэх” юуг (38-р шүлэг) бид хийж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 101:23–32 нь Есүс Христийг дахин ирэхэд амьдрал ямар байх талаар заадгийг тайлбарла. Эдгээр шүлгийг хамт уншиж байхдаа, Есүс Христийг ирэхэд бидэнд баяр баясгаланг авчрах, хүүхдүүдийн олж мэдсэн зүйлсийн талаар ярь. Яагаад хүнд хэцүү цаг үед эдгээрийн тухай мэдэх нь тустай вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Сургаал ба Гэрээ 98–101 дээрээс гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байгаа шүлгээ сонгоход нь хүүхдүүдэд тусал. Шүлгээс таалагдсан зүйлээ хэрхэн хуваалцахаа төлөвлөхөд тэдэнд тусал.