“8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97: ‘Сионы авралын төлөө,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
8-р сарын 30-аас 9-р сарын 5
Сургаал ба Гэрээ 94–97
“Сионы авралын төлөө”
Зааж байхдаа 94–97-р хэсэг дэх ямар зарчмыг онцлохоо мэдэхийн тулд сүнсний удирдамжийг эрэлхийл. Та том хүүхдүүдэд заахдаа бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны санааг өөрчилж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдэд ариун сүмийн зураг үзүүлээд, ариун сүмийн талаар мэддэг зүйлсээ хуваалцахад урь. Тэд мөн ариун сүм харахад ямар мэдрэмж төрдгөө ярьж болно.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 95:8; 97:15–16
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.
Көртландын ариун сүмийг барихад хүүхдүүд ч гэсэн бяцхан боловч утга учиртай арга замаар тусалсан. Өөрийн заадаг хүүхдүүдэд Их Эзэний ариун өргөөг хайрлах хайрыг нь бататгахад тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Көртландын ариун сүмийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү.) Сургаал ба Гэрээ 95:8 дээрх үг хэллэгийг ашиглан, ариун сүм барь хэмээн Их Эзэний өгсөн зарлигийн тухай хүүхдүүдэд заа. Хүүхдүүдэд зургийг ээлжлэн барьж, “Ариун сүм бол Их Эзэний өргөө” гэж хэлэх боломж олго.
-
Ариун сүм бүр дээр “Их Эзэнд ариуныг. Их Эзэний өргөө” гэсэн үгсийг бичсэн байдаг тухай хүүхдүүдэд хэл. Хэрэв боломжтой бол ариун сүмийн дээрх эдгээр үгийг харуул. Яагаад ариун сүм онцгой чухал газар вэ? Сургаал ба Гэрээ 97:15–16-д ариун сүм бол Их Эзэний өргөө болохыг заасан үг хэллэгийг уншин, ариун сүмийн тухай өөрийн бодол санааг хуваалц.
-
Ариун сүм барихад тусалж байгааг дүрслэн үзүүлэхийг хүүхдүүдээс хүс (мод цавчих, хадаас хадах, хана будах гэх мэт). Их Эзэнд ариун сүм ямар чухал болохыг болон Көртландын ариун сүмийг барихад гэгээнтнүүдийн хэрхэн шаргуу хөдөлмөрлөж байсныг мөн үүний төлөө ямар их золиос гаргасныг тайлбарла (Гэгээнтнүүд, 1:210-ыг үзнэ үү).
-
“Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, д. 99) зэрэг Их Эзэний өргөөнд хүндлэн бишрэхэд туслах дууг хүүхдүүдтэй хамт дуул. Хүүхдүүдийг ариун сүмийн талаарх бодол санаагаа хуваалцахад урь.
Би шударга байж чадна.
Сургаал ба Гэрээ 97:8-д Их Эзэн үнэнч шударга байдлыг ”надаас хүлээн зөвшөөрөгддөг” хүмүүсийн зан чанаруудын нэг хэмээн хэлсэн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Биднийг үнэнч шударга байх юм бол Бурхан биднийг хүлээн зөвшөөрдөг болохыг хүүхдүүдэд тайлбарла (Сургаал ба Гэрээ 97:8-ыг үзнэ үү). Үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход туслах хэд хэдэн товч түүхийг тэдэнтэй хуваалц. Энэ түүхүүдийг өөрийн тань эсвэл таньдаг хүмүүсийн тань амьдралаас мөн Найз эсвэл Лиахона сэтгүүлээс авсан байж болно. Түүхийг танд эргүүлэн ярихад эсвэл үнэнч шударга байдалтай холбоотой өөрсдийн амьдрал дээрх түүхийг хуваалцахад хүүхдүүдэд тусал.
-
Итгэлийн арван гурав дахь тунхгийн “Бид шударга байхад итгэдэг” гэсэн эхний догол мөрийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Үнэнч шударга байх, шударга бус байх жишээнүүдийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээ нь, хүүхдүүд ах дүүсийнхээ ямар нэг юмыг авсан ч ээж, аавдаа аваагүй гэж хэлж байгааг жүжиглэн үзүүлж болно. Дараа нь эцэг эхдээ үнэнээ хэлж байгааг мөн адил жүжиглэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Энэ бол үнэнч шударга байдлын жишээ болохыг тайлбарла.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 95:1–3, 8, 11–17; 97:10–17
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.
Ариун сүм Их Эзэнд ямар чухал болохыг мөн бидний хувьд ч хэчнээн чухал байх ёстойг хүүхдүүдэд ойлгуулахын тулд та эдгээр шүлгийг хэрхэн ашиглахаа тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ямар нэг зүйлийг хийе гэж бодсон ч тэр дороо шууд хийж чадахгүй байсан үеийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Нэг хүүхдэд Сургаал ба Гэрээ 95:3, 8-ыг уншихад туслаад, гэгээнтнүүд Их Эзэний ямар тушаалыг дуулгавартай дагаж чадаагүй болохыг хүүхдүүдээс асуу. 11-р шүлгийг хамтдаа унш. Гэгээнтнүүд ариун сүм барихын тулд юу хийх хэрэгтэй байсан бэ? Бид Их Эзэний тэдэнд өгсөн амлалтаас юу мэдэж авч болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 95, 97 дээрх ариун сүмийн талаарх зарчмуудыг дагалдах судрын эшлэлүүдийн хамт жижиг цаасан дээр тус тус бичээд, нэг саванд хий. Жишээлбэл: Ариун сүм барихад золиос гаргах шаардлагатай (Сургаал ба Гэрээ 97:11–12) болон Ариун сүмд орохын тулд бид зохистой байх ёстой (Сургаал ба Гэрээ 97:15–17). Ангийнхныг хоёр хоёроор нь нэг баг болгон хуваарил. Баг бүрийг савнаас нэг цаас сугалан авч, дээр нь бичсэн судрыг уншин, уг зарчим тэдний хувьд утга учиртай болох талаар ярилцахын тулд хамтран ажиллах боломж олго. Уншсан зүйл нь тэдэнд хэрэгтэй зүйлс болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Тойрог эсвэл салбарынхаа ариун сүмд орж байсан туршлагатай нэг залууг урьж авчран, ариун сүмд орохын тулд хэрхэн өөрсдийгөө бэлтгэх талаарх туршлагаас нь хүүхдүүдэд яриул.
-
Ариун сүм дотор юу болдог мөн тэд хэрхэн бэлтгэх талаар ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд “Your Path to the Temple”-ийг ашигла (Temples of The Church of Jesus Christ of Latter-day Saints [Ensign эсвэл Liahona-ийн тусгай дугаар, Oct. 2010], 72–75) . Энэ нийтлэлийн хэсгээс хүүхэд бүрд өгч уншуулан, сурсан зүйлээ хуваалцах боломж олго.
-
“Two Apostles Lead a Virtual Tour of the Rome Italy Temple” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж, хэзээ нэгэн цагт ариун сүмд орох талаар юу гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) зэрэг ариун сүмийн тухай дуу дуул. Энэ дууны ямар үг хэллэг нь ариун сүм ариун нандин болох шалтгааны талаар зааж байна вэ?
Сургаал ба Гэрээ 97:1–2, 8–9, 21
Сион бол “зүрх сэтгэлдээ цэвэр.”
Сион бол зөвхөн нэг газар биш, энэ нь мөн “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (Сургаал ба Гэрээ 97:21) байх явдал юм гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 97:21-ийг уншихад уриад, “цэвэр ариун” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг асуу. Үүнийг жишээгээр үзүүлэхийн тулд аягатай цэвэр усыг тэдэнд харуулаад, цэвэр ус яагаад чухал болохыг асуу. Ус руу ямар нэг зүйл нэмж хий (шороо эсвэл хар перец гэх мэт). Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 97:21-ийг дахин уншаад, “цэвэр” гэдэг үгэн дээр хуруугаа тавихыг хүс. Зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах гэдэг нь юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байна гэдэг бол бид хэзээ ч алдаа гаргахгүй гэсэн үг биш юм гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Бид цэвэр ариун зүрх сэтгэлтэй болохын тулд юу хийж чадах вэ? Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 97:1–2, 8–9, 21-ийг уншаад, зүрх сэтгэлдээ цэвэр ариун болж болох талаар дүрсэлсэн үг, хэллэгийг олоход тусал. Тэднээс үг эсвэл хэллэгийг сонгон аваад, туузан цаасан дээр бичиж, саванд хийхийг хүс. Савнаас цаасыг нэг нэгээр сугалан авч, уг санааг амьдралдаа хэрэглэхийн тулд хийж болох зарим санааг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, “үнэнийг олохын” тулд (1-р шүлэг) эсвэл илүү “үнэнч шударга” (8-р шүлэг) байхын тулд бид юу хийж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр ариун сүмийн талаар ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урь.