“8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93: ‘Түүний бүрэн байдлыг хүлээн ав,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав
8-р сарын 23–29
Сургаал ба Гэрээ 93
“Түүний бүрэн байдлыг хүлээн ав”
Таны заадаг хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг, Эхийн үнэ цэнтэй сүнсэн хөвгүүд, охид бөгөөд дэлхийд ирэхээсээ өмнө Тэдэнтэй хамт амьдарч байсан юм. Та Сургаал ба Гэрээ 93-ыг уншаад, энэ хүүхдүүдийг “гэрэл ба үнэнд” өсөхөд нь туслахын тулд юу хийх хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлтийг хүлээн авсан бэ? (40-р шүлэг).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Аврагчийн зургуудыг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Сүмийн сэтгүүлүүд дээрх), Түүний талаар мэдэх зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Том хүүхдүүд Сургаал ба Гэрээ 93-аас Есүс Христийн талаар суралцахад тусалсан судрыг хуваалцаж болно.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христ бол Бурханы Хүү.
Таны заадаг хүүхдүүд Есүс Христ гэж хэн болохыг мөн яагаад тэд Түүнийг дагах хэрэгтэй гэдгийг мэдэх нь чухал. 93-р хэсгээс олж болох Есүс Христийн тухай үнэнүүд танд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
93-р хэсгээс Аврагчийн талаар ойлгож мэдсэн, таныг сүнсээр урамшуулан дэмжсэн хэдэн үнэнийг сонго. Сонгосон үнэн бүрийг олж болох шүлгийг хүүхдүүдэд уншиж өгөөд, уншихдаа сонсвол зохих чухал үгсийг тэдэнд өг. Аврагчийн талаар гэрчлэлээ товч хуваалцаад, хүүхдүүдэд гэрчлэлээ хуваалцах боломж олго. Үнэний талаарх дараах жагсаалтаас та санаа авч болно. Тухайлбал:
Есүс Христ Эцэгийн ажлуудыг гүйцэтгэсэн (5-р шүлэг).
Есүс Христ бол Дэлхийн Гэрэл мөн (9-р шүлэг).
Есүс Христ дэлхийн Бүтээгч мөн (10-р шүлэг).
Есүс Христ энэ дэлхий дээрх болон тэнгэрийн бүх хүчийг хүлээн авсан (7-р шүлэг).
Есүс Христ бүр эхнээсээ Бурхантай хамт байсан (21-р шүлэг).
-
93-р хэсэгт заасан зарим үнэнийг өөрийн үгээр хураангуйлан хэлэхдээ Аврагчийн талаар ойлгож мэдсэн ямар нэг зүйлийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. (Та мөн “33-р бүлэг: Есүс Христийн талаарх илчлэлт”-ийг ашиглаж болно [Сургаал ба Гэрээний түүхүүд, 126–127].)
Би дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдардаг байсан.
Тэд энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан гэдгийг зааж байгаа хүүхдүүдээ ойлгоход нь туслах нь яагаад чухал вэ? Энэ үнэний талаарх мэдлэг таныг хэрхэн адисалсан бэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Эхлэлд та нар тэрчлэн Эцэгтэй хамт байсан” (Сургаал ба Гэрээ 93:23) гэсэн үгсийг хүүхдүүдтэй хамт давтан хэл. Бид энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт тэнгэрт амьдарч байсныг тайлбарла. “Би Бурханы хүүхэд” эсвэл “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном, 2–3, 4) зэрэг дуунуудыг хамтдаа дуул.
-
Үйл ажиллагааны хуудсыг будаж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байгаагаар өөрийгөө зурахад тэднийг урь. Бурхан бидний хүн нэг бүрд хайртай бөгөөд бид бүгдээрээ Түүний хүүхдүүд гэдгийг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ бол Бурханы Хүү.
Бид Есүс Христийн тухай илүү ихийг мэдэхийн хэрээр Түүнийг улам гүн гүнзгий, чин сэтгэлээсээ шүтэн биширч, Түүгээр дамжин Эцэгт ирэхийг хүсдэг (Сургаал ба Гэрээ 93:19-ийг үзнэ үү).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Аврагчийн зургийг үзүүлээд, бид Есүс Христийн талаар мэддэг байх нь яагаад чухал болохыг хүүхдүүдээс асуу. Тэднийг Сургаал ба Гэрээ 93:19-өөс нэмэлт хариултыг олж авахад урь. Дараа долоо хоногт Есүсийн талаар илүү ихийг мэдэж авах нэг арга замыг бодоход тэднийг уриад, бодол санаагаа хуваалцах боломжийг тэдэнд олго.
-
93-р хэсгээс Аврагчийн талаар уншихад хүүхдүүдийг урамшуулах бүтээлч арга зам бодож ол. 93-р хэсгээс Есүс Христийн тухай үнэнийг заадаг шүлгийн хэд хэдэн эшлэлийг туузан цааснууд дээр бич (жишээ нь, 5, 9–10, 17, 21-р шүлгүүдийг үзнэ үү). Туузан цааснуудыг саванд хийгээд, хүүхдүүдээр нэг нэгээр нь ээлжлэн сугалуулж, авсан судраа ангийнхандаа уншиж өгөхийг тэднээс хүс. Бид эдгээр хэсгээс Есүс Христийн талаар юу мэдэж авч болох вэ?
Бид дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.
93-р хэсэгт биднийг “эхлэлд” Бурхантай хамт амьдарч байсан хэмээн Аврагч гурван удаа онцлон хэлсэн байдаг (23, 29, 38-р шүлэг). Тэр яагаад биднийг энэ тухай мэдээсэй хэмээн хүсдэг вэ? Энэ үнэн заадаг хүүхдүүдийг тань хэрхэн адисалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 93:23, 29, 38-ыг хамтдаа уншаад, эдгээр шүлэгт давтагдаж буй өөрсдийнх нь талаарх үнэнийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Биднийг төрөхөөс өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт өнгөрүүлсэн амьдралынхаа талаар мэдэх зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхэд бүрд дараах судрын эшлэлүүдийг өгөөд, энэ дэлхийд ирэхээс өмнөх бидний амьдралын талаарх ямар нэг зүйлийг дараах судруудаас олоход тэдэнд тусал. Үүнд: Иеремиа 1:5; Сургаал ба Гэрээ 138:53–56; Moсе 3:5; Aбрахам 3:22–26.
-
“Би Бурханы хүүхэд” эсвэл “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном, 2–3, 140) дууллыг хамтдаа дуул. Бид энэ дэлхийд ирсэн зорилгынхоо талаар энэ дуунаас ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
Үнэн гэдэг бол өнгөрсөн, одоо, ирээдүйд болох зүйлсийн тухай мэдлэг юм.
Үнэн гэж юу болох, түүнийг хэрхэн олж авах талаар дэлхийд олон үзэл санаа байдаг. Та үнэн гэдэг нь бусад хүн юу гэж хэлэхээс үл хамааран үнэн хэвээр үлддэгийг мөн Тэнгэрлэг Эцэг бүх үнэнийг мэддэг гэдгийг хүүхдүүдэд хэрхэн зааж, ойлгуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт үнэн гэж бичээд, хажууд нь үүний тодорхойлолтыг бичихийг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 93:24-т Их Эзэн үнэнийг хэрхэн тодорхойлсныг хамтдаа унш. “Oh Say, What Is Truth?” (Hymns, д. 272) зэрэг үнэний тухай дууг дуулж, үнэнийг дүрсэлсэн өөр арга замыг уг дууллаас олоход хүүхдүүдийг урь.
-
Сургаал ба Гэрээ 93 дахь үнэнүүдийг хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд туслахын тулд энэ хэсгийн хэд хэдэн судрын эшлэлийг цаасан дээр бич. Өөр цаасан дээр тэдгээр шүлэг бүрийн зааж буй үнэнүүдийг бич. Хүүхдүүдийг шүлгүүдийг хамтдаа уншаад, уншсан шүлгүүдтэйгээ тохирох үнэнийг олоход урь. Яагаад бид үнэний мэдлэг байгаад талархдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангидаа сурч мэдсэн нэг зүйлээ бичиж эсвэл зурахад мөн гэртээ очоод гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.