33-р бүлэг Есүс Христийн талаарх илчлэлт 1833 оны 5-р сар Бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан нэг илчлэлтэд Есүс Өөрийнхөө талаар хэлсэн байдаг. Тэрээр хэрэв хүмүүс Түүний зарлигуудыг дуулгавартай дагаж, залбирвал Түүний царайг харж, Түүнийг мэдэх болно гэж хэлжээ. Сургаал ба Гэрээ 93:1 Есүс Өөрийгөө Дэлхийн гэрэл гэж хэлэв. Тэрээр бидэнд амьдрах зөв арга замыг харуулсан. Сургаал ба Гэрээ 93:2 Есүс дэлхий үүсэхээс өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байв. Есүс дэлхийг болон түүний дээр байх бүх зүйлийг бүтээсэн билээ. Сургаал ба Гэрээ 93:7–10 Есүс анх тэнгэрт байхдаа Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан байсангүй. Тэрээр Эцэгийнхээ мэддэг зүйлийг бүгдийг нь мэддэггүй байв. Түүнд Эцэгийнх нь бүх хүч, алдар суу байсангүй. Есүс Эцэгтэйгээ адил байхын тулд үнэхээр их хичээсэн бөгөөд аажимдаа Эцэгийнхээ хүч, алдар сууг хүлээн авсан юм. Сургаал ба Гэрээ 93:12–17 Есүс биднийг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах ёстой гэж хэлсэн юм. Бид дуулгавартай байснаар бүх зүйлийг мэдэх боломжтой. Бид мөн Бурхантай адил болж, Түүний адислалыг бүрэн авах боломжтой: Сургаал ба Гэрээ 93:20, 27–28 Есүс Сатан хүмүүсийг үнэнийг мэдэж, Бурхантай адил болоосой гэж хүсдэггүйг хэлсэн. Есүс Иосефт гэр бүлийнхэндээ үнэнийг заах ёстой хэмээв. Сургаал ба Гэрээ 93:39–40, 48 Есүс мөн Фредерик Г.Виллиамс, Сидней Ригдон хоёрт гэр бүлийнхэндээ үнэнийг зааж, зарлигуудыг дуулгавартай дагах ёстой гэв. Ингэснээр Сатан тэдний дээр хүчгүй байх болно. Сургаал ба Гэрээ 93:41–44