44-р бүлэг Аравны нэг 1838 оны 7-р сар Их Эзэн Иосеф Смитэд Сүмийн гишүүд аравны нэгийг төлөх ёстой хэмээн хэлэв. Иосеф Миссуригийн Фар Вестэд байхдаа гэгээнтнүүд хэр хэмжээний мөнгө төлөх ёстойг залбирч асуув. Их Эзэн гэгээнтнүүд өөрсдөдөө байгаа бүх өмч хөрөнгөнийхөө аравны нэг хэсгийг төлөх ёстой гэж хэлжээ. Сургаал ба Гэрээ 119, хэсгийн тойм Сургаал ба Гэрээ 64:23; 119:3–4 Хэрэв тэд 10 цент цуглуулсан бол аравны нэгд нэг центийг нь өгөх ёстой. Харин 100 цент цуглуулсан бол 10 центийг нь төлөх ёстой. Гэгээнтнүүд мөн өөр арга замаар аравны нэгийг төлдөг байв. Тэд тариалсан тариа будаа, хадаж авсан өвснийхөө аравны нэгийг өгдөг байжээ. Тэд мөн тахиа, өөр бусад тэжээвэр амьтад, сүү, ногоо зэргээс аравны нэгээ төлж байв. Аравны нэгийг ариун сүм, цуглааны байр, Сүмийн бусад барилга байгууламжийг барьж, засаж янзлахад ашигладаг. Түүнчлэн аравны нэгийг номлолын ажилд туслахад, мөн судрууд, Сүмийн бусад материалыг орчуулж, хэвлэхэд ашигладаг. Аравны нэгийг Сүмийн гишүүдэд туслахад ашигладаг. Аравны нэг, бусад өргөлийг тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, хувцас хунар худалдаж авч өгөхөд ашигладаг. Их Эзэн бидний хүн нэг бүрийг аравны нэгээ бүрэн төлөөсэй хэмээн хүсдэг. Бид аравны нэгээ бишопт өгдөг. Тэр үүнийг Сүмийн төв алба руу явуулж, тэнд бошиглогч болон Сүмийн удирдагчид залбиран, хэрхэн захиран зарцуулахыг шийддэг. Сургаал ба Гэрээ 120 Тэнгэрлэг Эцэг аравны нэгээ төлдөг гэгээнтнүүдэд гайхамшигтай адислалуудыг өгдөг. Аравны нэгээ төлдөггүй гэгээнтнүүд энэ бүх адислалыг авч чадахгүй. Аравны нэгээ төлдөггүй гэгээнтнүүд Бурханыг дээрэмдэж байгаа хэрэг хэмээн Библи дээр гардаг. Maлахи 3:8–10