45-р бүлэг Миссури дэх бүлэг танхайрагчид олшров 1838–1839 он Олон гэгээнтэн Иосеф Смитийн хамт Миссуригийн Фар Вестэд амьдарч байлаа. Хүмүүс байшин, сургууль барьж, аз жаргалтай амьдарч байв. Гэвч гэгээнтнүүд тийм ч удаан амар амгалан байж чадсангүй. Дахиад л Миссури дэх бусад хүн гэгээнтнүүдийг асуудалд оруулж эхлэв. Танхайрагчид гэгээнтнүүдэд хор хөнөөл учруулах төлөвлөгөө гаргахаар цуглав. Танхайрагчид маш олон муу зүйл хийсэн бөгөөд гэгээнтнүүдийг гэрээс нь хөөж гаргав. Тэд гэгээнтнүүдийн гэр орон, фермийг устгаж сүйтгэжээ. Тэд эрэгтэйчүүдийг нь зодож, заримыг нь шоронд хийв. Танхайрагчид зарим эмэгтэйг гэмтээжээ. Гэгээнтнүүд мужийн захирагч Боггсоос тусламж хүсэв. Гэвч хүмүүс түүнд гэгээнтнүүдийн талаар худал ярьсан байсан тул тэр тэдэнд тусалсангүй. Гэгээнтнүүд, танхайрагчдын хоорондох асуудал улам ширүүсэв. Мужийн дарга Боггс гэгээнтнүүдийг эдгээр асуудалд буруутай гэж бодон, хэрэв гэгээнтнүүд Миссуригээс явахгүй бол тэднийг ал хэмээн хэсэг цэрэгтээ хэлжээ. Зарим гэгээнтэн Хаунс Милл гэдэг хотод амьдарч байлаа. Нэгэн өдөр танхайрагчид ирж, тэдэн рүү дайрав. Зарим гэгээнтэн ой руу зугтаж байхад зарим нь дүнзэн байшин руу хамгаалалт эрэн гүйж байлаа. Танхайрагчид байшингийн зай завсраар буудаж байсан ба байшин руу дайрч орон, илүү ихээр буудаж эхлэв. Танхайрагчид Хаунс Миллд амьдарч байсан 17 хүнийг алж, 13 хүнийг гэмтээжээ. Зарим хүүхэд бууны суманд өртөж, алагдав. Дараа нь тэд гэгээнтнүүдийн гэр орон болон тэрэг хөсгийг нь дээрэмдэв. Хожим нь зарим цэрэг Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг баривчилжээ. Цэргүүдэд Иосефыг болон түүний найзуудыг бууд гэсэн тушаалыг өгсөн байв. Гэсэн ч цэргийн дарга тушаалыг дагасангүй. Тэр Иосеф болон бусад хүнийг буудах нь аллага хэмээн хэлжээ. Иосефыг болон түүний найзуудыг шүүх хуралд оруулахаар болов. Шүүх хурлын өмнө болон хурлын үеэр тэд Миссуригийн Ричмонд хотын шоронд хоригдож байлаа. Шоронгийн харгалзагчид тэднийг гавлаж гинжлэн, хүйтэн шалан дээр унтуулах болов. Харгалзагчид шоронд хоригдож буй хүмүүст маш муу хандаж байв. Тэд муу муухай үгсийг урсгаж байлаа. Тэд хэрхэн гэгээнтнүүдийг дээрэмдэж, алснаа болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хэрхэн бэртээж гэмтээснээ ярьж байв. Нэг шөнө тэд инээлдэж, сагсуурч бардамнан орилолдож байлаа. Иосеф тэдний ярьж байгаа зүйлсийг жигшиж байсан бөгөөд сонсохыг хүссэнгүй. Иймээс тэр босч зогсон, тэдэнд яриагаа зогсоохыг тушаав. Тэр “Чимээгүй бол. Есүс Христийн нэрээр би та нарыг чимээгүй бол гэж тушааж байна; Би цаашид эдгээр муу муухай хэллэгийг тэсвэрлэж чадахгүй. Яриагаа зогсоо эсвээс энэ мөчид та нар эсвэл би үхэх болно!’ гэж хэлэв. Харгалзагчид айж, Иосефоос уучлалт гуйжээ. Тэд буланд сууж, шөнийн туршид ганц ч үг дуугарсангүй.