20-р бүлэг
Сүнсний бэлгүүд
1831 оны 3-р сарын 8
Иосеф Смит Ариун Сүнсний талаар заасан олон илчлэлт хүлээн авчээ. Ариун Сүнс бол Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрт тусалдаг Сүнс юм. Тэрээр яс, махан биегүй.
Ариун Сүнсний хүчээр дамжуулан Бурхан Сүмийн гишүүдэд онцгой бэлгүүдийг өгдөг. Тэдгээр бэлгийг Сүнсний буюу сүнслэг бэлэг хэмээн нэрлэдэг. Гэгээнтэн бүрд доод тал нь нэг сүнслэг бэлэг байдаг. Сүмийн гишүүд өөрсдийн бэлгийн талаар судалж, тэдгээрийг нэг нэгэндээ туслахын тулд ашиглах ёстой. Есүс эдгээр бэлгийн заримынх нь талаар Иосеф Смитэд хэлжээ.
Зарим гэгээнтэнд Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэх бэлэг өгөгдсөн. Тэрээр бидний төлөө амиа өгсөн гэдгийг тэд мэддэг. Заримд нь Есүсийн талаарх бусад хүний гэрчлэлийг таньж, үүнд нь итгэх бэлэг өгөгдсөн байдаг.
Зарим гэгээнтэнд удирдагч байх бэлэг өгөгдсөн байдаг.
Зарим гэгээнтэнд зөвт, ёс бус сүнсийг ялган таних бэлэг өгөгдсөн байдаг. Зөв шударга сүнснүүд Бурханаас ирдэг бөгөөд бидэнд сайн сайхан мэдрэмж төрүүлдэг. Ёс бус сүнснүүд Сатанаас ирдэг бөгөөд бидэнд муу муухай мэдрэмж төрүүлдэг.
Зарим гэгээнтэнд мэргэн ухааны бэлэг өгөгдсөн байдаг. Энэ бэлэг тэдэнд зөв сонголт хийж, Тэнгэрлэг Эцэгийн өгсөн мэдлэгийг зохистой ашиглахад нь тусалдаг. Зарим гэгээнтэнд мэдлэгийн бэлэг өгөгдсөн байдаг. Ийм бэлэгтэй хүмүүс бусдад зааж, ухаалаг сонголт хийхэд нь туслах үүрэгтэй.
Зарим гэгээнтэнд итгэлээр эдгэрэх бэлэг өгөгдсөн байдаг. Харин заримд нь өвчтэй хүмүүсийг эдгээх бэлэг өгөгдсөн байдаг. Ариун Сүнс зарим гэгээнтэнд гайхамшгийг үйлдэх бэлэг өгөгдсөн байдаг ба гайхамшиг нь Бурханы хүчийг харуулдаг.
Зарим гэгээнтэнд өөрсдийн мэдэхгүй хэлээр ярих бэлэг өгөгдсөн байдаг.
Зарим гэгээнтэнд бошиглох бэлэг өгөгдсөн байдаг. Энэ бэлэг нь тэдэнд болж өнгөрсөн, болж байгаа, ирээдүйд болох зүйлсийг мэдэж, ойлгоход тусалдаг.
Зарим гэгээнтэнд олон бэлэг өгөгдсөн байдаг. Бүх гэгээнтэн өөрсдийн бэлгийг бусдад үйлчилж, бусдыг адислахад ашиглах ёстой.
Бишоп гэгээнтэн бүрд ямар бэлэг өгөгдсөнийг мэдэж чаддаг. Тэрээр хэн сайн багш болж чадахыг мэднэ. Тэр аль гэгээнтэн Бурханыг хайрлаж, зарлигуудыг дагаж байгааг мэддэг.
Зөв шударга гэгээнтнүүд өөрсдөдөө хэрэгтэй байгаа бэлгээ авахын тулд хөдөлмөрлөж, залбирах ёстой. Энэ бүх бэлэг Бурханаас ирдэг.