58-р бүлэг
Сүмийн шинэ удирдагч
1844 оны 7–8-р сар
Бошиглогч Иосеф Смитийг хөнөөгдсөний дараа Сүм ерөнхийлөгчгүй болов. Гэгээнтнүүд хэн тэдний удирдагч болох ёстойг мэдэхгүй байлаа.
Ихэнх төлөөлөгч номлолд явсан байв.
Сидней Ригдон Иосеф Смитийн зөвлөх байсан боловч Их Эзэнд дуулгаваргүй байж, Наувугаас нүүсэн байв.
Сидней Ригдон Иосеф Смитийг нас барсныг дуулаад Наувуд эргэж ирэв. Тэр Сүмийн удирдагч болохыг хүсжээ.
Номлолд явсан төлөөлөгчид Иосефыг нас барсныг мэдээд, Наувуд мөн эргэж ирцгээв. Бригам Янг төлөөлөгчдийн удирдагч байжээ. Тэр шинэ ерөнхийлөгчийг сонготол Сүмийг удирдах эрх мэдлийг Их Эзэн төлөөлөгчдөд өгсөн гэж хэлэв.
Сүмийн гишүүд цуглаан явуулав. Эхлээд Сидней Ригдон үг хэлж, өөрийгөө Сүмийн удирдагч байх ёстой гэжээ.
Дараа нь Бригам Янг үг хэлж, төлөөлөгчид Сүмийг удирдах ёстой гэж хэлэв. Ариун Сүнс түүнтэй хамт байв. Бригам Янгийн хоолой Иосеф Смитийнх шиг сонсогдож байсан бөгөөд бүр зарим хүнд Иосеф Смит шиг харагдаж байлаа. Гэгээнтнүүд Бурхан төлөөлөгчдийг Сүмийг удирдуулахаар сонгосон гэдгийг мэдээд, тэд бүгдээрээ төлөөлөгчдийг өөрсдийн удирдагч болгохоор санал өгөв. Сидней Ригдон уурлаж, гэр рүүгээ буцаж, өөрийн сүмийг байгуулжээ. Тэр цаашид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байхаа болив.