8-р бүлэг
Есүс Христийн Сүмийг зохион байгуулахад бэлтгэх нь
1830 оны 4-р сар
Есүс Мормоны Ном Түүний сайн мэдээг зааж, Бурханы болон Түүний ажлын талаар гэрчилдэг гэж хэлжээ. Есүс уг номыг итгэлээр хүлээн авах хүмүүст адислалыг, харин эсэргүүцэх хүмүүст шийтгэлийг амласан.
Есүс дэлхий дээрх амьдралынхаа талаар ярьсан. Тэнгэрлэг Эцэг Түүнийг бидний Аврагч болгохоор илгээсэн. Сатан Есүсийг уруу татсан боловч Тэрээр түүнийг сонсоогүй юм.
Есүс хүмүүсийн хийдэг муу зүйлсэд асар их шаналав. Амьдралынхаа эцсийн өдрүүдэд Тэрээр зовж шаналан, бүх хүний төлөө цусаа асгаруулсан юм. Хэрэв тэд наманчлах юм бол Түүнтэй адил зовохгүй байх болно.
Ёс бус хүмүүс Есүсийг загалмайд өргөж, хөнөөсөн.
Есүсийн найзууд Түүний биеийг хадан булшинд тавьсан.
Гурав өдрийн дараа Есүс амилсан. Тэр амилсан байлаа!
Есүс амилсан учраас бүх хүн амилна. Учир нь Тэрээр бүх хүний нүглийн төлөө зовж шаналан, нас барсан. Хэрэв бид наманчилбал өршөөгдөх болно. Хэрэв бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, зарлигуудыг дагахын тулд чадах бүхнээ хийх аваас Тэнгэрлэг Эцэгт буцан очиж, хамт амьдрах болно.
Есүс хүмүүст баптисмын талаар заасан. Тэрээр хүмүүст Өөрийнх нь Сүмийн гишүүн болохын тулд баптисм хүртсэн байх ёстой гэж хэлсэн юм. Баптисм хүртэх хүсэлтэй хүмүүс наманчлах ёстой. Тэд Есүсийг хайрлаж, дуулгавартай дагах ёстой. Тэд мөн баптисм хүртэхийн тулд доод тал нь найман нас хүрсэн байх ёстой.
Есүс баптисм хүртээх зөв арга замыг зааж өгсөн. Тэрээр Аароны санваартай пристүүд, Мелкизедек санваартай эрчүүд хүнд баптисм хүртээж болно гэж хэлсэн билээ. Тэд уг хүнийг ус руу авч орон, тусгай залбирал хэлдэг.
Баптисм хүртээж байгаа хүн нь хүртэж байгаа хүнээ усан доогуур ортол нь дүрэх ёстой. Дараа нь тэр баптисм хүртэж байгаа хүнээ уснаас гаргаж ирнэ.
Хүмүүс баптисм хүртэхдээ Есүсийг дуулгавартай дагана гэж амладаг. Тэд бас сайныг хэлж, үйлдэхээ амладаг.
Есүс мөн нялх хүүхдүүдийг адислах талаар ярьсан. Мелкизедик санваартай эрчүүд нялх хүүхдүүдийг адислах боломжтой. Эрчүүд нялх хүүхдийг гартаа тэвэрч, нэг нь уг хүүхдэд нэр өгч, адисалдаг.
Есүс ариун ёслолын талаар ярьсан. Тэрээр бид ариун ёслолоос ойр ойрхон хүртэж байх ёстой гэсэн. Хэрэв бид ямар нэг муу зүйл хийвэл наманчлах хүртлээ ариун ёслолоос хүртэж болохгүй.
Бид Есүсийг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртдэг. Талх нь Түүний бие махбодын талаар бодоход бидэнд тусалдаг. Тэрээр загалмай дээр бидний төлөө амиа өгснийг бид дурсан санадаг.
Ус нь Есүсийн цусыг дурсан санахад бидэнд тусалдаг. Бид Түүний бидний төлөө Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналан, цусаа урсгасан явдлыг дурсан санадаг.
Бид ариун ёслолоос хүртэхдээ гэрээ байгуулдаг. Гэрээ бол амлалт юм. Бид Есүстэй илүү адилхан байхыг хичээнэ гэж амладаг. Бид Түүнийг үргэлж дурсан санана гэж амладаг. Бид бас Түүний зарлигуудыг дуулгавартай дагана хэмээн амладаг. Хэрэв бид гэрээгээ сахивал бидэнтэй хамт Түүний Сүнс байх болно хэмээн амласан.