23-р бүлэг
Сургаал ба Гэрээ
1831 оны 8–11-р сар
Иосефт өгөгдсөн илчлэлтүүдийг бичсэн боловч Сүмийн ихэнх гишүүнд хүрэлцсэнгүй. Чуулганы үеэр гэгээнтнүүд илчлэлтүүдийн ном болгож гаргахаар шийджээ. Номыг Зарлигуудын ном гэж нэрлэв. Хожим нь үүнийг Сургаал ба Гэрээ гэж нэрлэжээ.
Есүс Иосеф Смитэд уг номд бичигдэх хоёр чухал илчлэлтийг нэмж өгөв. Нэг нь номны эхлэлд, нөгөөх нь төгсгөлд зориулагдсан байлаа. Тэдгээр илчлэлт бидэнд уг номны болон сэргээгдсэн сайн мэдээний ач холбогдлыг ойлгоход тусалдаг.
Сургаал ба Гэрээ 67 мөн С ба Г 133, хэсгийн тойм
Сургаал ба Гэрээ нь бүх хүнд Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр дахин оршин буйг хэлдэг.
Сургаал ба Гэрээ нь санваарын талаар өгүүлэхийн зэрэгцээ уг хүчийг эрэгтэйчүүд хэрхэн ашиглах талаар хэлж өгдөг.
Сургаал ба Гэрээ нь Мормоны Номын талаар өгүүлдэг. Мормоны Номыг уншсанаар бүх хүн Есүс Христийн сайн мэдээний талаар мэдэж авах боломжтой.
Сургаал ба Гэрээ нь гэгээнтнүүдэд хуваалцах талаар заадаг. Хуваалцсан хүмүүс Ариун Сүнсээр дүүрэх болно.
Сургаал ба Гэрээ нь Бурханы зарлигуудын талаар заадаг. Эдгээр зарлигийг дуулгавартай дагадаг гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүстэй үүрд мөнхөд амьдрах боломжтой.
Есүс Сүмийн бүх гишүүн Сургаал ба Гэрээг унших ёстой гэж хэлсэн.
Чуулганы дараа Оливер Каудери илчлэлтүүдийн хувийг Миссури руу авч явав. Тэр уг илчлэлтүүдийг хэвлэх машинтай Сүмийн гишүүн Виллиам Фелпст өгчээ. Оливер Фелпс ахаас 3000 ном хэвлэж өгөхийг хүсэв. Хэвлэж дуусгахын өмнөхөн ёс бус хүмүүс хэвлэлийн ажлыг зогсоож, ихэнх хуудсыг нь устгажээ.
Эцэст нь Сургаал ба Гэрээ 1835 онд хэвлэгдэж гарав. Гэгээнтнүүд Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн төлөө Тэнгэрлэг Эцэгт талархжээ.