12-р бүлэг
Самуел Смитийн номлол
1830 оны 6-р сар
Самуел Смит нь Иосеф Смитийн дүү байсан. Есүс Самуелийг номлолд явуулахыг хүсэж байлаа. Самуел Смит Сүмийн анхны номлогч байсан юм.
Самуел хүмүүст сайн мэдээг номлож, Мормоны Номын талаар хэлэхээр явав. Эхний өдөр тэр 40 километр газар аялсан боловч хүмүүс түүнд найрсаг бус хандаж, түүнийг сонсохыг хүссэнгүй.
Орой болоход Самуел дэн буудалд очив. Тэрээр дэн буудлын эзнээс Мормоны Номыг худалдан авах уу хэмээн асуужээ. Буудлын эзэн уг номыг хаанаас авсныг Самуелээс асуужээ. Самуел түүнд энэ номыг түүний ах алтан ялтсуудаас орчуулсан гэж хэлэв.
Буудлын ззэн уурлаж, Самуелийг худал ярьж байна хэмээн буудлаасаа хөөжээ.
Самуел Смит сэтгэлээр унаж, тэр шөнө алимны модны доор хоноглов.
Дараа өглөө нь Самуел өөр нэг сүмийн удирдагч Жон Грийнтэй уулзахаар явав. Ноён Грийн Мормоны Номыг сонирхоогүй ч сүмийн хүмүүсээсээ Мормоны Номыг авах эсэхийг асуухаар тохирчээ. Самуел гурван долоо хоногийн дараа эргэн ирэхэд нэг нь ч зарагдаагүй гэдгийг олж мэдэв. Харин ноён Грийний эхнэр номыг уншсан гэдгээ хэлжээ.
Самуел Смитийн номлол хүнд хэцүү байв. Тэрээр гэртээ ирээд өөрийгөө амжилттай номлож чадсангүй хэмээх дүгнэлтэд хүрчээ.
Самуел тэр үедээ түүний номлол ноён болон хатагтай Грийн, түүнчлэн өөр бусад олон хүнийг Сүмд нэгтгэнэ гэж мэдээгүй байж.
Самуел мөн Мормоны Номыг Финеас Янг нэртэй нэгэн залууд заржээ. Финеас номыг уншаад, уншсан номоо дүү Бригам Янгдаа өгөв.
Бригам Янг Мормоны Номыг уншаад, үнэн гэдэгт нь итгэжээ. Финеас, Бригам Янг хоёр хэсэг найздаа Мормоны Номын талаар ярьсан ба тэд ч гэсэн уншиж, үнэн гэдэгт нь итгэжээ. Хожим нь Финеас, Бригам Янг болон тэдний найзууд Сүмд нэгдсэн.
Хэдхэн жилийн дотор Бригам Янг төлөөлөгчөөр дуудагдсан бөгөөд олон жилийн дараа Сүмийн ерөнхийлөгч болсон. Самуел Смитийн хичээл зүтгэлээр Сүмд нэгдсэн Бригам Янг болон өөр бусад хүн Сүмийн агуу удирдагчид болсон билээ.