61-р бүлэг Мормон суман 1846 оны 6-р сараас 1847 оны 7-р сар Гэгээнтнүүдийг Айовад байх зуур Америкийн Нэгдсэн Улсын ахмад Жеймс Аллен Бригам Янгтай уулзахаар ирэв. Ахмад Аллен Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Мексиктэй хийх дайнд хүч сэлбэхээр Сүмээс 500 эрэгтэйг явуулахыг хүсэж байна гэжээ. Хэдийгээр энэ нь гэгээнтнүүдийн хувьд маш хүнд үе байж, өрнөд рүү явах аялалд эрчүүд хэрэгтэй байсан ч Бригам Янг тэдний явахыг дэмжив. Тэдэнд төлөх мөнгө тэдний гэр бүлд болон ядуу гэгээнтнүүд, номлогчдод хэрэгтэй байлаа. Армид үйлчлэх нь мөн Сүмийн гишүүдийн эх орноо гэсэн сэтгэлийг харуулах байв. Ахмад Аллен эрчүүдтэй ярилцаж, 541 эрэгтэй армид нэгдэв. Тэд Мормон суман гэж нэрлэгдэх болжээ. Бригам Янг тэдэнд армийн хамгийн шилдэг цэргүүд бай гэж хэлжээ. Тэдэнд Библи, Мормоны Номыг авч яван, цэвэр, нямбай, эелдэг байх ёстой гэж хэлэв. Мөн хараал хэлж, хөзөр тоглох ёсгүй бөгөөд Бурханы зарлигийг дуулгавартай дагах ёстой гэж Бригам Янг хэлжээ. Хэрэв тэд энэ бүгдийг хийвэл байлдах шаардлага гарахгүй хэмээв. 1846 оны 7-р сард Мормон сумангийн эрчүүд ахмад Аллентай хамт явав. Ийм хүнд цаг үед эхнэр, хүүхдүүдээ орхиж явах тэдэнд хэцүү байлаа. Гэсэн ч Бригам Янг тэднийг эзгүй байхад гэр бүлийг нь халамжилна гэж хэлэв. Мормон сумангийнхан Форт Лийвэнворт руу явж, тэндээсээ хангамж авав. Дараа нь тэд Калифорнийн зүг баруун урагшаа жагсаалаар явав. Хэдэн цэргийн гэр бүлийнхэн тэднийг даган явжээ. Суманд жагсаалаар явахад үнэхээр хэцүү байв. Зам нь маш муу байсан учраас заримдаа тэрэгнүүд замын дунд гацаж байсан төдийгүй уух ус олоход ч хэцүү байлаа. Заримдаа бүр хүмүүст амрах модны сүүдэр ч олддоггүй байв. Зарим хүн өвчин тусав. Ахмад Аллен эмэгтэйчүүд, хүүхдүүд болон өвчтэй цэргүүдийг Колорадо руу явж, Пуебло хотод үлдэх ёстой гэсэн шийдвэр гаргав. Тэд тэндээ өвлийг өнгөрүүлжээ. Дараагийн зун нь тэд тал газраар яваа анхдагчидтай уулзав. Сумангийн ихэнх цэрэг үргэлжлүүлэн жагсаалаар явав. Заримдаа тэд ус олохын тулд элсэрхэг газрыг гүн ухах шаардлагатай болж байсан бөгөөд тэдэнд хангалттай хоол хүнс байсангүй. Тэд гал асаах модгүй байсан учраас ихэвчлэн хогийн ургамал шатааж байв. Цэргүүд хоол хүнстэй индианчууд болон бусад хүнтэй уулзав. Тэдэнд хоол хүнс худалдаж авах хангалттай мөнгө байгаагүй тул тэд индианчуудад зарим хувцсаа зарж, хоол хүнс худалдаж авчээ. Эцэстээ Мормон суман цавчим уулын дэргэд ирэв. Тэд тэрэгнүүдэд олс уяж, уул өөд татаж гаргаад, нөгөө талаар нь тэрэгнүүдийг доош эрчээр нь явуулж байжээ. Нэг өдөр хэдэн зэрлэг үхэр цэргүүд рүү дайрав. Тэд үхрүүдтэй тулалдаж, эцэст нь тэднийг хөөн явуулжээ. Гурван цэрэг бэртсэн байв. 1847 оны 1-р сарын 29-нд бараг 3219 километр замыг жагсаалаар явсныхаа дараа Мормон суман Номхон далайд ирэв. Тэд маш их ядарч, хувцас нь урагдаж муудсан байлаа. Урт удаан аялал дууссанд тэд баяртай байв. Тэр эрчүүд нэг жилийн цэргийн албаа хааж дуусгахын тулд Калифорнид хөдөлмөрлөв. Дараа нь тэднийг гэр бүл рүүгээ явахыг зөвшөөрчээ. Бригам Янгийн амласнаар тэдэнд байлдах хэрэг гарсангүй. Зарим эрэгтэй Калифорнид үлдэв. Тэдний ихэнх нь гэр бүлтэйгээ болон бусад гэгээнтэнтэй хамт байхын тулд Роки Маунтенс руу буцжээ. (Мормон сумангийн туулсан замыг 00-р [234] хуудсан дэх газрын зургаас үзнэ үү).