4-р бүлэг
Мартин Харрис ба алдагдсан хуудсууд
1827–1828 он
Мартин Харрис Пеннсильвани руу явж, Иосефт орчуулахад нь тусалжээ. Иосефыг алтан ялтсууд дээрх үгийг орчуулах үед Мартин тэдгээрийг цаасан дээр буулгадаг байжээ. Иосеф, Мартин хоёр Мормоны Номын 116 хуудсыг орчуулсан байв.
Мартин Харрис 116 хуудсыг авч яваад, гэр бүлийнхэндээ үзүүлэхийг хүсжээ. Иосеф Их Эзэнээс Мартинд хуудсуудыг авч явж болох эсэхийг асуухад Тэрээр үгүй гэж хариулав. Иосефыг ахин нэг асуухад Их Эзэн дахин үгүй гэжээ.
Мартин хуудсуудыг гэртээ авч явахыг хүссэн хэвээр байлаа. Тэр Их Эзэнээс дахин нэг асуухыг Иосефоос хүсэв. Энэ удаад Их Эзэн Мартин зөвхөн эхнэр, гэр бүлийн зарим нэгэн гишүүндээ үзүүлнэ гэж тохирвол хуудсуудыг авч явж болно гэжээ.
Мартин Их Эзэнийг дуулгавартай дагана гэж амлав. Тэр хуудсуудыг авч явж, гэр бүлийнхэндээ үзүүлэв. Харин тэр өгсөн амлалтаа зөрчиж, хуудсуудыг өөр хүмүүст бас үзүүлжээ.
Хожим нь Мартин хуудсуудыг авахаар очихдоо бүх газрыг нэгжиж хайсан ч олсонгүй. Хуудсууд алга болсон байлаа.
Хэдэн долоо хоногийн дараа, Мартин Харрис хуудсуудыг авчраагүйд Иосеф ихэд сэтгэл зовнижээ. Тэрээр хуудсуудыг алдсан гэдгээ хэлсэн Мартиныг олохоор Нью-Йорк руу явжээ. Иосеф, Мартин хоёр хоёулаа маш их сэтгэлээр унав.
Иосеф Пеннсильвани руу буцаж, өршөөл эрэлхийлэн залбирчээ. Моронай үзэгдэж, алтан ялтсуудыг авав.
Их Эзэн илчлэлтээр дамжуулан, Иосефыг дуулгаваргүй байсан болохоор нь хэсэг хугацаанд орчуулга хийлгэхгүй гэжээ. Их Эзэн мөн Иосефыг тайвшруулан, Түүний ажил урагшлахыг мөн хэрэв наманчилбал Иосеф уг ажлыг хийхээр сонгогдсон хэвээр байхыг хэлжээ.
Сатан 116 хуудсыг хулгайлуулахаар хэдэн ёс бус хүнд нөлөөлсөн гэдгийг Есүс Иосефт хэлжээ. Тэд үгсийг өөрчилж, тэгснээр хүмүүс Мормоны Номд итгэхгүй байх байжээ. Есүс Сатан болон ёс бус хүмүүс Бурханы ажлыг зогсоож чадахгүй хэмээн хэлэв.
Сургаал ба Гэрээ 10, хэсгийн тойм
Иосеф наманчлав. Удалгүй Моронай алтан ялтсуудыг буцаан өгч, Их Эзэн Иосефыг уучилж, орчуулах бэлгийг нь сэргээжээ. Есүс Иосефт алдсан хуудсуудын талаар санаа зовох хэрэггүй, учир нь алтан ялтсуудын өөр нэг хэсэгт алдагдсан хуудсууд дээрх түүхүүд давтагддаг гэж хэлэв. Есүс ялтсуудын бусад хэсгийг орчуулах хэрэгтэйг хэлжээ. Есүс мөн маш олон хүн Мормоны Номыг уншиж, Түүний сайн мэдээний талаар суралцана гэдгийг хэлэв.