2-р бүлэг
Иосеф Смитийн Анхны үзэгдэл
1820 он
Иосефын амьдардаг газарт маш олон сүм байдаг байжээ. Бүх хүн аль сүм зөв болох дээр санал зөрөлддөг байв. Иосеф аль сүмд нэгдэх ёстойгоо мэдэхгүй байсан бөгөөд аль нь Есүс Христийн үнэн Сүм болохыг мэдэхийг хүсэж байв.
Иосеф 14 настай байхдаа нэг өдөр Библиэс бид ямар нэгэн зүйл мэдэхийг хүсэж байвал Бурханаас асуух хэрэгтэй гэдгийг уншжээ. Иосеф аль Сүмд нэгдэх ёстойгоо Бурханаас залбирч асуухаар шийдэв.
Хаврын нэгэн сайхан өдөр Иосеф гэрийнхээ хажуу дахь ой руу явжээ. Тэр өвдөг сөгдөн, чанга гэгч нь залбирав. Тэр Тэнгэрлэг Эцэгийг залбиралд нь хариулна гэдэгт итгэлтэй байлаа.
Сатан Иосефыг залбируулахыг хүссэнгүй. Тэр Иосефыг зогсоохыг оролдон, эргэн тойрныг нь түнэр харанхуй болгов. Иосеф айж байсан бөгөөд ярьж ч чадахгүй байв.
Гэсэн ч Иосеф үргэлжлүүлэн залбирав. Сатан түүний залбирахыг болиулж чадсангүй.
Тэгээд Иосеф үзэгдэл үзжээ. Тэр өөрийнх нь эргэн тойронд тусах үзэсгэлэнт тод гэрлийг харав. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын түүний дээр агаарт зогсож байхыг харав. Тэнгэрлэг Эцэг Есүс рүү зааж “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” хэмээн хэлжээ.
Иосеф Есүсээс аль сүмд нэгдэх ёстойгоо асуухад Есүс тэдгээр сүм бүгд буруу учир алинд нь ч нэгдэх ёсгүйг хэлсэн юм. Тэдний аль нь ч Түүний Сүм байсангүй. Тэрээр Иосефт өөр олон зүйл хэлэв. Тийнхүү үзэгдэл төгссөн юм.
Иосефыг гэртээ ирэхэд ээж нь түүнээс зүгээр байгаа эсэхийг нь асуужээ. Тэр зүгээр гэж хариулав. Тэгээр тэрээр ээждээ үзэгдэл үзсэнээ, мөн үзэгдлээс юуг ойлгосноо хэлжээ.
Иосеф мөн үзэгдлийнхээ талаар тосгоны зарим нэг хүнд хэлжээ. Хүмүүс түүнд итгэсэнгүй. Тэд түүнийг худал ярьж байна хэмээн хэлж, уурлаж, түүнд эелдэг бус ханджээ.
Иосеф үзэгдлийнхээ талаар үргэлж үнэнийг хэлдэг байв. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харснаа мэдэж байлаа. Тэр дэлхий дээрх аль ч сүм үнэн биш гэдгийг бас мэдэж байв.