3-р бүлэг Тэнгэр элч Моронай ба алтан ялтсууд 1823–1827 он Иосефын анхны үзэгдлээс хойш 3 жил өнгөрчээ. Тэрээр 17 настай байхдаа Бурхан өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийг хүсэв. Нэгэн орой Иосеф энэ талаар залбирч асуужээ. Бурхан түүнд юу хийх ёстойг хэлнэ гэдэгт тэр итгэж байсан юм. Иосеф Смит—Түүх 1:27–29 Иосеф өрөөндөө нэгэн тод гэрлийг харжээ. Тэнгэр элч гэрлэн дотор зогсож байв. Тэнгэр элчийн царай гайхалтай гэрэлтэж байсан бөгөөд тэр тансаг цагаан орхимж өмссөн байв. Иосеф Смит—Түүх 1:30–32 Тэрээр өөрийнхөө нэрийг Моронай гэж хэлэв. Бурхан түүнийг Иосефтой ярилц хэмээн илгээсэн байжээ. Моронай Бурханд Иосефоор хийлгэх ажил байгаа хэмээн түүнд хэлэв. Иосеф Смит—Түүх 1:33 Тэнгэр элч Моронай Иосефт нэгэн номын талаар хэлжээ. Тэр ном нь эрт үед Америк тивд амьдарч байсан хүмүүсийн талаар байв. Есүс Христ тэдэнд дээр ирж, Өөрийн сайн мэдээг заасан байлаа. Иосеф Смит—Түүх 1:34 Моронай тэр номыг ялтас хэмээх алтан хуудсууд дээр, бидний мэдэхгүй хэл дээр бичигдсэнийг хэлжээ. Бурхан Иосефоос тэр номыг англи хэл руу орчуулахыг хүссэн байна. Иосеф Смит—Түүх 1:34–35 Тэнгэр элч Моронай тэдгээр алтан ялтсыг Иосефын гэрийн ойролцоох гүвээнд булсан гэж хэлжээ. Моронай Урим, Туммим гэгч хоёр чулууг ялтсуудтай хамт булсныг хэлэв. Чулуунууд Иосефт тэр номыг орчуулахад туслах ёстой байжээ. Моронайг ярьж байх үед Иосеф ялтсуудыг булсан газрыг үзэгдлээр харжээ. Иосеф Смит—Түүх 1:34–35, 42 Моронай мөн Иосефт олон жилийн тэртээ амьдарч байсан агуу бошиглогч Елиагийн талаар хэлжээ. Елиагийн тухай түүх Хуучин Гэрээнд гардаг. Иосеф Смит—Түүх 1:-38–39; Сургаал ба Гэрээ 2:1–3 Елиа эргэн ирж, дэлхий дээр онцгой санваарын хүчийг сэргээнэ гэж Моронай хэлжээ. Энэхүү хүч нь гэр бүлүүдэд ариун сүмд лацдан холбогдож, мөнхөд хамтдаа амьдрах боломжийг өгөх байв. Иосеф Смит—Түүх 1:38–39 Сургаал ба Гэрээ 2:1–3; 110:13–16 Тэнгэр элч Моронай явж, тэр шөнөдөө дахин хоёр удаа иржээ. Тэр ирэх бүрдээ Иосефт маш олон зүйл хэлээд, өглөө болоход явжээ. Иосеф сэрээд, аавтайгаа хамт ферм дээр ажиллахаар явав. Иосеф Смит—Түүх 1:43–48 Иосеф ажилдаа маш их ядарсан учир аав нь түүнийг гэр рүү нь явуулжээ. Тэрээр явж байхдаа газарт унасан бөгөөд Моронай түүнд дахин үзэгдэж, өнгөрсөн шөнө хэлсэн зүйлээ давтан хэлжээ. Явсных нь дараа Иосеф аавдаа Моронайн заасан зүйлийг хэлэв. Иосефын аав түүнд итгэсэн юм. Бурхан түүнд Моронайг илгээснийг аав нь мэдэж байсан бөгөөд Иосефт түүнийг дуулгавартай дагах ёстойг хэлэв. Иосеф Смит—Түүх 1:48–50 Иосеф алтан ялтсууд нуусан гүвээ рүү явсан бөгөөд ялтсуудыг том чулууны доорх чулуун хайрцагнаас олжээ. Урим, Туммим хоёр мөн хайрцганд байлаа. Иосеф Смит—Түүх 1:50–52 Иосефыг гүвээ дээр байх хооронд тэнгэр элч Моронай түүн дээр иржээ. Моронай Иосефт алтан ялтсуудыг авахыг хараахан зөвшөөрсөнгүй. Тэр Иосефт дөрвөн жилийн турш жил бүр, яг энэ өдөр гүвээн дээр ирж бай гэж хэлэв. Иосеф Смит—Түүх 1:53 Иосеф Моронайн үгийг дуулгавартай дагаж, Кумора гүвээ рүү жил бүр очжээ. Тэнд Моронай Иосефт дэлхий дээрх Их Эзэний хаант улсын талаар заадаг байсан юм. Иосеф Смит—Түүх 1:54 Иосеф Смитийн гэр бүл ядуу байсан ба тэдэнд мөнгө хэрэгтэй байв. Иосеф гэр бүлийнхэндээ туслахыг хүсэж байсан бөгөөд Пеннсильвани муж руу ажиллахаар явжээ. Тэрээр ноён Хэйлийнд амьдарч байв. Иосеф Смит—Түүх 1:56–57 Ноён Хэйл Эмма гэдэг охинтой байжээ. Иосеф, Эмма хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болж, удалгүй гэрлэжээ. Гэрлэснийхээ дараа тэд Иосефын гэр бүлийнхэнтэй амьдрахаар Нью-Йорк руу буцаж явсан бөгөөд тэндээ Иосеф аавдаа фермийнх нь ажилд тусалдаг байв. Иосеф Смит—Түүх 1:57–58 Иосеф, Эмма хоёрыг гэрлэснээс хойш хэдэн сарын дараа Иосеф Кумора гүвээ рүү дахин очжээ. Иосефыг анх алтан ялтсуудыг харснаас хойш дөрвөн жил өнгөрсөн байсан бөгөөд энэ удаад Моронай түүнд ялтсуудыг авахыг зөвшөөрөв. Моронай Иосефт ялтсуудыг сайн харж хамгаалах ёстой гэж хэлжээ. Иосеф Смит—Түүх 1:59 Олон хүн Иосефыг алтан ялтсуудыг хүлээн авсан талаар сонссон байв. Тэд ялтсуудыг хулгайлах гэж завдсан ч Иосеф тэдгээрийг олох боломжгүй газар нуусан байжээ. Бурхан Иосефт алтан ялтсуудыг найдвартай газар нууж хамгаалахад тусалжээ. Иосеф Смит—Түүх 1:60 Тэндхийн хүмүүс Иосефыг маш олон асуудалд оруулжээ. Тэд түүний талаар болон гэр бүлийнхнийх нь талаар худал ярьж байв. Иосеф Смит—Түүх 1:60–6 Асуудал хурцадсан тул Иосеф, Эмма хоёр Пеннсильвани руу буцаж явахаар шийдэж, тэнд Иосеф ялтсуудыг амар тайван орчуулах байх хэмээн найдаж байв. Мартин Харрис хэмээх нэгэн эр Иосефын ойролцоо амьдардаг байжээ. Тэр Иосеф, Эмма хоёрт сайн ханддаг байсан бөгөөд нүүхэд нь туслахын тулд мөнгө өгчээ. Иосеф Смит—Түүх 1:61–62