13-р бүлэг Иосеф, Эмма хоёр 1830 оны 7-р сар Иосеф, Эмма Смит хоёр Пеннсильванийн жижиг фермд амьдардаг байв. Тэд бие биендээ хайртай байсан бөгөөд нэг нэгэндээ туслахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг байжээ. Иосеф, Эмма хоёр маш олон зовлон зүдгүүрийг туулсан билээ. Тэд бяцхан хүүтэй болсон ч тэр нь их удалгүй нас барав. Тэд маш их гуниглаж байлаа. Иосеф гэр бүлийнхэндээ санаа зовж байв. Тэд ядуу байсан бөгөөд гэр бүлийнхнийгээ халамжлахыг хүсэж байлаа. Тэр гэр бүлээ идэх хоолтой байлгахын тулд тариа тарих хэрэгтэй байв. Иосеф мөн Сүмийн талаар санаа зовж байлаа. Зарим хүн гэгээнтнүүдэд асуудал учруулсаар байсан бөгөөд Сүмийн зарим удирдагч тэднээс нуугдах хэрэгтэй болж байв. Заримдаа Иосеф гэгээнтнүүдэд туслахын тулд гэрээ орхиж явах хэрэгтэй болдог байсан. Иосеф гэрээсээ явж байгаадаа гуниглаж, харин Эмма түүнийг явуулахдаа санаа нь зовдог байжээ. Иосеф юу хийхээ мэдэхээр залбирчээ. Есүс түүнийг гэмтээхийг завдаж байгаа хүмүүсээс айх хэрэггүй мөн зовлон зүдгүүрт тэвчээртэй байх ёстой гэдгийг Иосефт хэлсэн юм. Тэрээр мөн Иосефт үргэлж тусална гэдгээ хэлжээ. Сургаал ба Гэрээ 24:7, 16–17 Есүс Иосефт үр тариа тариалж, дараа нь бусад газарт байгаа гэгээнтнүүдэд туслах ёстой гэдгийг сануулсан бөгөөд хоол унд, хувцас хунар, мөнгөний тухайд санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн. Гэгээнтнүүд түүнд хэрэгтэй зүйлсийг нь өгч байлаа. Сургаал ба Гэрээ 24:3, 18 Есүс Иосеф Смитээр дамжуулан Эммад илчлэлт өгөв. Тэрээр Эмма Смитийг онцгой эмэгтэй хэмээн хэлжээ. Тэр түүнийг чухал ажил хийлгэхээр сонгосон гэв. Сургаал ба Гэрээ 25:3 Есүс Иосефыг асуудалтай байгаа үед нь тайвшруулж, тайтгаруулж байхыг Эммад зөвлөжээ. Тэр түүнийг аз жаргалтай, санаа зовохгүй байхад нь туслах хэрэгтэй гэв. Сургаал ба Гэрээ 25:5 Есүс Эммад гэгээнтнүүдэд зааж, судраас судлахад нь туслах ёстой гэж хэлэв. Тэрээр Ариун Сүнс түүнийг юу заахаа мэдэхэд тусална гэж хэлжээ. Сургаал ба Гэрээ 25:7–8 Есүс мөн Эммад өөрт байгаа цаг хугацаанд суралц гэж хэлжээ. Тэрээр олон зүйлд суралцаж, бичих хэрэгтэй байв. Сургаал ба Гэрээ 25:8 Есүс Эммад гэгээнтнүүдийн дуулах дуунуудыг сонгож, тэдгээр дууллыг дууны ном болгон хэвлүүлэх ёстойг зааварласан. Сургаал ба Гэрээ 25:11 Тэнгэрлэг Эцэг зөв шударга хүмүүсийн дуулахыг сонсох дуртай байдаг. Тэдний дууллууд Түүний хувьд залбирал бөгөөд тэдгээр залбирал адислалаар хариулагдах болно. Сургаал ба Гэрээ 25:12 Есүс Эммад даруу байж, нөхрөө хайрлах ёстой хэмээн хэлсэн. Тэрээр түүнд Иосефт ирэх адислалуудад баяртай байхыг сануулсан. Сургаал ба Гэрээ 25:14 Есүс Эммад аз жаргалтай байж баяс хэмээн хэлсэн. Тэр мөн түүнд гэрээгээ сахихыг сануулав. Хэрэв тэр гэрээгээ сахивал агуу адислалуудыг хүлээн авч, Түүнтэй тэнгэрт хамт амьдрах болно гэв. Сургаал ба Гэрээ 25:13, 15 Есүс Эмма Смитэд хэлсэн үг нь бүх хүнд хандан хэлсэн үг хэмээн хэлсэн. Сургаал ба Гэрээ 25:16