28-р бүлэг
Бошиглогч Иосеф Смит дахин Миссури руу явав
1832 оны 3–5-р сар
Есүс гэгээнтнүүдээс ядуу хүмүүсийг халамжлахыг хүсэж байгаагаа хэлэв. Тэр тэднээс бусадтайгаа хуваалцаж, тусалж байхыг хүсжээ.
Иосеф Смит уг илчлэлтийг хүлээн авсныхаа дараахан Миссури руу нөхөдтэйгөө хамт дахин хөдлөв. Миссури дэх гэгээнтнүүд түүнтэй уулзсандаа баяртай байлаа.
Иосеф гэгээнтнүүдэд уг илчлэлтийн талаар хэлэхийг хүсэж байсан тул тэднийг цуглаанд ирэхийг хүсэв.
Цуглаан дээр Их Эзэн Иосефт өөр нэгэн илчлэлтийг өгөв. Есүс гэгээнтнүүд бие биенээ уучилж байгаад баяртай байлаа. Тэд бие биенээ уучилсан тул Тэрээр тэднийг уучилна гэв.
Мөн энэ илчлэлтээр Есүс гэгээнтнүүдэд шинэ зарлиг өгөв. Тэрээр тэдэнд Сионы газар нутгийг өгсөн ба тэд үүнийг бусадтайгаа хуваалцах ёстой гэжээ. Хүн бүр өөрт хэрэгтэй зүйлсээ авах ёстой. Их Эзэн мөн гэгээнтнүүдээс авьяас чадвараа хөгжүүлж, үүнийгээ Сүмийн тусын тулд ашиглаасай гэж хүсжээ.
Цуглааны дараа Иосеф олон хотод очиж, гэгээнтнүүдийнхээр зочлов. Энэ нь түүний хувьд үнэхээр аз жаргалтай мөч байлаа. Тэр гэгээнтнүүдэд хайртай байв.
Миссурид байхдаа Иосеф өөр нэг илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн нөхрүүд эхнэрүүдээ, харин эцэг эхчүүд хүүхдүүдээ халамжлах ёстой гэжээ.
Их Эзэн мөн гэгээнтнүүдэд нөхөргүй эмэгтэйчүүдийг халамжлах ёстой хэмээн хэлэв. Мөн гэгээнтнүүд эцэг, эхгүй хүүхдүүдийг халамжлах ёстой.
Есүс гэгээнтнүүд агуулахад хийх хоол хүнс, бусад эд зүйлийг бишопт өгөх ёстой мөн бишоп агуулахад байсан зүйлсийг ядууст туслахын тулд ашиглах ёстой гэж хэлэв.
Иосеф Смит Миссури дэх ажлаа дуусгасны дараа бишоп Витнейтэй хамт Көртланд руу морин тэргээр буцав.
Нэг өдөр ямар нэгэн зүйл морьдыг үргээж, тэд хурдан давхилдаж эхэлжээ.
Иосеф тэрэгнээс үсэрсэн боловч гэмтээгүй байна. Бишоп Витней тэрэгнээс үсрээд, хөлөө хугалжээ.
Иосеф Смит, бишоп Витней хоёр дэн буудалд буудаллав. Бишоп Витней дөрвөн долоо хоногийн турш хэвтэж, Иосеф Витнейн хөлийг сайжиртал түүнтэй хамт байжээ.
Тэднийг буудалд байх үед хэн нэгэн нь Иосефын хоолонд хор хийжээ. Тэр хүнд өвдөв.
Иосеф бишоп Витнейгээс өөрт нь адислал өгөхийг хүсэв. Бишоп Витней санваарын хүчийг ашиглан Иосефыг адислахад тэр эдгэрчээ.
Иосеф өөрийг нь эдгээсэнд Бурханд талархав. Иосеф, бишоп Витней хоёр аян замдаа гарах тэнхээтэй болоод, өөр өөрсдийн гэр бүл рүү буцав.