64-р бүлэг
Роки Маунтенс дэх гэгээнтнүүд
1847 оны 7-р сараас эхлэн
Анхдагчид Агуу Солт Лэйкийн хөндийд хот барьж эхлэв. Тэд үүнийгээ Солт Лэйк Сити хэмээн нэрлэжээ. Бригам Янг ариун сүм барих газрыг сонгов.
Бригам Янг болон бусад удирдагч хот барих төлөвлөгөөг гаргав. Гэр бүл бүрд амьдарч, аж ахуй эрхлэх газар өгчээ. Анхдагчид дүнзэн байшин барьж, ургац тариалав. Тэд энд суурьшихад агуу итгэл, шаргуу хөдөлмөр хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч Бурханы тусламжтайгаар амжилтад хүрч чадна гэдэгт итгэж байлаа.
Бригам Янг хотыг таван тойрогт хувааж, хүмүүс сүмийн барилгыг барьж эхлэв. Олон анхдагч тал газрыг туулан, хөндийд ирэх тусам өөр олон тойргийг зохион байгуулж байлаа.
Анхдагчид сургууль ажиллуулж эхлэв. Сургуулийн ангиуд болон Сүмийн уулзалтууд нэг байшинд болж байлаа. Хожим нь Ням гаргийн анги явагдаж эхлэв.
Бригам Янг номлогчдыг далайн цаадах газрууд руу явуулав. Олон газраас ирсэн мянга мянган хүн Сүмд нэгджээ.
Сүмд нэгдсэн олон хүнийг Агуу Солт Лэйкийн хөндийд ирж, гэгээнтнүүдтэй нэгдэхийг урамшуулж байв. Тэд гэр орноо орхиж, далайг завиар гатлан, Америкийг хөндлөн туулан Солт Лэйкийн хөндий рүү очихоор агуу золиослол гаргаж байлаа.
Анхдагчдын ихэнх нь мал амьтдаар чирүүлдэг бүхээгтэй тэргээр тал нутгийг туулж байв. Зарим нь мал амьтан худалдаж авах мөнгөгүй байсан тул 2 дугуйтай жижигхэн тэрэг хийж, үүнийгээ гар тэрэг гэж нэрлэжээ. Анхдагчид гар тэргэн дээр бүх зүйлээ тавиад, тал газраар түрж, түлхэж явдаг байв. Тал газрыг туулах нь үнэхээр хэцүү ажил байлаа. Зарим хүн өвчин тусаж, нас барав.
Бригам Янг ухаалаг удирдагч байлаа. Тэр гэгээнтнүүдийг Айдахо, Вайоминг, Аризона, Калифорни зэрэг өрнөдийн олон хэсэгт хотууд бариулахаар явуулав.
Гэгээнтнүүд олон сорилт бэрхшээлтэй тулгарч байлаа. Заримдаа цаг агаар хэт хүйтэн, хэт халуун эсвэл хэт хуурай байснаас болж үр тариа ургадаггүй байв. Заримдаа хорхой шавьж ургацыг нь сүйтгэдэг байлаа. Гэсэн ч гэгээнтнүүд залбирч, итгэлтэй байсан бөгөөд Бурхан тэдэнд зовлон бэрхшээлээ туулахад нь тусалж байв.
Гэгээнтнүүдийг ирэх үед зарим индиан хүн тухайн нутагт амьдардаг байв. Заримдаа гэгээнтнүүд, индианчуудын хооронд асуудал үүсдэг байсан бөгөөд Бригам Янг гэгээнтнүүдэд найрсаг байхыг зөвлөдөг байв. Олон индиан тэдэнтэй нөхөрлөж, зарим нь Сүмийн гишүүд болжээ.
Гэгээнтнүүд Көртланд, Наувуд барьсан шигээ ариун сүмүүдийг барьж эхлэв. 1853 онд тэд Солт Лэйк Ситид ариун сүм барьж эхлэв. Тэд уг ариун сүмийг барьж дуусгахад 40 жил зарцуулжээ. Тэд Солт Лэйкийн ариун сүмийг барьж дуусгахаас өмнө Сэйнт Жорж, Логан, Мантай зэрэг хотуудад ариун сүм барив.