“7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84: ‘Бурханлаг чанарын хүч,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
7-р сарын 26-аас 8-р сарын 1
Сургаал ба Гэрээ 84
“Бурханлаг чанарын хүч”
Сургаал ба Гэрээ 84-ийг уншиж байхад, зааж буй хүүхдүүддээ ямар үнэнүүдийг онцлох хэрэгтэй гэсэн бодол танд төрсөн бэ? Ариун Сүнснээс танд ирж байгаа удирдамжийг тэмдэглэж ав.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Санваарын талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103–110 гэх мэт санваарын хүчээр адислагдаж байгаа хэн нэгнийг харуулсан зургийг үзүүлээд, санваар хэрхэн гэр бүлийг адисалдаг талаар хүүхдүүдээс асуу.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 84:19–22, 26–27
Санваар нь Бурханы хүч юм.
Таны заадаг хүүхдүүд санваарын зорилгын талаар мэдэх үү? Сургаал ба Гэрээ 84-т үүний нэг зорилго бол Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очиход бидэнд туслах явдал гэдгийг Их Эзэн илчилсэн. (Дэлгэрэнгүй мэдээллийг олохын тулд Сургаалын сэдвүүд, “Санваар ба санваарын түлхүүр,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 84:20-ийг уншаад, “ёслолууд” хэмээх үгийг сонсохдоо босож зогсохыг хүүхдүүдээс хүс. Ёслолууд гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103–108 гэх мэт санваарын хэд хэдэн ёслолын зураг үзүүлээд, зураг бүр дээр юу болж байгааг дүрслэхийг хүүхдүүдээс хүс (мөн the Scriptures, “Ordinances,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэж ирэхэд бидэнд туслахын тулд эдгээр ёслолыг өгсөн гэдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдээр үйл ажиллагааны хуудсыг будуул. Будаж байх үед нь хуудсан дээр үзүүлсэн янз бүрийн санваарын ёслолыг мөн яагаад тэдгээрт талархаж байгаагаа тайлбарла.
Би Есүсийг дагахдаа Түүний найз болдог.
Та Аврагч биднийг хамгийн сайн найзаас маань илүү их хайрладаг гэдгийг мэдэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 84:77-г уншиж байхдаа Аврагчийн зургийг үзүүл. “Найз” гэдэг үгийг сонсох бүрдээ Аврагчийн зураг руу заахад хүүхдүүдийг урь. Бид зарлигуудыг сахихыг хичээх үедээ Есүст хайртайгаа харуулдаг. Есүстэй найз байх гэдэг нь таны хувьд ямар утга учиртай талаар хуваалц.
-
Найзууддаа хайраа үзүүлэхийн тулд тэдний хийж болох зарим зүйлийг жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Есүс бидний найз гэдгээ харуулахын тулд юу хийсэн бэ? Бид Аврагчид найз нь гэдгээ харуулахын тулд юу хийж болох вэ? “Есүс бидний хайртай найз” (Хүүхдийн дууны ном, 37) гэх зэрэг Есүсийн тухай дууг хамтдаа дуул.
Тэнгэрлэг Эцэг номлогчдодоо тусалдаг.
Хэзээ нэгэн цагт номлогч болно гэсэн бодол нь сэтгэл хөдөлгөм, гэхдээ зарим хүүхдэд айж эмээмээр зүйл байж болох юм. Сургаал ба Гэрээ 84:88 нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн сайн мэдээг номлуулахаар урагш илгээдэг хүмүүстээ хэрхэн тусалдгийг тэдэнд заана.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд таньдаг номлогчдынхоо талаар бодоход тусал. Тэнгэрлэг Эцэг номлогчдод онцгой амлалт өгсөн гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 84:88-ыг уншаад, энэ шүлэгт өгүүлсэн амлалттай холбоотой үйлдлүүдийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Их Эзэнд үйлчилж байсан үеийнхээ талаар мөн 88-р шүлэгт дүрсэлснээр Тэрээр таньтай хамт байгааг мэдэрснээ ярь.
-
Ахлагч Такаши Вадагийн “Христийн үгэн дээр найрлах” хэлсэн үгэн дэх дөрвөн настай хүүгийн түүхийг хуваалц (Ensign, May 2019, 38–40 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–47). Итгэлийн тунхгийг хуваалцах гэх мэтээр гэрчлэлээ хэн нэгэнтэй хуваалцахын тулд тэдний хийж болох ямар нэгэн зүйлийн тухай бодоход хүүхдүүдэд тусал. Хүүхэд бүрээс сайн мэдээг найзтайгаа хуваалцаж байгаа дүр үзүүлэхийг хүс. Бусадтай сайн мэдээний талаар ярих үед Тэнгэрлэг Эцэг бидэнд юу хэлэхээ мэдэхэд тусалдаг болохыг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 84:4–5, 18–28, 30
Санваарын ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар бэлдэхэд надад тусалдаг.
Өсөж том болох үедээ таны заадаг хүүхдүүд ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хүртэх, гишүүний баталгаа хийлгэх гэх мэт өөр олон санваарын ёслолд оролцох боломжтой. Санваарын ёслолын зорилго, хүчийг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт Аароны санваар ба Мелкизедек санваар гэж бич. Сургаал ба Гэрээ 84:18, 26–28, 30-ийг хамтдаа уншаад, эдгээр шүлгээс Аароны санваарын талаар сурсан үнэнүүдээ жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Дараа нь Сургаал ба Гэрээ 84:18–25-ыг хамтдаа уншаад, Мелкизедек санваарын талаарх үнэнүүдийг жагсааж бич.
-
Баптисм, гишүүний баталгаа, санваарын адислал, ариун ёслол гэх мэт оролцож эсвэл харж байсан санваарын ёслолуудыг жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Эдгээр ёслолын талаарх туршлагаа хуваалцахыг тэднээс хүс. Сургаал ба Гэрээ 84:20-ийг хамтдаа унш (мэдэхгүй үгсийг ойлгоход нь тэдэнд тусал). Яагаад Их Эзэн биднийг ёслолд оролцоход урьдаг вэ? Санваар нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Ариун сүмийн зургаар эвлүүлдэг тоглоом хий. Сургаал ба Гэрээ 84:5-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд юуг барь хэмээн зарлигласныг сонсохыг тэднээс хүс. Хүүхэд бүрд эвлүүлдэг тоглоомын хэсгийг өгөөд, ариун сүмд ороход бэлдэхийн тулд хийж чадах зарим зүйлээ хуваалцахыг хүс.
Сургаал ба Гэрээ 84:64–72, 81–88
Их Эзэн номлогчдыг хамгаалж, хүчирхэгжүүлдэг.
Эдгээр шүлэгт сайн мэдээг номлуулахаар Өөрийн дуудсан хүмүүст Их Эзэний өгсөн амлалтууд орсон байдаг. Эдгээр амлалт нь мөн Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахад хүүхдүүдийг урамшуулж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг хоёр хоёроор нь хуваарилаад, хос бүрд Сургаал ба Гэрээ 84:64–72, 81–88-аас унших хэдэн шүлэг өг. Сайн мэдээг хуваалцдаг хүмүүст өгсөн Их Эзэний амлалтыг олоход тэднийг урь. Олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс. Сайн мэдээг номлож байхдаа Их Эзэний тусламжийг хүлээн авсан таньдаг эсвэл судар дээрх хүмүүсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (лемен үндэстэн Самуел [Хиламан 13:2–4; 16:6–7] эсвэл Аммон [Алма 17:32–38] гэх мэт). Та Их Эзэнд үйлчилж байхдаа Түүний тусламж дэмжлэгийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалц.
-
Ангид аяга эсвэл үүнтэй адилхан сав авчир. Хүүхдүүд яг одоо номлогч байж болох арга замуудыг жижигхэн цаасан дээр бичээд, цаас бүрийг аяганд хий. Аягануудыг ойртуулан тавиад, амыг нь дээш харуулан шалан дээр тавь. Аль нэгэн аяга руу жижигхэн зүйл ээлжлэн шидүүлж, уг аяган доторх цаасан дээр бичсэн зүйлийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Хэцүү, сандарч байсан ч сайн мэдээг бусадтай хуваалцахад Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Номлолын ажлын ачаар буюу номлогчид бидэнд, эцэг эхэд маань эсвэл өвөг дээдэст маань заасан учраас бид бүгдээрээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаа гэдгийг олж харахад нь хүүхдүүдэд тусал. Номлогчид хэрхэн танд эсвэл таны өвөг дээдэст сайн мэдээг хүлээн авахад тусалсныг хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдэд үүнтэй адил туршлагаасаа хуваалцах боломж олго. Гэр бүлийнх нь анхны Сүмийн гишүүд сайн мэдээний талаар хэрхэн сонссон талаар эцэг эхээсээ асуухад тэднийг урамшуул.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоног гэртээ эсвэл найзтайгаа сайн мэдээг хуваалцахын тулд ямар нэгэн зүйл хийхэд хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэгээсээ тусламж хүсэхэд мөн өөрсдөд нь туслахын тулд Тэрээр юу хийхийг олж харахад тэднийг урамшуулан дэмж.