“7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83: ‘Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
7-р сарын 19–25
Сургаал ба Гэрээ 81–83
“Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг”
Сургаал ба Гэрээ 81–83 дээрх илчлэлтүүд таны заадаг хүүхдүүдэд гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө дунд сайныг үйлдэхэд хэрхэн туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт хэн нэгэнд туслахын тулд хийсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Бусдад туслах нь хэрхэн бидэнд Аврагчтай адилхан болоход туслах вэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би ямагт залбирах ёстой.
Их Эзэн Фредерик Г.Виллямсыг бошиглогч Иосеф Смитийн зөвлөхөөр дуудахдаа түүнд “залбиралд … ямагт итгэлтэй байхыг” зөвлөсөн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Чангаар болон зүрх сэтгэлдээ, олны өмнө болон ганцаар хийх залбиралд, … ямагт итгэлтэй” (Сургаал ба Гэрээ 81:3) байхыг зөвлөсөн Их Эзэний зөвлөгөөг хүүхдүүдэд уншиж өг. Зүрх сэтгэлдээ залбирах гэдэг нь юу болохыг тайлбарлаж, хувийн жишээгээ хуваалц. Хүүхдүүдэд “олны өмнө болон ганцаар” залбирч чадах үеүдийн талаар бодоход тусал.
-
Хүүхдүүдэд хэрхэн залбирахыг заа. Тэд Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлж, хэрэгтэй зүйлээ Түүнээс гуйж болно гэдгийг онцол. “Хайрт Эцэг минь Тандаа талархъя” (Хүүхдийн дууны ном, 9) зэрэг залбирлын тухай дуу нь залбирахдаа юу хэлэхийг мэдэхэд хүүхдүүдэд тусална. Хүүхэд бүрд богино залбирал хэлэх боломж олго.
-
Тэнгэрлэг Эцэгтээ талархаж мөн залбирч гуйж болох зүйлсийн талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Тэдгээр зүйлээ зурж, ангийнхантайгаа хуваалцах боломжийг тэдэнд олго.
Би эргэн тойрныхондоо үйлчилж чадна.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхэд бүрийн хэрэгцээг мэддэг ба яг таны заадаг хүүхдүүд шиг хүмүүсийг ашиглан хэрэгцээг нь хангаж тусалдаг. Та хүүхдүүдэд бусдын хэрэгцээг олж харан, үйлчлэхэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 81:5-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, “сул доройчуудад туслах,” “доош унжсан гарнуудыг өргөгтүн” гэсэн үг хэллэгийг ойлгоход тусал. Энэхүү шүлэгт Их Эзэний хүссэнийг бид үйлдэж болох арга замуудыг жүжигчлэн үзүүлэх боломжийг тэдэнд олго. Есүс Христийн бусдад үйлчилсэн энгийн түүхийг ярихдаа зураг, видео бичлэгүүд ашигла (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 41, 42, 46, 47, 55; biblevideos.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Бид Аврагчийн бусдад үйлчлэх үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
-
“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) дууны 4-р бадгийг эсвэл үйлчлэлийн тухай өөр дууг дуул. Хэн нэгний танд үзүүлсэн үйлчлэл Аврагчийн таныг гэх хайрыг мэдрэхэд тусалсан үеийнхээ талаар ярь.
-
Сургаал ба Гэрээ 82:19-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, “хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлэх” гэсэн үг хэллэгийг онцолж хэл. Энэ нь аливаа зүйлийг хөршдөө, бас гэр бүлийнхэндээ туслахын тулд хийх гэсэн утгатай болохыг тайлбарла. Энэ долоо хоногт хэн нэгэнд үйлчилж болох арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.
Бурхан намайг дуулгавартай байвал адисална хэмээн амласан.
Хүүхдүүд өсөж томрохдоо яагаад Бурхан ийм олон зарлиг өгдөг юм бол гэж бодож магадгүй. Бурхан биднийг адислахын тулд зарлигуудыг өгдөг гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд Бурханы бидэнд өгсөн зарлигуудын талаар бодоход тусал (жишээлбэл, Гэтлэл 20:4–17; Матай 22:37–39; Сургаал ба Гэрээ 89:5–17-г үзнэ үү). Хүүхдүүдэд эдгээр зарлигийг ойлгож, санахад нь туслахын тулд самбарт зургуудыг зур. Бурханы зарлигууд хэрхэн биднийг адисалж, хамгаалдаг болохыг харуулсан жишээнүүдийг өг.
-
“Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг” (Сургаал ба Гэрээ 82:10) гэснийг хүүхдүүдэд уншиж өг. Хүүхдүүдээс эдгээр үгийг хэдэн удаа давтаж хэлэхийг хүсээд, үгсийг хэлэхэд хэмнэлийн дагуу алга таших гэх мэт арга замаар цээжлэхэд нь туслах арга замуудыг бодож ол. Бурханы зарлигуудыг сахих үед Тэрээр бидэнд өгсөн амлалтаа биелүүлдэг гэдгийг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би “чангаар болон зүрх сэтгэлдээ” залбирч болно.
Та хүүхдүүдийг хэрэгтэй үедээ Их Эзэнд хандан “ямагт залбирахад” хэрхэн сүнсээр өдөөж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 81:3-ыг уншихад хэн нэгнийг уриад, “зүрх сэтгэлдээ” залбирах гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүдээс асуу. Та чангаар эсвэл зүрх сэтгэлдээ залбирч мөн Их Эзэний танд тусалж байсан туршлагаас хуваалц. Мөн өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Залбирал биднийг Тэнгэрлэг Эцэгт илүү ойртоход хэрхэн тусалдаг вэ?
-
Хүүхдүүдтэй хамт “Залбиръя гэж бодов уу?” эсвэл “Secret Prayer” (Сүмийн дуулал ба хүүхдийн дууны ном, д. 48, Hymns, д. 144) зэрэг залбирлын тухай дууллыг уншиж эсвэл дуулж болно. Залбирлын талаар ямар нэгэн зүйлийг ойлгоход тусалсан үг хэллэгийг уг дууны үгсээс хуваалцахад хүүхдүүдийг урь. Илүү сайн залбирдаг болохын тулд юу хийж болох талаар тунгаан бодоод, орж ирсэн бодол санаагаа бичих цагийг тэдэнд олго.
Бурхан намайг тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилж, хүчирхэгжүүлээсэй хэмээн хүсдэг.
Гэр бүлийнхэн, найз нөхөд, хөршүүддээ үйлчилж болох олон арга зам байдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт гар, өвдөгний зураг зур. Сургаал ба Гэрээ 81:5-ыг уншаад, Их Эзэн биеийн эдгээр хэсгийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. “Pass It On” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж эсвэл та өөрөө болон хүүхдүүд хүмүүсийн бие биедээ хэрхэн үйлчилж байхыг харснаа хуваалц. Бид эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг хэрхэн сайн мэдэж болох вэ? Энэ долоо хоногт хамгийн багадаа нэг хүнд үйлчлэхэд хүүхдүүдийг урь. Бусдад үйлчлэх арга замыг олохын тулд “Have I Done Any Good?” (Hymns, no. 223) гэх мэт үйлчлэлийн талаарх дууг дуул.
-
Бусдад үйлчлэх арга замыг нэрлэж байх үедээ даалууг (эсвэл үүнтэй адил зүйлийг) ээлжлэн өрөхөд хүүхдүүдийг урь. Нэг хүүхдээс даалууг түлхээд, бусдадаа хэрхэн нөлөөлөхийг нь харахыг хүс. Бидний үйлчлэл эргэн тойронд байгаа хүмүүст маань үүнтэй адил хэрхэн нөлөөлж болох вэ? (Мөн “Dominoes,” ChurchofJesusChrist.org видео бичлэгийг үзнэ үү.) Хэн нэгний хайраар үзүүлсэн үйлчлэл таныг өөр хүнд үйлчлэхэд урамшуулсан талаар ярьж өгнө үү.
Бурхан намайг дуулгавартай байвал адисална хэмээн амласан.
Хүүхдүүдийн Бурханы амлалтад найдах найдвар өсөхөд зарлигуудыг нь дагах хүсэл мөн адил өсөн нэмэгддэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бурханыг хэт олон зарлиг өгсөн гэж боддог нэг найзтай хэмээн төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Яагаад Бурхан зарлигууд өгдгийг ойлгоход нь найздаа туслах ямар нэгэн зүйлийг Сургаал ба Гэрээ 82:8–10 дээрээс хайж олохыг тэднээс хүс. Бурханы зарлигууд хэрхэн таныг адисалсан тухай хуваалцаж мөн хүүхдүүдийг бодол санаагаа хуваалцахад урь.
-
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн амлалтыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд ангийнхныг гурван бүлэгт хуваагаад, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдийг уншуулахаар оноож өг. Үүнд: Сургаал ба Гэрээ 1:37–38; 82:10; 130:20–21. Тэнгэрлэг Эцэгийн амлалтын талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь. Бидний дуулгавартай байдал хүлээн авах адислалуудад маань хэрхэн нөлөөлдөг вэ? Дуулгавартай байснаар Бурханы адислалуудыг хүртэж байсан жишээг өөрийн амьдралаас эсвэл судраас бодож олоход хүүхдүүдэд тусал.
-
Сургаал ба Гэрээ 82:8–10-т заасан зарчмуудыг гэрчлэх хувийн туршлагаасаа хуваалц. Та Их Эзэнд болон Түүний амлалтад хэрхэн итгэдэг болсон бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг энэ долоо хоногт гэр бүлийнхээ хэн нэгэнд хэрхэн үйлчилж болох талаар бодоход урь. Ирэх долоо хоногийн хичээлээр хийсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.