“7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80: ‘Би та нарыг удирдах болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
7-р сарын 12–18
Сургаал ба Гэрээ 77–80
“Би та нарыг удирдах болно”
Та Сургаал ба Гэрээ 77–80-ыг судалж байхдаа, сайн мэдээний зарчмуудыг илүү сайн ойлгоход хүүхдүүдэд туслах үг, хэллэгийг хай. Олсон шүлэг тань доорх үйл ажиллагаанд ороогүй байсан ч тэдгээрийг чөлөөтэй хуваалцаж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Талархаж буй зарим зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд болон тэдний гэр бүлийнхэн өгсөн адислалуудад нь талархаж байгаагаа Тэнгэрлэг Эцэгт хэрхэн илэрхийлдэг вэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан дэлхий дээрх бүх амьтныг бүтээсэн.
Бурханы бүтээсэн зүйлсийн талаар сурч мэдэх нь Түүний тэднийг гэх хайрыг мэдрэхэд нь хүүхдүүдэд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хорхой шавьж, шувуу болон бусад амьтны зургийг хүүхдүүдэд үзүүл. Таныг Сургаал ба Гэрээ 77:2 дахь “амьтад,” “мөлхөгч зүйлүүд” болон “огторгуй дахь жигүүртнүүдийн” талаар унших явцад тохирох зураг руу заахад хүүхдүүдийг урь. Бурхан бидэнд хайртай бөгөөд аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг тул эдгээр зүйлийг бүтээсэн болохыг гэрчил (мөн Сургаал ба Гэрээ 59:16–20-ийг үзнэ үү).
-
“Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) гэх мэт Бурханы бүтээлийн тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Дуулж буй зүйлс нь хэрхэн Бурханы хайрыг мэдрэхэд тэдэнд тусалж байгааг хүүхдүүдээс асуу.
Би өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж чадна.
Тэнгэрлэг Эцэг “тэнгэрлэг зүйлүүд” болон “дэлхийн зүйлүүдэд тэгш” (6-р шүлэг) байхын тулд адислалаа бие биетэйгээ чөлөөтэй хуваалцахыг биднээс хүсдэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Дэлхийн зүйлүүдэд тэгш” (6-р шүлэг) байна гэдэг нь юу гэсэн утгатайг заахын тулд тусламж хэрэгтэй хүмүүсийн зургийг хүүхдүүдэд өг (өлссөн, гэмтсэн эсвэл даарсан хүмүүс гэх мэт). Дараа нь бусад хүүхдэд туслах зүйлсийг өг (хоол хүнс, шархны наалт, хөнжил гэх мэт). Зураг дээрх хүмүүст туслах юу өөрт нь байгаа талаар хуваалцахад хүүхдүүдийг урь. Бусад хүүхдэд ээлжлэн хуваалцах боломж олго. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэд нь хэрэгтэй зүйл нь байгаасай хэмээн хүсдэг бөгөөд үүний тулд биднээс байгаа зүйлээ хуваалцахыг олонтоо хүсдэг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
“28-р бүлэг: Бошиглогч Иосеф Миссури руу дахин явав”-ын эхний хоёр зургийн доорх өгүүлбэрүүдийг хүүхдүүдэд уншиж өг (Сургаал ба Гэрээний түүхүүд, 108-ыг үзнэ үү). Тэд хэн нэгэнд байшин барихад тусалж, хоол хүнсээ хуваалцаж, өөр ямар нэгэн арга замаар үйлчилж байгааг дүрслэн үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Тусалж мөн хуваалцах үед бидэнд ямар санагддаг вэ? Есүс Христийн бидэнтэй хуваалцдаг зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Есүс Христ намайг удирдах болно.
Хэрэв бид Их Эзэнд “[биднийг] удирдах” боломж олговол бүр “эдүгээ … давж чадах нь үгүй” зүйл байсан ч бид “зоригтой байж” чадна (18-р шүлэг).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Жагсаалтын эхэнд явах эсвэл дуу удирдах гэх мэтээр удирдаж байснаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Удирдагч юу хийдэг вэ? “Зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” гэх Сургаал ба Гэрээ 78:18 дахь үгсийг уншиж байхдаа Аврагчийн зургийг үзүүл. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Аврагчийг дагаж болох арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдийг Есүсийг дагахад уриад, Түүний зургийг барингаа тэднийг өрөөгөөр тойруулан дагуулж яв. Ийн хийхдээ “Би Есүс шиг байхыг хичээнэ” эсвэл “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 40–41, 82) гэх мэт Есүс Христийг дагах тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүдээр зургийг ээлжлэн бариулж, бусад хүүхдийг удирдах боломж олго.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би судрын талаарх асуултынхаа хариуг авч чадна.
Иосеф Смит асуултынхаа хариултыг хэрхэн эрж хайсан талаар хүүхдүүдэд заах нь Тэнгэрлэг Эцэгээс удирдамж заавар эрэлхийлэн асуух юм бол Тэрээр тэдний асуултад хариулна гэдгийг мэдэхэд тусална. Түүнээс хариулт хүлээн авсан тухай туршлагаасаа хуваалцах талаар бодож үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“27-р бүлэг: Бошиглогч хавчлага мөрдлөгийн хажуугаар ажлаа үргэлжлүүлсээр байлаа”-ын эхний гурван зургийн доорх үгийг хүүхдүүдэд уншиж өг (Сургаал ба Гэрээний түүхүүд, 104-ийг үзнэ үү). Иосеф Смиттэй адил судар дээрх ямар нэгэн зүйлийг ойлгохгүй үе тэдэнд тохиолдож байсан эсэхийг хүүхдүүдээс асуу. Тэдэнд туршлагаа хуваалцах боломж олго. Иосеф хариулт олж авахын тулд юу хийсэн бэ? Тэнгэрлэг Эцэг судар дээрх ямар нэгэн зүйлийг ойлгоход тань тусалсан үеийнхээ тухай хүүхдүүдэд ярь.
-
Иосеф Смитэд асуулт байсан Илчлэлт номын зарим шүлгийг унших нь таны заадаг хүүхдүүдэд таалагдаж болох юм. Дараа нь тэд Сургаал ба Гэрээ 77-г уншаад, Их Эзэн юуг ойлгоосой хэмээн түүнээс хүссэнийг олж мэдэж болно. Утга учиртай гэж бодож байгаа хэдэн шүлгийг тэдэнтэй хуваалц.
Би Есүс Христийн “зарчмыг урагшлуулахад” тусалж чадна.
78-р хэсэгт Их Эзэн Сүмийн хэдэн удирдагчид Их Эзэний “зарчмыг урагшлуулахад” (4-р шүлэг) туслах тодорхой удирдамж заавруудыг өгсөн. Их Эзэний зарчмыг урагшлуулахын тулд ямар үүрэгтэй байж болох талаараа бодож үзэхэд хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 78:4-ийг уншихыг хүүхдүүдээс хүс. Баптисм хүртэх үедээ бид ямар “зарчмыг” “дааж авсан” (хүлээн зөвшөөрсөн эсвэл дэмжихээр сонгосон) бэ? Дараахын адил судрын хэсгээс хариултаа олоход урамшуул. Үүнд: Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37; Мосе 1:39.
-
Ньюел К.Витней дэлгүүртэй байсан ба Их Эзэн түүнээс болон бусад хүнээс Өөрийнх нь ажлын төлөө хэсэг мөнгө гаргахыг хүссэн (Сургаал ба Гэрээ 63:42–43-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 78:3–7-г уншаад, яагаад тэр эрсээс ийн хийхийг хүссэнийг олж мэдэхэд тэднийг урь. Ньюелтэй адил биднээс хуваалцахыг хүссэн бол бидэнд ямар санагдах байсан бэ? Бидний энэ цаг үед аравны нэг, өргөл өгөх, дуудлагадаа үйлчлэх гэх мэтээр Их Эзэний ажилд хүмүүс хувь нэмэр оруулдаг арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.
Бид “бүх зүйлийг талархалтайгаар” хүлээн авах ёстой.
Их Эзэний өгсөн зүйлд талархах юм бол Тэрээр биднийг улам ихээр адисалдаг. Та өөрийн заадаг хүүхдүүдэд адислалууддаа талархахыг хэрхэн зааж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 78:19-ийг уншаад, талархдаг хүмүүст Их Эзэн юу амласныг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдэд эхлээд нэг жижиг зүйлийг, дараа нь уг зүйлийн 100 ширхгийг үзүүлэх замаар “зуу дахин” гэж юу болохыг ойлгоход тусал.
-
“I Am Glad for Many Things” (Children’s Songbook, 151) гэх мэт талархалтай байх тухай дуу дуул эсвэл “Think to Thank” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзнэ үү. Хүүхдүүдэд талархаж буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргах цаг өг. Өгсөн цагт аль болох олон зүйлийг жагсааж бичихэд урамшуулан дэмж.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Заадаг хүүхдүүдийнхээ эцэг эхтэй холбоо барьж, ангид сурсан зүйлийнх нь талаар хүүхдүүдээсээ асууж болох асуултыг тэдэнд санал болго.