“6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75: ‘Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
6-р сарын 28-аас 7-р сарын 4
Сургаал ба Гэрээ 71–75
“Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй”
Таны заадаг хүүхдүүд ангид маш олон зүйл сурч чадах ч хэрэв тэд гэртээ судраас суралцах дадал хэвшлийг суулгаж чадвал илүү ихийг сурах болно. Гэр орондоо сайн мэдээнээс суралцахыг хэрхэн дэмжиж, урамшуулах талаар бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг шалан дээр тойрон суухыг уриад, тэдний нэг рүү бөмбөг өнхрүүл. Саяхан гэртээ юм уу Хүүхдийн хэсэгт сайн мэдээний талаар ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахыг тэр хүүхдээс хүс. Тэгээд уг хүүхдийг бөмбөгөө өөр нэг хүүхэд рүү өнхрүүлэхэд урь. Хүүхэд бүрд хуваалцах боломж олдох хүртэл үүнийг давтаж хий.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэн надад туслах бишопыг дуудсан.
Тэдэнд болон тойргийн бусад гишүүнд үйлчлэхийн тулд бишоп юу хийдэг талаар бага насны хүүхдүүд сайн мэдэхгүй байж магад. Та тэдэнд бишопын үйлчлэлд талархаж сурахад нь тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Аравны нэгийн өргөлийн маягт, судар, зөвлөгөө өгч байгаа бишопын зураг гэх мэт бишопын үүрэг хариуцлагыг төлөөлсөн зүйлсийг ангид авчир (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймын төгсгөлд байгаа зургийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 72:2-ыг уншаад, Их Эзэн бидэнд туслуулахаар бишопыг дуудсан гэдгийг тайлбарла. Авчирсан зүйлээ ашиглан тойрогт үйлчлэхийн тулд бишопын хийдэг зарим зүйлийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдийг бишопын өрөө рүү дагуулан авчир (та бусад багш нартай тохиролцох хэрэгтэй байж болно). Бишоптой өрөөнд нь уулзаж болох зарим нөхцөлийг тайлбарла (баптисмын ярилцлага, аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг гэх мэт). Бишопын үйлчлэл хэрхэн таныг адисалсан талаар хүүхдүүдэд хэл.
-
Их Эзэний ажлыг хийхэд тусалдагт нь талархсан ил захидал хийж, бишопт өгөхөд хүүхдүүдэд тусал.
Би Их Эзэний төлөө бүхий л чадлаараа зүтгэж чадна.
Бүр бага насандаа ч гэсэн хүүхдүүд Их Эзэний зарлигуудыг сахихын тулд чадах бүхнээ хийснээр баяр баясгаланг олж авч чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сүмийн өрөө цэвэрлэх эсвэл гэртээ аяга таваг угаах гэх мэт үйлчлэлийг хэрхэн хийхээ ээлжлэн жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Сургаал ба Гэрээ 75:3-ыг уншаад, “залхуурахгүй байж” гэхэд хэрхэн залхуу хойрго байхыг, харин “чадлаараа хөдөлмөрлөх” гэж хэлэхэд хэрхэн шаргуу хөдөлмөрлөхийг үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Их Эзэнд бид чадлаараа үйлчлэх нь яагаад чухал вэ?
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн “Ямар ч эдийн засгийн хувьд хамаарах хоёр зарчим” үгэн дээрх ажил хөдөлмөрийн тухай түүхийг хүүхдүүдтэй хуваалц (Ensign, Nov. 2009, 55–58 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65–68). Бүхий л чадлаараа хичээсэн үед бидэнд ямар санагддаг вэ?
-
“Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном,108) гэх мэт хамтдаа хөдөлмөрлөх тухай дуу дуул. Хүүхдүүдэд дууны үгтэй таарсан үйлдэл хийхэд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би гэрчлэлээ хуваалцах замаар үнэнийг хамгаалж чадна.
Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёроор хийлгэхээр дуудсаны адил Сүмийг шүүмжлэгчдийн эсрэг хариу өгөхийг хүүхдүүдээс шаарддаггүй. Гэхдээ үнэний талаарх тэдний энгийн гэрчлэл бусдад хүчтэй нөлөөлж чадна гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 71-ийн удиртгал хэсэг эсвэл “25-р бүлэг: Иосеф Смит, Сидней Ригдон хоёр номлолд явсан нь” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 96) хэсгийг ашиглан 71-р хэсэг дэх илчлэлтийг өгөх болсон нөхцөл байдлыг хүүхдүүдэд заа. Сургаал ба Гэрээ 71:1-ийг хүүхдүүдтэй уншаад, хүмүүсийн Сүмийн эсрэг “найрсаг бус санаа бодлуудын” талаар юу хийхийг Иосеф, Сидней хоёроос Их Эзэн хүссэнийг олж мэдэхэд тэдэнд тусал (удиртгал хэсэг). Тэрээр тэдэнд туслахын тулд юуг өгнө хэмээн хэлсэн бэ? Бид хэрхэн Иосеф, Сидней хоёртой адилхан байж чадах вэ?
-
Сүмийн талаар мэдэх зүйлээ хэрхэн бусадтай хуваалцах дадлагыг хоёр хоёроороо хийхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд энгийн гэрчлэлээ эсвэл Итгэлийн тунхгийн нэгийг хуваалцаж болно.
Их Эзэн ажилдаа туслуулахаар бишопуудыг дууддаг.
Бишоп залуу хүний амьдралд хүчтэй эерэг нөлөө үзүүлж чадна. Бишопыг Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч гэдгээр нь харахад хүүхдүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
1831 онд Их Эзэн Сүмийн бишоп Эдвард Партрижийг Огайо мужийн Көртландаас Миссурийн Индепенденст бишоп болгохоор дуудсан болохыг тайлбарла (“17-р бүлэг: Сүмийн анхны бишоп,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 64–66-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 72:8-ыг хүүхдүүдтэй уншаад, хэнийг Их Эзэн Көртландын шинэ бишопоор үйлчлүүлэхээр дуудсаныг сонсохыг тэднээс хүс. Их Эзэн яагаад бишопуудыг дууддаг вэ? Бишопын үзүүлсэн үйлчлэл таныг адисалж байсан туршлагаасаа хүүхдүүдтэй хуваалц.
-
Тойргийн хүмүүст туслахын тулд бишопын хийж байхыг харсан зарим зүйлээ жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Тэдний дурдсан аль нэгэн зүйлийг хийж байгаагаар бишопыг зурахыг хүүхдүүдээс хүс. Бишопыг тань Их Эзэн Өөрийн үйлчлэгчээр дуудсан талаарх гэрчлэлээ хуваалц. Их Эзэн манай тойрогт бишоп дуудсанд бид яагаад талархдаг вэ?
Их Эзэн Иосеф Смитэд Библиэс алдагдсан эрхэм үнэт үнэнүүдийг сэргээхийг зарлигласан.
Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчийнхоо дуудлагын хүрээнд Библийн сүнсээр өдөөгдсөн засварыг хийхийг зарлигласан. Их Эзэний “орчуулга” (Сургаал ба Гэрээ 90:13) хэмээн нэрлэсэн эдгээр засвар нь хэдэн зууны туршид Библиэс алдагдсан эсвэл хасагдсан чухал үнэнүүдийг сэргээсэн юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг Огайогийн Көртландын ойролцоо хийсэн богино хугацааны номлолоосоо эргэн ирэхэд Их Эзэн тэднээс чухал төсөл дээрх ажлаа үргэлжлүүлэхийг хүссэн гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 73:3-ыг уншаад, ямар төсөл байсныг нь олж мэдэхэд урь. Их Эзэн Иосеф, Сидней хоёроос юуг орчуулахыг хүссэнийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд тэдэнтэй хамт Библийн толь бичгийн оруулга “Иосеф Смитийн Орчуулга (ИСО)-ыг унш.
-
Библийн хувийг тараагаад, уг номыг нээж, хэдэн хуудас байгааг хүүхдүүдэд харуул. Библийг өөр хэл рүү орчуулахыг тэднээс хүссэн гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Тэдний хувьд алдаа гаргах магадлал хэр өндөр вэ? Иосеф Смитийн амьдарч байсан үеэс өмнө хүмүүс Библийг орчуулахдаа эсвэл хувилахдаа заримдаа алдаа гаргаж, заримдаа зарим чухал үнэнийг нь хассан гэдгийг тайлбарла. Их Эзэн бошиглогч Иосeф Смитэд Библийн сүнсээр өдөөгдсөн засварыг хийхийг зарлигласан. Яагаад Иосеф Смитийн ажил бидний хувьд үнэ цэнтэй вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хийсэн үйлчлэлд нь бишопт талархаж эсвэл Итгэлийн тунхгийг судлах замаар итгэл үнэмшлээ хамгаалахад бэлтгэх гэх мэт өнөөдөр сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн ямар нэгэн хийх зүйлээ сонгоход хүүхдүүдийг урь.