Ирээд, Намайг дага
11-р сарын 11–17. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч’


“11-р сарын 11–17. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 11–17. Еврей 7–13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Мелкизедек Абрамд адислал өгч байгаа нь

Волтэр Рэйн, Meлкизедек Aбрамыг адисалсан нь

11-р сарын 11–17

Еврей 7–13

“Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”

Энэхүү тоймыг уншиж байхдаа заадаг хүүхдүүдийнхээ талаар хүлээн авах сүнслэг удирдамжинд анхаарлаа хандуул. Сүнс танд тэдэнд зориулсан захиасыг Еврей 7–13-аас олоход тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Тэд болон тэдний гэр бүл сайн мэдээг гэр орондоо суралцахын тулд хийдэг зүйлсээсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Сайн мэдээг гэр бүлээрээ суралцахтай холбоотой дуртай туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Еврей 7:1–6

Санваар нь бидэнд олон арга замаар тусалж болно.

Еврей 7:1–6 нь санваарын адислалуудыг хүүхдүүдэд танилцуулах боломжийг олгох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Арбахам гэж хэн болохыг товч танилцуулаад, дараа нь Еврей 7:1–6 болон Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:36–40-ийг (Судруудын Удирдамж) ашиглан Абрахам нь аравны нэгээ Мелкизедект төлдөг байсныг заа. Мелкизедект хүмүүнд өгсөн Бурханы хүч буюу дээд санваар байсан бөгөөд тэрээр үүнийг ашиглан Абрахамыг адисалжээ. Титэм, аравны нэгийн дугтуй гэх мэт энгийн зүйлс ашиглан түүхийг жүжигчлэн үзүүлэх нь хүүхдүүдэд сонирхолтой байж болно.

  • Аароны болон Мелкизедек санваартанг ангид ирж, санваараа ашиглан бусдыг хэрхэн адисалсан талаар ярихад урь. Дараа нь хүүхдүүдэд өөр өөр санваарын ёслолын зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний зургийн цуглуулга дахь 103–108-р зургийг үзнэ үү). Ёслол болгоныг хийхэд аль санваар хэрэгтэй болохыг тодорхойлоод, тухайн зургийг зохих санваартанд өгөхөд хүүхдүүдэд тусал.

Еврей 11:1–32

Итгэл бол харж чадахгүй зүйлсдээ итгэх явдал юм.

Хэдийгээр тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж, сайн мэдээний бүх адислалыг хүртэж чадахгүй ч таны заадаг хүүхдүүд Еврей 11 дэх жишээнээс суралцсанаар итгэлээ хөгжүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн зургийг үзүүл. Хэдийгээр бид харж чадахгүй ч Түүний бодит гэсэн “нотолгоог” төлөөлүүлэн хэд хэдэн эд зүйлийг өрөөгөөр тойруулан тавь (судрууд, Анхны үзэгдлийн болон дэлхийн зураг гэх мэт). Хүүхдүүдийг эд зүйлсийг олоход уриад, тухайн эд зүйлс бүр хэрхэн бидэнд Есүсийг амьд гэдэгт итгэхэд тусалдаг талаар хуваалц.

  • Дэвүүр авчраад, хүүхэд бүрд ээлжлэн дэвүүрээр нүүр рүүгээ сэвэх боломж олго. Бид агаарыг харахгүй ч, мэдэрч болно гэдгийг тэдэнд заа. Үүнтэй адил, бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж чадахгүй ч, тэдний хайрыг мэдэрч, бодит гэдэгт нь итгэж чадна.

  • Еврей 11:4–32-т өгүүлсэн нэг юм уу олон хүний түүхийг хуваалц. Хуучин Гэрээний түүхүүд (4–6, 8–10, 15–17, 23 болон  28-р бүлгүүд)-ийг ашиглах талаар бодож үз. Харж чадахгүй зүйлд итгэсэн итгэлээ харуулахын тулд тэд юу хийсэн бэ? Итгэлийнхээ ачаар хүлээн авсан зарим адислалаа хуваалц.

Еврей 13:5–6

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд туслах бөгөөд биднийг хэзээ ч орхихгүй.

Хүүхдүүд ямар сорилт бэрхшээлтэй тулгарч байж болох вэ? Еврей 13:5–6 дахь захиас тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Энэ жил хүүхдүүдийн суралцсан Шинэ Гэрээний түүхүүдээс Аврагч саа өвчтэй хүнийг эдгээсэн (Лук 5:18–26-г үзнэ үү) эсвэл 5000 хүнийг хооллосон (Матай 14:15–21-ийг үзнэ үү) гэх мэт Түүний бусдад тусалж байсан зарим түүхийг эргэн хар. “Эзэн миний туслагч мөн” гэсэн үгийг цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал (Еврей 13:6).

  • Хүүхдүүдийг айж байсан үеэ дүрслэн зурахад урь. Еврей 13:5–6-г тэдэнд уншиж өгөөд, Тэнгэрлэг Эцэг бидэнд туслах бөгөөд биднийг хэзээ ч орхихгүй гэдгийг гэрчил. Зургийг халхлахуйц том зүрхний дүрс хайчлан хийхэд хүүхдүүдэд тусал. Биднийг Тэнгэрлэг Эцэгтэй ойртуулдаг өөр ямар ямар зүйл байдаг вэ? Заримыг нь зүрхэн дээр бич.

  • Хүүхдүүдэд “Tell Me, Dear Lord” (Хүүхдийн дууны ном, 176) дууны хоёр дахь мөрийг заа. Дуун дээр өгүүлснээр, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний дэргэд байхад бид ямар тусламж хүлээн авч болох вэ? Тэнгэрлэг Эцэг таны дэргэд байж, танд тусалж байсан үеийн талаар ярьж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Еврей 7:1–4

Зохистой санваартнууд Аврагчийг дагадаг.

Санваарыг атгадаг хүмүүс итгэлтэй байж, Аврагчийн адил бусдад үйлчлэх ёстой гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахын тулд та эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Абрахам болон Мелкизедек гэсэн хоёр агуу санваартны талаар мэдэх зүйлээ жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Тэд Еврей 7:1–4; Абрахам 1:1–2 болон Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:25–40 (Судруудын удирдамж)-өөс тусламж авч болно. Христийнхтэй адил ямар ямар зан чанар нь тэдэнд санваараа эрхэмлэн хүндлэхэд тусалсан бэ?

  • Хүүхдүүдээс Еврей 7:1–2-ыг уншаад, Мелкизедекийг дүрслэхэд ашигласан цол хэргэмийг олж мэдэхийг хүс. Эдгээр цол хэргэм бидэнд Есүс Христийг хэрхэн сануулж байна вэ? Есүс Христ яагаад “Энх тайвны хаан” байсан талаар бодоход тэдэнд тусал. Тэд Аврагчийг дуулгавартай дагахын үлгэр дуурайл болсон өөр санваартнуудыг мэдэх үү?

  • Зөв шударга санваартан Аврагчтай илүү ойртоход тань тусалж байсан туршлагаасаа хуваалц. Санваарын үйлчлэл тэднийг адисалж байсан арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

Еврей 11

Тэнгэрлэг Эцэг итгэлтэй хүмүүсийг шагнадаг.

Еврей 11-д итгэлийнхээ дагуу үйлдсэнээр адислагдсан олон хүний жишээ байдаг. Аль түүх нь таны заадаг хүүхдүүдийг хамгийн ихээр сүнслэгээр өдөөх буюу тэдэнд тустай байх вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр Еврей 11:1–3, 6-аас итгэлийн талаар сурсан зүйлийнхээ жагсаалтыг гаргахад хүүхдүүдийг урь. Еврей 11-д дурдагдсан хүний нэрийг хүүхэд бүрд өгөөд, уг хүнтэй холбоотой шүлгүүдийг уншихад тэднийг урь. Бусад хүүхдээр тэр хүн нь хэн болохыг таалгах зорилгоор түүний талаарх түлхүүр үгсийг хуваалцахыг тэднээс хүс. Тэд хэрхэн итгэлээ харуулсан бэ мөн Тэнгэрлэг Эцэг хэрхэн тэднийг шагнасан бэ? (Сайн мэдээний зургийн цуглуулга дахь Хуучин Гэрээний хэсэг дээрээс тэдний зургийг үзнэ үү).

  • Еврей 11 дээрх зарим итгэлтэй хүний жишээг уншсаныхаа дараа итгэлээ харуулсан гэдгийг нь мэдэх нэг хүнийхээ тухай бичихийг хүүхдүүдээс хүс. Хэдэн хүүхдийг өөрсдийн жишээг ангийнхантайгаа хуваалцахад урь.

Еврей 12:5–11

Их Эзэн хайрладаг хүмүүсээ сахилгажуулдаг.

Эдгээр шүлэг нь Тэнгэрлэг Эцэг, эцэг эх мөн бусад хүн тэдэнд хайртай бөгөөд алдаанаасаа суралцаасай гэсэндээ тэднийг засаж залруулдаг гэдгийг ойлгуулахад хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Еврей 12:5–11-ийг хамтдаа уншаад, яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг сахилгажуулдаг (засаж залруулан, хүмүүжүүлдэг) шалтгааныг олохыг хүүхдүүдээс хүс. Энэ нь яагаад бидний дэлхийн эцэг эх хүүхдүүдээ мөн адил засаж залруулдаг талаар бидэнд юу зааж байна вэ? Бид хайраар засаж залруулахад нь хэрхэн хандах ёстой вэ?

  • Их Эзэнээр сахилгажуулагдан, наманчилсан судар дээрх зарим хүний жишээг хуваалц (жишээлбэл, 1 Нифай 16:25–27; Ифер 2:13–15-ыг үзнэ үү). Тэд хэрхэн Еврей 12:5–11 дэх зарчмын сайн үлгэр жишээ вэ?

  • Еврей 12:5–11-ийг уншсаныхаа дараа өөрсдийнх нь алдааг засаж залруулах үед санахыг хичээх хэдэн зүйлийг бичиж тэмдэглэхэд хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангид суралцсан хамгийн чухал зүйл гэж бодож байгаа зүйлээ бичиж эсвэл зурахад хүүхдүүдийг урь. Сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагааны хуудсыг ашигла. Хүүхдүүдийг хичээлийн үеэр үйл ажиллагааны хуудсыг гүйцээж байх хооронд цаг ашиглан хичээлээр заасан зарчмуудыг эргэн хар.