Шинэ Гэрээ 2023
2-р сарын 6–12. Иохан 2–4: “Та нар дээрээс төрөх ёстой”


“2-р сарын 6–12. Иохан 2–4: ‘Та нар дээрээс төрөх ёстой,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“2-р сарын 6–12. Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Никодемтай ярьж буй Есүс Христ

2-р сарын 6–12

Иохан 2–4

“Та нар дээрээс төрөх ёстой”

Богино хугацаатай Хүүхдийн хэсгийн ангид танд Иохан 2–4 дээрх чухал зарчим бүрийг заах цаг байхгүй. Хүүхдүүдийн хэрэгцээ, сонирхолд хамгийн сайн тохирох зүйлийг онцлох сүнслэг чиглүүлэг эрэлхийл.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдээс “хүмүүсийн загасчид” (Матай 4:19) байхын тулд ойрын үед юу хийснийг нь асуух замаар сурч мэдэж, туулж байгаа зүйлүүдээ хуваалцахад тэднийг урамшуул. Та өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тэдэнтэй хамт давтаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иохан 3:1–10

Би Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцаж очихын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёстой.

Таны зааж буй хүүхдүүд баптисм хүртэж (уснаас төрж), гишүүнээр батлуулах (Сүнснээс төрөх) замаар Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрах чухал алхмуудыг хийхэд бэлтгэж байгаа. Энэ хоёр ёслолын ач холбогдлыг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Никодемд зааж байгаа түүхийг товч ярь (Иохан 3:1–10-ыг үзнэ үү). Баптисм хүртсэнийх нь дараа Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсний бэлэг өгнө гэдгийг хүүхдүүдэд амла.

  • Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзүүлээд, зургуудыг дүрслэхийг тэднээс хүс. Иохан 3:5-ыг уншаад, бид Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах хэрэгтэйг гэрчил.

  • Гараа угаахдаа юу хийдгийг хүүхдүүдээс асуу. Баптисм хүртэж буй охин (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 104) зургийг үзүүлээд, гараа усаар угаахыг баптисм хүртсэнээр сүнслэг байдлын хувьд цэвэр болохтой харьцуулахад хүүхдүүдэд тусал.

Иохан 3:16

Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаг учраас надад Аврагчийг өгсөн.

Та энэ үнэ цэнтэй үнэнд суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс дараахтай төстэй өгүүлбэрүүдийг гүйцээхийг хүс. Тухайлбал, “Эцэг эх маань намайг хайрладаг учраас тэд …” Иохан 3:16-г унш. Дараа нь Иохан 3:16 дээрх “ертөнцийг” гэдэг үгийг өөрсдийн нэрээр сольж, давтан хэлэхэд хүүхэд бүрд тусал. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай учраас бидний төлөө юу хийсэн талаар энэ шүлэгт өгүүлж байгаа зүйлийг анзаарахад хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг Есүсийн зургийг зурахад урь. Тэдэнд зургаа ангийнхантайгаа хуваалцаж, Аврагчийг гэх хайраа илэрхийлэх боломж олго.

  • Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Есүс Христийн тухай дууг хамтдаа дуул. Тэднээс “Хүү,” “Есүс” эсвэл “Аврагч” гэж дуулах бүрдээ Есүсийн зургийг өргөхийг хүс.

Иохан 4:5–15

Есүс Христ бол миний “амийн ус.”

Танай ангийн хүүхдүүд бүгд ам цангах ямар байдгийг мэднэ. Есүс Христийн өгдөг амийн ус бидэнд ямар их хэрэгтэй болохыг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та энэ туршлагыг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс, худаг дээрх эмэгтэй хоёрын түүхийг ярихад Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг ашигла (Иохан 4:5–15-ыг үзнэ үү). Хүүхдүүдээс уг түүхийг давтаж ярихыг хүс.

  • Аяга ус үзүүлээд, бидэнд яагаад ус хэрэгтэй талаар хүүхдүүдтэй ярилц. Иохан 4:5–15-ыг товч яриад, ус бидний биед амь амьдрал өгдөг шиг Есүс Христ болон Түүний сайн мэдээ бидний сүнсэнд амь амьдрал өгдөг гэдгийг гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иохан 2:1–11

Би ээжийгээ Есүстэй адил хүндэлж чадна.

Кана дахь хуриман дээр Мариа Есүст дарс дууссан тухай хэлдэг. Иосеф Смитийн Орчуулга дээр цэдэглэснээр, Есүс эхдээ хандаж, “Эмэгтэй, та надаар юу хийлгэхийг хүсэж байна? Би үүнийг хийх болно” хэмээн асууж хариулсан байдаг (Иохан 2:4, зүүлт тайлбар a). Есүс бид ээжийгээ хэрхэн хүндлэх ёстойг үлгэр жишээгээрээ харуулсан юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Иохан 2:1–11-ийг уншаад, түүхийг өөрсдийн үгээр ээлжлэн ярихад урь.

  • Ээжүүдэд нь хэрэгтэй, тусламж болох зүйлсийг жагсааж бичихийг хүүхдүүдээс хүс. Тэднийг Есүсийн хэлсэн үгийг ашиглан, ээждээ юу гэж хэлж болох талаар дадлага хийхэд урь. Тухайлбал, “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?” (Иохан 2:4, зүүлт тайлбар a).

  • Хэд хэдэн ээжийг ангид авчраад, хүүхдүүд нь хүндэлж байгаагаа харуулахын тулд тэдэнд зориулан юу хийдэг талаар хуваалцахад урь.

Есүс хуримын зоог дээр Мариатай ярьж байгаа нь

Есүс ээждээ “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?” хэмээн хэлсэн. (Иосеф Смитийн орчуулга, Иохан 2:4 [Иохан 2:4, зүүлт тайлбар a]).

Иохан 3:1–8

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дээрээс төрөхтэй адил.

Бид Есүсийн хэлснээр “уснаас төрөх” буюу баптисм хүртсэнээр нүглүүдээсээ ангижирдаг бөгөөд “Бурханы хаант улсад орох” боломжтой болдог (Иохан 3:5). Та дээрээс төрөх гэдэг нь ямар утгатай үг болохыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 3:3 дээрх Аврагчийн хэлсэн үгсийг туузан цаасан дээр бичээд, хүүхдүүдээс зөв дараалалд оруулахыг хүс. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дээрээс төрөхтэй хэрхэн адилхан бэ?

  • Дөнгөж төрсөн хүүхэд ба баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүний зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 104–105-ыг үзнэ үү). Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа дөнгөж төрсөн хүүхэдтэй хэрхэн адилхан болдог вэ? (Иохан 3:3–5-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдийг баптисмынхаа дурсамжаас хуваалцахад урь. Баптисмын гэрээг ярилцахын тулд Moзая 18:8–10-ыг мөн Сургаал ба Гэрээ 20:37-г унш. Долоо хоног бүр ариун ёслолоос анхааралтайгаар хүртэх нь дээрээс төрөх үйл явцыг үргэлжлүүлэх нэг арга зам гэдгийг хүүхдүүдэд заа.

  • Хүүхдүүдэд Итгэлийн тунхаг 1:4-ийг цээжлэхэд тусал.

Иохан 3:16–17

Тэнгэрлэг Эцэг надад хайртай учраас Хүүгээ илгээсэн юм.

Та Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн хайрын илэрхийлэл болж дэлхий рүү илгээгдсэн гэдгийг хүүхдүүдэд хэрхэн ойлгуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс дуртай бэлгээ мөн тухайн бэлгийг өгсөн хүнийхээ зургийг зурахыг хүс. Нэг хүүхдээс Иохан 3:16-г уншихыг хүс. Тэнгэрлэг Эцэг бидэнд ямар бэлэг өгсөн бэ? Энэ бэлэг Түүний хайрыг хэрхэн харуулдаг вэ?

  • Тэд Иохан 3:16–17-г уншиж эсвэл “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) дууг дуулж эсвэл сонсож байхдаа “Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд Есүс Христийг илгээсэн бэ?” гэсэн асуултын хариултыг олохыг хүүхдүүдээс хүс.

Иохан 4:5–23

Есүс Христ “амийн усыг” санал болгодог.

Есүс усыг ашиглан самари эмэгтэйд заасны адил та ч бас Есүс Христийн сайн мэдээ бидэнд хэрэгтэй шалтгааныг ус ашиглан зааж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 4:5–23-ыг ашиглаад худгийн дэргэдэх эмэгтэйн түүхийг товч бич. Хүүхдүүдийг эдгээр шүлгийг уншаад, үйл явдлуудыг зөв дараалалд оруулахад урь. Есүс уг эмэгтэйд юу заахыг хичээж байсан бэ?

  • Хүүхдүүдэд уух ус өгөөд, цангаж байсан туршлагаасаа хуваалцахыг хүс. Эцэст нь ус уух ямар байсан талаар ярилц. Хүүхдүүдийг аяга устай адил түр зуур цангаа тайлдаг зүйлүүдийг нэрлэхэд урь. Ямар зүйлс биднийг “амийн устай” адил үүрд тэтгэж чадах вэ?

  • Самбар дээр Сайн мэдээ хэрхэн устай адил байдаг вэ? гэж бич. Иохан 4:6–23-ыг уншиж байхдаа, хүүхдүүдээс энэ асуултад хэрхэн хариулах байсныг нь асуу.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдээс гэртээ очоод, гэр бүлийн гишүүддээ уух ус өгөхийг хүсэх талаар бодож үз. Үүнийг хийх үедээ тэд амийн усны талаар сурч мэдсэн зүйлээ тэдэнтэй хуваалцаж болно.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагааны хуудсыг ашигла. Хүүхдүүдийг үйл ажиллагааны хуудсыг гүйцээж байх хооронд цаг ашиглан хичээлээр заасан зарчмуудыг эргэн хар.