“3-р сарын 6–12. Maтай 9–10; Maрк 5; Лук 9: ‘Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“3-р сарын 6–12. Maтай 9–10; Maрк 5; Лук 9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
3-р сарын 6–12
Матай 9–10; Марк 5; Лук 9
“Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ”
Та Maтай 9–10; Maрк 5, Лук 9-ийг уншиж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авч болох юм. Эдгээр өдөөлт нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага ба энэ тоймын дагуу заахаар бэлдэхэд танд тусална.
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт хэн нэгэнд туслахын тулд хийсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Бусдад туслахын тулд Аврагч юу хийсэн бэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүст намайг эдгээх хүч чадал бий.
Аврагч Өөрт нь итгэлтэй байгаа хүмүүсийг эдгээх хүчээ удаа дараа харуулсан. Та зааж байгаа хүүхдүүддээ Түүний эдгээх хүчинд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Иаирын охины түүхийг хүүхдүүдэд ярьж өг (Марк 5:22–23, 35–43-ыг үзнэ үү). Түүхийг ярьж байх тохиромжтой үедээ Есүсийн “Бос, би чамд хэлж байна” (41-р шүлэг) гэсэн үгсийг уншихад хүүхдүүдийг босоход урь. Есүс Христэд хүмүүсийг эдгээж, бидэнд мөнх амьдрал өгөх хүч буй гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Матай 9:20–22-ыг уншиж байхдаа түүхийн талаар харуулсан зургийг үзүүл. “Итгэл чинь чамайг аврав” (22-р шүлэг) гэсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Үүнийг хийхийн тулд та хүүхэд бүрд нэг үг оноож, дэс дарааллынх нь дагуу хэд хэдэн удаа хэлүүл. Тэр эмэгтэй Есүс Христэд итгэдгээ хэрхэн харуулсан бэ? Бид Есүс Христэд итгэх итгэлээ харуулахын тулд юу хийж болох вэ?
-
Та Maтай 9:27–30-ийг унших үедээ хүүхдүүдээс нүдээ анихыг хүс. Есүс сохор хүнд хараа оруулж байгаа хэсгийг уншиж байхдаа та хүүхдүүдээс нүдээ нээхийг хүс. Есүс тэднийг эдгээсэн бол ямар мэдрэмж төрөх байсан талаар ярихад хүүхдүүдийг урь.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Аврагч Иаирын охины үхлээс босгож байгаа түүхээс суралцахад хүүхдүүдэд тусал.
Есүс арван хоёр төлөөлөгчийг дуудаж, ажлыг нь хийх хүч чадлыг тэдэнд өгсөн.
Өнөөдөр бидэнд арван хоёр төлөөлөгч байгаа гэдгийг таны заадаг хүүхдүүд мэдэх үү? Та тэдэнд орчин цагийн төлөөлөгчдийг мөн тэдний хийхээр дуудагдсан ажлын ач холбогдлыг заахын тулд эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 10:1–10-ыг энгийн үгээр товч ярь. Есүс Өөрийн Сүмийг барьж байгуулахад туслуулахаар төлөөлөгчдийг дуудсан гэдгийг тайлбарла. Есүс төлөөлөгчдөө томилсон нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 38) зураг болон одоогийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зураг дээрх төлөөлөгчдийг хүүхдүүдээр тоолуул (ChurchofJesusChrist.org эсвэл Лиахонагийн Ерөнхий чуулганы дугаарыг үзнэ үү). Есүсийн үед байсны адил өнөөдөр ч бидэнд арван хоёр төлөөлөгч байдаг гэдгийг тайлбарла. Их Эзэний төлөөлөгчдийн тухай гэрчлэлээ мөн саяхан тэдний заасан зүйлийг хуваалц.
-
Орчин үеийн төлөөлөгчдийн зургуудыг анги дотор энд тэнд нуу (зургуудыг хамгийн сүүлийн Лиахона сэтгүүлийн Ерөнхий чуулганы дугаараас харна уу). Хүүхдүүдийг зургуудыг олоход уриад, тэдэнд төлөөлөгч бүрийн талаар товч мэдээлэл өг (ChurchofJesusChrist.org дээрх “Meet Today’s Prophets and Apostles”-ийг үзнэ үү).
-
Нэг хүүхдийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхны зургийг барихад урь. Уг хүүхдээс өрөөнд байгаа хүүхдүүдийг Есүсийн зураг руу удирдан аваачихыг хүс. Бошиглогч, төлөөлөгчид биднийг Есүс Христ рүү хөтөлдөг гэдгийг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүст намайг эдгээх хүч чадал бий.
Аврагчийн хүмүүсийг эдгээж байгаа талаарх түүхийг унших нь Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд таны зааж байгаа хүүхдүүдэд тусална. Эдгээр түүх нь Түүний өрөвч сэтгэл, хайрыг мэдрэхэд тэдэнд тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Матай 9:20–22, 27–30 болон Марк 5:22–23, 35–43 дээрх Есүс хүмүүсийг эдгээж байгаа түүхийг хамтдаа унш (эсвэл “Есүс Иайрын охиныг амилуулсан нь” https://www.churchofjesuschrist.org/study/video/miracles/2011-10-037-jesus-raises-the-daughter-of-jairus?lang=mon видеог үзнэ үү). Эдгээр түүхэд гарч байгаа хүмүүс хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан бэ? Бид эдгээр түүхээс Аврагчийн тухай юу сурч мэддэг вэ?
1:393:27 -
Тэд эсвэл тэдний мэддэг хэн нэгэн өвчтөнийг эдгээх санваарын адислал авч байсан туршлагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд хэрхэн эдгээгдэж эсвэл адислагдсан бэ? Заримдаа гайхамшигт эдгэрэлт нь Их Эзэний хүсэл биш боловч бид Түүний хайр, тайтгарлаар адислагдаж чадна.
Арван хоёр төлөөлөгч надад Есүсийн тухай зааж чадна.
Есүсийн цаг үед амьдарч байсан арван хоёр төлөөлөгчийн талаар суралцах нь арван хоёр төлөөлөгчийн өнөөдөр хийдэг ажлыг илүү сайн ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Есүсийн цаг үед амьдарч байсан болон өнөө үеийн төлөөлөгчдийн зургуудыг үзүүл (Есүс төлөөлөгчдөө томилсон нь, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 38 болон Лиахона сэтгүүлийн саяхны чуулганы дугаарыг үзнэ үү). Төлөөлөгчдийн хийдэг зүйлсийн талаар олж мэдэхийн тулд Матай 10:7-г уншихыг хүүхдүүдээс хүс (мөн Лук 9:1–2, 6; Сургаал ба Гэрээ 107:23-ыг үзнэ үү).
-
Анхны төлөөлөгчдөөс санаж байгаагаа самбар дээр бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь одоогийн төлөөлөгчдөөс санаж байгаагаа жагсаахыг тэднээс хүс. Жагсаалтаа Матай 10:2–4 болон Лиахона сэтгүүлийн сүүлийн чуулганы дугаараас шалгахыг хүс. Та мөн одоогийн төлөөлөгчдийн нэрсийг зурагтай нь тохируулдаг ижилсүүлэх тоглоом тоглож болно. Зургийг ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.
-
Хэдэн хүүхдийг аль нэг амьд төлөөлөгчийн ярьсан түүхийг ангид хуваалцахаар бэлдэж ирэхэд урь (санаа авахын тулд Лиахона сэтгүүлийн сүүлийн дугааруудыг үзнэ үү). Энэхүү төлөөлөгч биднийг Аврагчтай илүү адил болоход сэдэлжүүлэхийн тулд түүхийг хэрхэн ашигласан бэ?
-
Орчин цагийн төлөөлөгчдийн Христийн тухай гэрчлэлийн хэд хэдэн жишээг хүүхдүүдтэй хуваалц (сүүлийн Ерөнхий чуулганы захиас эсвэл “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” [ChurchofJesusChrist.org]-ийг үзнэ үү).
-
Итгэлийн тунхаг 1:6-г цээжилж, ойлгоход хүүхдүүдэд тусал.
Есүс Христийг дагах нь золиос шаарддаг.
Хүүхдүүдэд Аврагчийг дагах үед амиа “алдах” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход та хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Илүү сайн зүйл авахын тулд ямар нэгэн зүйлийг орхиж байсан үеийнхээ талаар хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдийг өөрийнхөө жишээг хуваалцахад урь. Дараа нь Лук 9:23–25-ыг хамтдаа унш. Түүнийг дагахын тулд ямар ч зүйлийг орхих хүсэлтэй байхыг Есүс биднээс хүсдэгийг тайлбарлаарай. Тэр биднээс шууд утгаараа амиа алдахыг хүсэхгүй байх хэдий ч биднийг юугаа орхихыг Тэр хүсдэг вэ? [Матай 16:24]).
-
Жижиг цаасан дээр Христийн адил зан чанаруудыг бичээд өөр цаасан дээр эсрэг зан чанарыг нь бич (жишээ нь, хайр ба амиа бодсон зан, даруу зан ба бардамнал гэх мэт). Самбар дээр аврах ба алдах гэдэг үгсийг гарчиг байдлаар бичээд, эдгээр зан чанарыг тохирох гарчгийн доор бичихэд хүүхдүүдийг урь. Самбар дээр байгаа Христийнхтэй адил зан чанаруудыг тунгааж, илүү бүрэн дүүрнээр хөгжүүлэх нэг зан чанарыг сонгох цагийг хүүхдүүдэд гаргаж өг.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Есүс Иаирын охиныг эдгээсэн талаар гэрийнхэндээ заахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урь.