Шинэ Гэрээ 2023
3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13: “Сонсох чихтэй нь сонсогтун”


“3-р сарын 20–26. Maтай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 20–26. Maтай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Хураахад бэлэн болсон улаан буудай

3-р сарын 20–26

Maтай 13; Лук 8; 13

“Сонсох чихтэй нь сонсогтун”

Сургаалт зүйрлэл нь хүүхдүүдэд сонирхолтой байж болох энгийн түүх юм. Энэ тойм болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага танд хүүхдүүдэд чухал үнэнийг заахдаа Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийг ашиглахад тусална.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Maтай 13 дээрх сургаалт зүйрлэлүүдийг мартахгүй байхад хүүхдүүдэд туслах үр, сувд, эрдэнэсийн хайрцаг гэх мэт хэд хэдэн зүйл авчир. Хүүхдүүдийг сургаалт зүйрлэлүүдийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Maтай 13:1–23

Би Есүсийн сургаалаас суралцахад зүрх сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.

Бага насны хүүхдүүд тариачны сургаалт зүйрлэл дэх бүх бэлгэ тэмдгийг ойлгохгүй байж болох ч тэдгээрийн заадаг сайн мэдээний энгийн үнэнээс суралцаж чадна. Энэ сургаалт зүйрлэл тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг илүү сайн ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 13:3–8-ыг товчлон ярьж байхдаа өөр өөр төрлийн хөрс шороог харуул (эсвэл хөрсний зураг). Хүүхэд бүрд үр өгөөд, үрийг ургуулахын тулд тэд юу хийж болох талаар асуу. Бидний гэрчлэл яг үртэй адил гэдгийг тайлбарла. Бидний гэрчлэлийн “үр” ургахад бид хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Maтай 13-т дүрсэлсэн төрөл бүрийн хөрс бидний зүрх сэтгэлийн тухай юу зааж байгааг хүүхдүүдэд ойлгуул. Өөрийнх нь сургаалуудаас суралцахын тулд ямар зүрх сэтгэлтэй байхыг Есүс биднээс хүсдэгийг хүүхдүүдээс асуу.

  • Maтай 13:9, 15-ыг уншаад, хүүхдүүдийг биеийн аль нэг хэсгийг дурдах үед биеийн тухайн хэсэг рүү заахад урь. Бид Есүсийн сургаалуудаас суралцахын тулд биеийн эдгээр хэсгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Maтай 13:24–30, 36–43, 47–48

Тэнгэрлэг Эцэг намайг зөвийг сонгоосой хэмээн хүсдэг.

Есүсийн зарим сургаалт зүйрлэл эцсийн өдөр Бурхан ёс бусчуудыг зөв шударга хүмүүсээс тусгаарлана хэмээн заадаг. Та хүүхдүүдийг зөв сонголт хийхэд урамшуулахын тулд сургаалт зүйрлэлүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг хүүхдүүдээр жүжигчлүүлэн үзүүл (Maтай 13:24–30-ийг үзнэ үү). Буудай нь зөв шударга сонголт хийдэг хүмүүсийг, харин зэрлэг өвс нь (хортой зэрлэг ургамлууд) буруу сонголт хийдэг хүмүүсийг төлөөлдөг гэдгийг тайлбарла. Нэг өдөр Тэнгэрлэг Эцэг зөв шударга хүмүүсийг Өөртэйгөө хамт амьдруулахаар цуглуулах болно.

  • Зөв, буруу сонголтын талаар жишээ тат. Таныг зөв сонголтыг тодорхойлох үед “буудайн сонголт,” харин буруу сонголтыг тодорхойлоход “зэрлэг өвсний сонголт” гэж хэлэхийг хүүхдүүдээс хүс.

  • Багц буудайн зураг авчраад, хүүхдүүдээр зөв шударга байж болох зарим арга замыг дээр нь зуруул.

Матай 13:44–46

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэл маань үнэ цэнтэй.

Та хүүхдүүдэд Христийн Сүмд харьяалагдахын үнэ цэнийг ойлгуулахын тулд эрдэнэс, үнэт сувдны зургийг хэрхэн ашиглаж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Эрдэнэсийн авдар болон сувдны зургийг өрөөнд нууж, хүүхдүүдээр олуул. Maтай 13:44–46 дээрх сургаалт зүйрлэлийн тухай заахад зургуудыг ашигла. Яагаад зарим хүн үзэсгэлэнтэй сувд эсвэл талбай дахь эрдэнэсийг авахын тулд байгаа бүхнээ орхидог талаар ярилц. Зарим үед бид ямар нэгэн сайхан зүйлийг бүр илүү сайхан зүйлийн төлөө өгдөг гэдгийг тайлбарла. Сайн мэдээ танд ямар үнэ цэнтэй болохыг хүүхдүүдэд хэл.

  • Аврагч, Ариун сүм, Мормоны Ном гэх мэт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “эрдэнэс”-ийг төлөөлөх хэд хэдэн эд зүйл эсвэл зургийг хайрцаг юм уу авдарт хий. Хүүхэд бүрээс нэг зүйл эсвэл нэг зураг сонгоод, яагаад тухайн зүйл эрдэнэс болох талаар хэлэхийг хүс.

  • Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) дууг хамтдаа дуулж, Аврагчийн Сүм байгаад талархалтай байгаа шалтгаануудаа ярихыг хүүхдүүдээс хүс. Сүмийн гишүүн байснаар хүлээн авсан адислалуудаа гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Maтай 13:1–23

Би Есүсийн сургаалыг хүлээн авахад зүрх сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.

Есүсийг өөрсдөдөө заах боломж олгохын тулд зөөлөн, дуулгавартай зүрх сэтгэлтэй байхын ач холбогдлыг таньж мэдэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхэд бүрд Maтай 13:4–8-д гардаг дөрвөн төрлийн хөрсний тухай унших даалгавар өг. Тэднийг уншсан төрлийнхөө хөрсөнд байгаа үрэнд юу тохиолддогийг хайж олж, хуваалцахад урь. Бидний зүрх сэтгэл өөр өөр төрлийн хөрстэй хэрхэн адилхан байж болох вэ? (Матай 13:19–23-ыг үзнэ үү).

  • Цэцэрлэгийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Ургамал ургаж болохын тулд хөрс ямар байх хэрэгтэй вэ? Чулуурхаг эсвэл хатуу хөрсний зураг үзүүл. Ийм төрлийн хөрсөнд ургамал ургахад яагаад хэцүү байдаг вэ? Бид Аврагчийн сургаалыг хүлээн авахын тулд хэрхэн зүрх сэтгэлээ зөөлөн хөрстэй адилхан болгож чадах вэ?

  • Хүүхдүүдийг Maтай 13:15–17-г уншихад урь. Самбар дээр нүд, чих, зүрх зур. Бид Есүсийн сургаалаас суралцахдаа биеийнхээ эдгээр хэсэг болгоныг хэрхэн ашигладаг вэ?

Матай 13:24–30, 36–43

Бидний эргэн тойронд байгаа хүмүүс зөвийг сонгохгүй байсан ч би зөвийг сонгож чадна.

Эдгээр шүлгийг унших үедээ хүүхдүүдийн тухай бодоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Maтай 13:24–30 дээрх буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийн өөр өөр хэсгүүдийг зураад, зургаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэднээс Maтай 13:36–43 дээрх сургаалт зүйрлэлийн тайлбарыг ашиглан зургууддаа нэр өгөхийг хүс. Үрийн сүүл бол хортой зэрлэг ургамал гэдгийг тайлбарла.

  • Боломжтой бол буудай, зэрлэг өвс хоёрын зургийг үзүүл. Буудай, үрийн сүүл хоёр нь ургац хураалт хүртэл хамт ургана (дэлхийн төгсгөл хүртэл) гэдгийг тайлбарла. Энэ нь бид сайн мөн ёс бус хүмүүсийн аль алинтай хамт амьдардаг бөгөөд зөвийг сонгохын тулд анхааралтай байх ёстой гэдгийг заадаг. Хүүхдүүдээс сайн, мууг хэрхэн ялгадгаа хуваалцахыг хүс.

Матай 13:44–46

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэл маань үнэ цэнтэй.

Таны заадаг хүүхдүүд Сүм дэх гишүүнчлэлээ үнэ цэнтэй эрдэнэс гэж үздэг үү? Maтай 13:44–46 дээрх сургаалт зүйрлэлийг ярилцах нь тэдэнд Аврагчийн Сүмийн талаарх мэдрэмжээ хуваалцахад тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Maтай 13:44–46-г дотроо уншаад, сургаалт зүйрлэлийг ангийнхаа нэг гишүүнтэй өөрийн үгээр хуваалцахад урь.

  • Зоосыг төлөөлсөн дугуйнуудыг хайчилж аваад, эрдэнэсийн авдарт хий. Хүүхдүүдийг нэг нэг зоос аваад, дээр нь Сүмийн гишүүн байгаадаа талархдаг нэг зүйлээ зурж эсвэл бичихэд урь. Хүүхдүүдээс зоосон дээрээ юу зурж, бичсэнээ хуваалцахыг хүс.

  • Тойргийн нэг гишүүнийг хөрвүүлэгдсэн түүхээ хүүхдүүдтэй хуваалцаад, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэхийн тулд юугаа золиосолсон талаар ярихад урь. Эсвэл Их Эзэн болон Түүний Сүмийн төлөө гаргадаг золиосныхоо талаар ярихыг тэднээс хүс.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдийн хэсэгт сурсан сургаалт зүйрлэлүүдээсээ нэгийг гэр бүлийнхэндээ заахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд сурч байгаа зүйлээ хуваалцах дуртай. Тэд балчир ч гэлээ гэр бүлийн гишүүдээ хүчирхэгжүүлж чадна. Тэднийг Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж. (Аврагчийн арга барилаар заах нь, 30-ийг үзнэ үү.)