Шинэ Гэрээ 2023
8-р сарын 7–13. Ром 1–6: “Аврах Бурханы хүч”


“8-р сарын 7–13. Ром 1–6: ‘Аврах Бурханы хүч,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 7–13. Ром 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Паул захидал бичиж байгаа нь

8-р сарын 7–13

Ром 1–6

“Аврах Бурханы хүч”

Та Ром 1–6-г судалж байхдаа ямар өдөөлт хүлээн авсан бэ? Эдгээр өдөөлт нь танд дараах заах санаануудаас сонгоход эсвэл өөрийн санаагаа бэлдэхэд тусална.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр өгсөн урилгын хариуд юу хийснээ хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Ром 1:16–17

Би Есүс Христийг дагаснаар Түүнд итгэдэг гэдгээ харуулж чадна.

Сайн мэдээ нь Eсүс Христэд итгэн амьдардаг ямар ч хүнд аврал авчрах хүчтэй гэдгийг Паул заасан. Та Есүс Христийг дагаснаар Түүнд итгэх итгэлээ харуулахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Ром 1:17-г хүүхдүүдэд уншиж өгөөд, тэдэнд “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэсэн хэллэгийг цээжлэхэд тусал. Та хүүхэд бүрд уг хэллэгээс нэг нэг үг даалгаж өгөөд, тэдэн рүү заах үед уг үгээ хэлэхийг тэднээс хүс. Энэ хэллэг нь бид Есүс Христэд итгэлтэй байх хэрэгтэй гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Итгэл гэж юу болохыг мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. Есүс Христийн зургийг үзүүлээд, бид Түүнийг хараагүй ч Түүний бодит гэдэгт итгэдэг гэдгийг тайлбарла. Бид хараагүй ч ямар нэгэн зүйлд итгэхийг итгэл гэнэ.

  • Бид Есүс Христийг дуулгавартай дагаснаар Түүнд итгэдэг гэдгээ харуулдаг гэдгийг тайлбарла. Есүсийн биднээс хийхийг хүссэн зүйлийг хийж буй хүмүүсийн зургийг өрөөний эргэн тойронд нуу. Хүүхдүүдээр зургуудыг ээлжлэн олуулж, тайлбарлуул. Бид Есүсийг дагахын тулд юу хийж болох вэ?

  • Нэг хүүхдийг нүдээ анихыг хүсээд, түүнийг өрөөн дотуур чиглүүлэн, Есүсийн зураг руу авчир. Цаг хүрэлцэж байвал, өөр хүүхдэд мөн үүнийг хийх боломж олго. Хүүхдүүд таны удирдамжийг дагасны адил Есүсийн сургаалыг дагаж чадна гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

Ром 6:1–11

Баптисм хүртэх гэдэг нь шинэ хүн болох гэсэн үг юм.

Таны заадаг хүүхдүүд баптисм хүртэхээр бэлдэж байгаа. Тэд Ром 6-аас баптисмын талаар юу сурч мэдэж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • “Шинэ амийн дотор яв” (Ром 6:4) гэсэн үгийг дагаж хэлэхэд хүүхдүүдийг урь. Таны хувьд энэ нь ямар утга учиртай болохыг хүүхдүүдэд хэл. Жишээ нь, та баптисм хүртэж байсан өдрийнхөө дурсамжийг хуваалцаж эсвэл баптисм тань танд Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн тусалсан талаар ярьж болно. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, баптисм нь бидэнд шинэ хүн болоход тусалдаг гэдгийг хүүхдүүдэд заа.

  • Хэрэв хүүхдүүдийн хэн нэгэн нь баптисм хүртсэн бол тэднийг туршлагаасаа хуваалцахад урь. Эсвэл баптисм хүртэж байгаа хүний зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 35, 103–104-ийг үзнэ үү). Баптисмын үеэр бид Есүстэй илүү адил болох амлалт өгдөг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Тэднийг баптисм хүртэж байгаагаа зураад, баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад урь.

  • Хүүхдүүдтэй хамт “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх мэт баптисмын тухай дууг дуул. Бид энэ дуунаас баптисмын талаар юу сурч болох вэ?

Баптисм хүртэж буй хүүхэд

Баптисм бол Христийн шавийн хувьд эхлүүлж буй шинэ амьдралын бэлгэдэл юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Ром 1:16–17

Би Есүс Христийг дагаснаар Түүнд итгэдэг гэдгээ харуулж чадна.

Сайн мэдээ нь Eсүс Христэд итгэн амьдардаг ямар ч хүнд аврал авчрах хүчтэй гэдгийг Паул заасан. Есүс Христэд итгэх итгэл бол сайн мэдээний анхдагч зарчим юм. Энэ нь бидэнд зарлигуудад дуулгавартай байх сэдлийг төрүүлдэг. Та хүүхдүүддээ итгэл гэж юу болохыг илүү сайн ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдээс газрын зураг дээрээс Ромыг олоход тусал. Дараагийн хэдэн долоо хоногт тэднийг өөр өөр газар амьдарч байсан Сүмийн гишүүдэд хандан бичсэн Паулын захидлуудыг түүний ромчуудад хандан бичсэн энэ захианаас эхлэн судална гэдгийг ойлгоход нь тусал.

  • Самбар дээр Ром 1:16 дээрх үгсээс хэдэн үг орхиж бич. Судар харж, хоосон зайг бөглөхийг хүүхдүүдээс хүс. “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй” гэдэг нь тэдний хувьд ямар утгатай болохыг хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Нэг хүүхдийг Ром 1:17-г уншихад уриад, давтагдаж буй үгийг сонсохыг бусад хүүхдээс хүс. “Итгэлээр амьдарна” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) гэх мэт эх сурвалжаас “Итгэл” гэдэг үгийн тодорхойлолтыг олоход хүүхдүүдэд тусал. Есүс Христэд итгэдэггүй байсан бол бидний амьдрал хэрхэн өөр байх байсан бэ?

  • Хүүхдүүдэд ургамал, үр хоёрыг харуулаад, үрийг ургамал болоход нь бид хэрхэн тусалж болохыг асуу. Үр суулгаж, услах нь үүнийг ургана гэдэгт итгэж байгааг маань харуулж байгаа гэдгийг тайлбарла. Бид Есүс Христэд итгэдэг гэдгээ хэрхэн харуулж болох вэ? Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50) гэх мэт итгэлийн талаарх дуу дуулах талаар бодож үз.

Ром 3:23–24

Нүглээсээ өршөөгдөхийн тулд бидэнд Есүс Христ хэрэгтэй.

Паул аврал нь зөвхөн Христ болон Түүний нигүүлслээр дамжин ирдэг гэдгийг ромчуудад ойлгуулахыг хүссэн. Та энэ үнэнийг хүүхдүүдэд хэрхэн зааж болох талаар тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхэд бүрд Ром 3:23–24-өөс нэг үг хэллэгийг цаасан дээр бичиж өг. Хэллэгүүдийг зөв дараалалд оруулаад, хамтдаа шүлгийг уншихад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдээс эдгээр шүлгээс юу сурсныг асуу. 24-р шүлэг дэх “нигүүлсэл” гэсэн үг нь Аврагчийн хайр, нигүүлслийн бэлэг гэсэн утгатай бөгөөд энэ нь бидэнд нүглээсээ өршөөгдөх, илүү сайн болох боломжийг олгодог.

  • Хүүхдүүдийн гар хүрэхээргүй хананд эсвэл өөр газарт зураг өлгө. Тэдэнд хүрч авах боломж олгоод, үүнийг Паулын Ром 3:23 дээр заасан зүйлтэй харьцуул. Дараа нь тэдэнд зурагт хүрэхэд тусал. Бид өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй юуг Аврагч бидний төлөө хийсэн бэ? Аврагчийн тэдний төлөө хийсэн болон тэдэнд туслахын тулд хийж чадах зүйлсийг бодоход тэдэнд Аврагчийн талаар ямар мэдрэмж төрж байгаа тухай хуваалцахад хүүхдүүдийг урь.

Ром 6:1–11

Баптисм хүртэх гэдэг нь шинэ хүн болох гэсэн үг юм.

Баптисм нь Христийн үхэл, Амилалтын бэлгэдэл гэдгийг Паул заасан. Энэ нь “шинэ амийн дотор явах[аар]” (Ром 6:4) амилж буйг бэлгэддэг. Бид ариун ёслолоос хүртэх болгондоо шинэ амийн дотор явах амлалтаа шинэчилдэг.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Ром 6:3–6-г уншихад урь. Паул баптисмыг юутай “адил” гэж хэлсэн бэ?

  • Баптисм хэрхэн үхэл, амилалтын бэлгэдэл болохыг ярилц. Баптисмын зургийг (ChurchofJesusChrist.org) эсвэл “Есүсийн баптисм” (https://www.churchofjesuschrist.org/study/video/teachings/2011-10-024-the-baptism-of-jesus?lang=mon) видеог үзүүлэх нь тус болж болох юм. Яагаад үхэл болон амилалт нь баптисм хүртсэнээр бидэнд тохиолддог зүйлийг сайнаар бэлгэддэг вэ?

    3:8
  • Хамтдаа Сургаал ба Гэрээ 20:77, 79 дээрх ариун ёслолын залбирлыг унш. Бид Есүс Христийг дагана хэмээн баптисм хүртэхдээ өгсөн амлалтаа ариун ёслолоос хүртэх үедээ шинэчилдэг болохыг хүүхдүүдэд сануул. Ариун ёслол нь бидэнд “шинэ амийн дотор явах[ад]” хэрхэн тусалдаг вэ?

  • Хүүхдүүдийн хувьд “шинэ амийн дотор явах” гэдэг нь ямар утгатай болохыг харуулсан зураг зурахад тэднийг урь. Хүүхдүүд сайн сонголт хийхийг өөрсдөдөө сануулах зорилгоор тэдгээр зургаа өрөөндөө өлгөж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүд итгэлтэй гэдгээ харуулсан ямар нэгэн зүйл хийж байвал өөрсдөд нь хэлж байхыг гэр бүлийн гишүүдээсээ хүсэхийг хүүхдүүдэд санал болго.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хөгжүүл. Хүүхдүүдийг хичээлд оролцох үед нь магт. Энэ нь сайн мэдээг сурч чадна гэсэн итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслах нэг арга зам юм.