“8-р сарын 21–27. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“8-р сарын 21–27. 1 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
8-р сарын 21–27
1 Коринт 1–7
“Та нар бүгд нягт нэгд”
Ариун Сүнс танд 1 Коринт 1–7 дээрх сайн мэдээний ямар зарчим заадаг хүүхдүүдэд тань туслахыг олж мэдэхэд тусална. Та эдгээр хэсгийг залбиралтайгаар судлахдаа, Сүнснээс ирсэн бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэ.
Хуваалцахад урь
Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан эсэхийг хүүхдүүдээс асуу. (Та өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тэдэнтэй хамт товч давтаж болно.) Хэрэв тийм бол, тэд юуны талаар хуваалцсан бэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Ариун Сүнс надад сайн мэдээний үнэнийг заадаг.
Ариун Сүнсний нэг үүрэг бол бидэнд үнэнийг заах явдал юм. Та хүүхдүүдэд үүнийг ойлгоход туслах ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Бидний дэлхийн талаар суралцдаг арга замуудыг төлөөлсөн эд зүйлс эсвэл зургуудыг үзүүл (сургууль, ном, гар утас гэх мэт). Бид эдгээр зүйлийг ашиглан юуг сурч мэдэж болох вэ? 1 Коринт 2:11, 14-т Паул бид зөвхөн Бурханы Сүнс буюу Ариун Сүнсээр дамжуулан Бурханы талаар суралцах боломжтой гэдгийг заасан байдаг. Бид “Бурханы зүйлс[эд]” суралцахын тулд юу хийж чадах вэ?
-
“Ариун Сүнс бидэнд үнэнийг заадаг” гэсэн өгүүлбэрийн үг бүрийг хэлэхдээ алгаа таш. Хүүхдүүдээс алгаа ташин, үгийг давтахыг хүс. Ариун Сүнс ямар нэгэн үнэнийг олж мэдэхэд тань тусалж байсан туршлагаасаа хүүхдүүдтэй хуваалц.
-
“Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Уг дуунаас Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьж мөн бидэнд юу заадаг талаар өгүүлсэн үг, хэллэгийг олоход нь хүүхдүүдэд тусал.
Есүс Христ бол миний суурь мөн.
Хүүхдүүд гэрчлэлийнхээ суурийг тавьж байгаа бөгөөд та тэдэнд Есүс Христ дээр үндэслэсэн бат бөх суурийг тавихад нь тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд 1 Коринт 3:11-ийг уншаад, Есүс Христ бол бидний суурь гэдгийг тайлбарла. Бид гэрчлэлтэй болж чадах зүйлсийнхээ хэд хэдэн зургийг, үүний дотор Есүс Христийн зургийг хүүхдүүдэд үзүүлж болно. Христийн зургийг суурийн адил хамгийн доор нь, харин бусад зургийг Түүний талаарх гэрчлэл дээр “суурилсан” байдлаар байрлуулахад тэдэнд тусал.
-
“Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном, 132) дуун дээр хөдөлгөөн зохиож, хүүхдүүдтэй хамт дуул. “Есүс Христ бол миний суурь” гэж бичсэн чулууг хүүхэд бүрд өг. Тэдэнд сурч мэдсэн зүйлээ санахад нь туслах зорилгоор чулууг гэрт нь өгч явуул.
-
Аврагчийн амьдралын тухай өгүүлсэн, зарим дуртай түүхийг тань харуулсан зургуудыг хуваалцаад, зурган дээр юу болж байгааг хэлж өгөхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд Есүсийн тухай дуртай түүхээсээ хуваалцах боломж олго. Есүс Христ итгэлийн тань суурь болох талаар гэрчлэлээ хуваалц.
Миний бие ариун сүмтэй адилхан.
Хүүхдүүд бие махбоддоо Бурханы бэлэг гэж талархан хандаж, биеэ арчлах илүү их хүсэлтэй болоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд ариун сүмүүдийн зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), 1 Коринт 6:19 дээрх “Та нарын бие бол Ариун Сүнсний сүм” гэсэн үгсийг уншиж өгнө үү. Тэнгэрлэг Эцэг биднийг бие махбодоо ариун сүмийн адил цэвэр, ариун байлгаасай хэмээн хүсдэг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдийн зураг үзүүлээд, бидний биед сайн, муу зүйлсийн зургийг тойруулж тавь. Хүүхдүүдийг нэг нэгээрээ ээлжлэн, сайн зүйлийг олж тогтоон, муу зүйлийг холдуулахад урь.
-
“Толгой, мөр, өвдөг, хөл” (Хүүхдийн дууны ном, 129) гэх мэт бие эрхтний тухай дууг дуулж, яагаад бие махбодтой болсондоо талархах ёстойг хүүхдүүдээс асуу.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Мэргэн байна гэдэг нь Бурханы мэргэн ухаанд итгэнэ гэсэн утгатай.
Зарим хүн Бурханы мэргэн ухаанд харш зүйлийг заадаг болохыг таны заадаг хүүхдүүд хараахан олж мэдээгүй байгаа бол олж мэдэх болно. 1 Коринт 1:23–25-ыг судлах нь Бурхан хүмүүнээс мэргэн ухаантай тул бид Түүний мэргэн ухаанд итгэж болно гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг 1 Коринт 1:23–25-ыг уншаад, мэргэн ухаан, мунхаглал гэсэн үгсийг олохыг хүс. Олон хүн Паулын сургаалыг мунхаглал гэж боддог байсан ч тэрээр Христийн сайн мэдээнд итгэх нь жинхэнэ мэргэн ухаан гэдгийг тайлбарласан. Яагаад Бурханы заасан зүйлд итгэх нь ухаалаг зүйл вэ?
-
Аврагчид итгэх, Мэргэн ухааны үгийг сахих эсвэл аравны нэгийн хуулийг дагах гэх мэт зарлигууд нь мунхаг зүйл хэмээн боддог хүмүүст хэрхэн хариулахыг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээлбэл: Тэд эдгээр сургаалын дагуу амьдарснаар хүлээн авах адислалуудын талаар гэрчилж болно.
-
Бусад хүн таны итгэлийг мунхаглал гэж байсан тохиолдол эсвэл судар дээрх жишээнээс хуваалц. Хүүхдүүдэд үүнтэй адил туршлагаасаа хуваалцах боломж олго. 1 Коринт 1:25 нь бусад хүн бидний итгэлийг мунхаглал гэж хэлэх үед бидэнд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэхэд тусалж болох вэ?
Ариун Сүнс надад сайн мэдээний үнэнийг заадаг.
“Бурханы зүйлсийг” ойлгоход Ариун Сүнс хэрэгтэй гэдгийг хүүхдүүд хүлээн зөвшөөрөхөд та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Ном, сургууль, интернэт гэх мэт бидний дэлхийн талаар суралцдаг арга замуудыг жагсаахыг хүүхдүүдээс хүс. Дараа нь 1 Коринт 2:11–14-ийг хамтдаа унш. Бид “Бурханы зүйлсийг” хэрхэн суралцдаг талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?
-
Бурханы Сүнсээр дамжуулан ямар нэгэн зүйл сурч мэдэж байсан үеийнхээ талаар ярь. Сүнсийг мэдэрч байсан үеэ таньж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал. “Бурханы ямар юмсыг” (1 Коринт 2:11) ойлгоход Сүнс бидэнд тусалж байсан бэ?
-
Хүүхэд бүрийг эдгээр судрын нэгийг уншихад урь. Үүнд: 1 Коринт 2:11–14; 1 Нифай 10:17; Моронай 10:3–5 болон Сургаал ба Гэрээ 8:2–3. Эдгээр судраас, Ариун Сүнс хэрхэн бидэнд заадаг талаар юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Яагаад бид Ариун Сүнсний бэлэгт талархдаг вэ?
Бид бие махбодоо хүндэтгэж, ариунаар нь хадгалах ёстой.
Бие махбод маань Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлэг гэдгийг ойлгох нь хүүхдүүдэд уруу татагдах үедээ ч гэсэн бие махбодоо ариунаар нь хадгалахад тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдийн болон ариун сүмийн зургийг дотор нь хийсэн сав авчир. Хүүхдүүдийг 1 Коринт 6:19–20-ийг уншаад, саван дотор юу байгааг таахыг урь. Тэдэнд савыг нээх боломж олгон, бидний бие хэрхэн ариун сүмтэй адилхан болохыг ярилц.
-
Бид ариун сүмд хэрхэн хандах ёстой талаар хүүхдүүдтэй ярилц. Хэрэв бидний бие ариун сүм юм бол бид биедээ хэрхэн хандах ёстой вэ? “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт ариун сүмийн талаарх дууг дуулж, үгийг нь унших нь энэ талаарх асуултад хариулахад тусална. Бид алдаа гаргавал, хэрхэн өөрсдийн “ариун сүмийг” дахин ариун болгож болох вэ?
-
“Таны бие махбод бол ариун нандин юм” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2022], 25–27)-г хамтдаа унш. Хүүхдүүдийг бие махбодоо хэрхэн арчилж хамгаалах талаар олж мэдсэн зөвлөгөөгөө самбар дээр жагсаахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангидаа дуулсан дуунаасаа болон үүнээс сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.