“9-р сарын 4–10. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“9-р сарын 4–10. 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
9-р сарын 4–10
1 Коринт 14–16
“Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”
1 Коринт 14–16-г уншиж байхад Ариун Сүнс танд ангийнхаа хүүхдүүдэд юу заахыг олж мэдэхэд тусална. Нэмэлт санаа авахын тулд энэ тоймыг судал.
Хуваалцахад урь
Та 1 Коринт 14:26-г уншиж, энэ долоо хоногийн хичээлийг эхлүүлж болно. Бид Сүмд хамтдаа цугларч, суралцаж байгаа зүйлээ бусадтай хуваалцахдаа тэднийг сэнхрүүлж (эсвэл дэмжин, тусалж) чадна. Өнөөдөр ангийнхаа хэн нэгнийг сэнхрүүлэхийн тулд юу хуваалцаж болохыг хүүхдүүдээс асуу.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христ амилсан учраас би нас барсныхаа дараа Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах боломжтой.
Есүс Христ амилсан учраас бид дахин амьдрах боломжтой гэдгийг та хүүхдүүдэд хэрхэн зааж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдтэй хамт дараах хэллэгийг хэд хэдэн удаа давт. “Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22). Амилсан Аврагчийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Бид бүгдээрээ хэзээ нэгэн цагт үхэх ч Есүс Христ амилсан учраас бид нас барсныхаа дараа амилах болно гэдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдэд бидний бие махбодыг төлөөлүүлж хүрэм үзүүл. Биднийг амьд байхад сүнс маань бие махбод дотор байдаг тул бид биеэ хөдөлгөж чаддаг (хүрмийг өмс). Харин биднийг нас барахад сүнс маань бие махбодыг орхин явдаг тул бид биеэ хөдөлгөж чаддаггүй (хүрмийг тайлан амьгүй биеийг төлөөлөх ширээ эсвэл сандал дээр тавь). Амилах үед бидний сүнс бие махбоддоо эргэн ордог (хүрмийг эргүүлэн өмс) бөгөөд дахин хэзээ ч салахгүй болдог. Хүүхдүүд хүрмийг ээлжлэн өмсөж, тайлж байх хооронд нэг хүүхдээр биднийг амилахад юу болохыг тайлбарлахад урь.
Би нас барагсдын өмнөөс баптисм хүртэж чадна.
Хүүхдүүд өөрсдийн баптисмд бэлдэх үедээ баптисмаа догдлон хүлээхэд нь мөн нас барагсдын өмнөөс баптисм хүртэхэд хэрхэн туслах талаар тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Өөрсдөө хийж чадахгүй зүйлсийнхээ талаар бодоход хүүхдүүдэд тусал. Эдгээр зүйлийг хийхэд тэдэнд хэн тусалдаг вэ? Баптисм хүртэлгүй нас барсан нэг өвөг дээдсийнхээ зургийг үзүүл. Хүүхдүүдэд уг хүний талаар ярьж өгөөд, энэ хүнд баптисм хүртэхэд нь бидний тусламж хэрэгтэй талаар тайлбарла.
-
Нас барагсдын төлөө баптисм хүртэхээр ариун сүмд очиж байсан гэр бүлийн гишүүн байгаа эсэхийг хүүхдүүдээс асуу. Ариун сүмийн баптисмын усан сангийн зургийг үзүүл. Энд болдог зүйлсийн талаар мэддэг эсэхийг хүүхдүүдээс асуу. Бид баптисм хүртэлгүй нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмд баптисм хүртэх боломжтой гэдгийг тайлбарла. Харин үүний дараа тэд баптисмыг хүлээн авах эсэхээ шийдэх боломжтой болдог.
Тэнгэрлэг Эцэг намайг Өөртэй нь хамт селестиел хаант улсад амьдраасай хэмээн хүсдэг.
Та селестиел, террестриел, телестиел хаант улсуудын талаар хүүхдүүдэд хэрхэн зааж болох вэ? Дараах үйл ажиллагаанууд тус болж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр селестиел, террестриел, телестиел гэж бич. Хүүхдүүдэд эдгээр үгийг хэлж сурахад тусал.
-
Нар, сар, оддын зураг үзүүл. Эдгээрийг хамгийн гэрэлтэйгээс нь хамгийн бага гэрэлтэй хүртэл дэс дараалалд оруулахад хүүхдүүдийг урь. 1 Коринт 15:40–41-ийг хүүхдүүдэд уншиж өг (мөн 40-р шүлэг, зүүлт тайлбар a дээрх Иосеф Смитийн Орчуулгыг үзнэ үү). Нар, сар, одод нь биднийг амилсны дараа бидний амьдрах хаант улсуудыг төлөөлж байгааг тайлбарла. Селестиел хаант улсад бид Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч болно.
-
Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудасны хувийг өг. Тэднийг будаж байхад Аврагчийн талаарх өөрийн мэдрэмжийг мөн Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрах боломжийг бидэнд олгохын тулд Түүний хийсэн зүйлийн талаар тэдэнтэй хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ, Түүний Амилалтын ачаар би амилуулагдана.
Таны заадаг хүүхдүүд Есүс Христийн Амилалтын ач холбогдлыг ойлгодог уу? Дараах санаанууд тус болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг 1 Коринт 15:12–22-ыг ээлжлэн уншаад, “Амилалт байгаагүй бол юу болох байсан бэ?” гэсэн асуултын хариултыг олоход урь.
-
Хүүхдүүдийг амилалтыг хэн нэгэнд хэрхэн тайлбарлахаа жүжигчлэн үзүүлэхэд урь. Санаа авахын тулд тэд Аврагчийн Амилалтын тухай “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” гэх мэт дууг хамтдаа дуулж болно (Хүүхдийн дууны ном, 45). Христийн Амилалтын тухай гэрчлэлээ хуваалц.
Би ариун сүм рүү явж, нас барагсдын төлөө баптисм хүртэхэд бэлдэж чадна.
Нас барагсдын төлөөх баптисм нь өвөг дээдсийнхээ өмнөөс хийж буй хайрын баяр хөөртэй ажил юм. Та энэхүү ажилд оролцохоор бэлтгэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
1 Коринт 15:29-ийг уншина уу. Паулын цаг үед амьдарч байсан гэгээнтнүүд бидний одоо ч гэсэн хийдэг ямар зүйлийг хийдэг байсан бэ? Бид яагаад нас барагсдын төлөө баптисм хүртдэг болохыг хүүхдүүдээс асуу. Хэрэв шаардлагатай бол бидний олон өвөг дээдэст амьд байхдаа баптисм хүртэж, гишүүнээр батлуулах боломж байгаагүй гэдгийг тайлбарла. Бид ариун сүмд тэдний төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулж чадна.
-
Ангид ирэхээс хэд хоногийн өмнө, нэг хүүхдийн эцэг эхээс гэр бүлийн модоо хуваалцахад эсвэл өвөг дээдсийнхээ тухай түүхийг хуваалцахад бэлдэж ирэхэд хүүхдэдээ туслахыг хүс. Та мөн өөрийн өвөг дээдсийн талаар хуваалцаж болно.
-
Бишопын зөвлөлөөс нэг гишүүнийг эсвэл тойргийнхоо нэг өсвөр насны хүүхдийг ариун сүм рүү орох зохистой байхын тулд хүүхдүүдийн хийж болох зарим зүйлийн талаар ярихад урь. Хүүхдүүдээс санал бодлоо нэмэрлэхийг хүс. Тэднийг хэзээ нэгэн цагт ариун сүмд орох зорилго тавихад урь.
Би амилсныхаа дараа селестиел хаант улсад амьдарч болно.
Паул бидний амилуулагдахдаа хүлээн авах биеийн талаар коринтчуудад заахдаа селестиел, террестриел, телестиел гэсэн алдар суугийн гурван зэрэглэлийг дурдсан.
Боломжит үйл ажиллагаа
-
1 Коринт 15:40–41-ийг уншаад, нэг хүүхдийг самбар дээр нар, сар, од зурахад урь. Ангийн гишүүдээс ямар төрлийн амилсан биеийг зураг тус бүр төлөөлж байгааг тодорхойлохыг хүс.
-
“Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт энэхүү сэдэвтэй холбоотой дууг хамтдаа дуул. Энэ дуу бидэнд селестиел алдар сууд амьдрахад бэлтгэх талаар юу зааж байна вэ?
-
Иосеф Смит Паулын дүрсэлсэн биестэй адилхан гурван хаант улсыг үзэгдлээр харсан. Сургаал ба Гэрээ 76:50–53, 70; 76:71–79; 76:81–82 дахь энэ гурван хаант улсыг дүрсэлсэн хэллэгүүдийг олоход хүүхдүүдэд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Эцэг эхээсээ өвөг дээдсийнхээ тухай ямар нэг түүх ярьж өгөхийг хүсэхэд хүүхдүүдийг урь. Тэд түүхийг ангийнхантайгаа дараагийн долоо хоногт хуваалцаж болно.