Шинэ Гэрээ 2023
9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: “Бурхантай эвлэрцгээ”


“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

9-р сарын 11–17. 2 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс Христ

9-р сарын 11–17

2 Коринт 1–7

“Бурхантай эвлэрцгээ”

2 Коринт 1–7-г уншсанаар заахад бэлтгэж эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань зарим хүүхэд энэ долоо хоногт гэр бүлийнх нь нэг гишүүн Есүс Христийн шавийн сайн үлгэр жишээг хэрхэн үзүүлдэг тухай захиаг бичсэн байж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Хэрэв тэд бичсэн бол захиагаа ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс урьдчилан хүс. Эсвэл хүүхдүүдээс сурч мэдсэн өөр зүйлээ хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

2 Коринт 1:3–4

Тэнгэрлэг Эцэг намайг тайтгаруулдаг бөгөөд би бусдыг тайтгаруулж чадна.

Та Тэнгэрлэг Эцэг тэднийг тайтгаруулна гэсэн итгэлийг хүүхдүүдэд хэрхэн өгч чадах вэ? Та тэднийг бусдыг тайтгаруулахад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хөнжил эсвэл шархны боолт гэх мэт тав тухтай байдлыг хангах зүйлсийг хүүхдүүдэд үзүүл. Гуниглаж, айсан эсвэл өөр бусад асуудалд орсон үед тэднийг юу тайтгаруулдгийг хүүхдүүдээс асуу. 2 Коринт 1:3–4-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, “зовлон” гэдэг нь хүнд хэцүү асуудал гэсэн утгатай өөр үг гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг таныг тайтгаруулж байсан зарим арга замыг хуваалцаж, хүүхдүүдийг ч мөн адил тайтгаруулна гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдэд 2 Коринт 1:4-ийг уншиж өгч байхдаа, баптисм хүртэж буй хүмүүсийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 103–104). Бид баптисм хүртэхдээ бусдыг тайтгаруулна гэж амладаг гэдгийг тайлбарла. Бид “аливаа зовлонд орогсдыг тайвшруул” гэсэн Паулын зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?

2 Коринт 2:7–8, 10

Би бусдыг уучилж чадна.

Бусдыг уучилж өршөөх хүүхдүүдийн хүслийг хүчирхэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаанаас сонгох юм уу өөрийн бодож олсон үйл ажиллагааг явуул.

Боломжит үйл ажиллагаа

  • Паул Коринтын гэгээнтнүүдээс нүгэл үйлдсэн хүнийг өршөөхийг хүссэн гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. 2 Коринт 2:7–8, 10-ыг уншаад, уучилж мөн уучилсан гэсэн үгийг унших бүрд зүрхэн дээрээ гараа тавихад хүүхдүүдийг урь.

  • Ямар нэгэн хүн муу зүйл үйлдсэн тохиолдолд хэрхэн хариулахаа жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Тэдэнд “Намайг уучил,” “Би чамайг уучилсан” гэсэн үгийг ээлжлэн хэлэх боломжийг олго. Бид өөрсдийг нь уучилсан гэдгийг мэдэхэд хүмүүст хэрхэн тусалж болох вэ? Нэг арга зам нь “хайраа бататгах” эсвэл тэдэнд хайраа үзүүлэх явдал байж болно гэдгийг тайлбарла (2 Коринт 2:8).

2 Коринт 4:1–2

Би шударга байхад итгэдэг.

Христийн үйлчлэгчид бусдад худал ярьдаггүй бөгөөд “нууцлагдсан юмсыг үл хэрэгс[дэг]” гэж Паул заасан. Бүх зүйл дээр шударга хандах гэсэн хүүхдүүдийн хүслийг хүчирхэгжүүлж болох арга замуудын талаар тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • “Шударга байхад бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:13) гэсэн өгүүлбэрийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Хүүхдүүд чимэглэж, зүүж болох цаасан бугуйвчин дээр энэ өгүүлбэрийг бич. Шударга байна гэдэгт үнэнийг хэлэх нь хүртэл багтдаг гэдгийг тайлбарла.

  • Таныг ямар нэгэн үнэн зүйл хэлэхэд гараа дээш өргөж, харин худал зүйл хэлэхэд доош буулгахыг хүүхдүүдээс хүс. “Өнөөдөр ням гараг” эсвэл “Би гурван хамартай” гэх мэт энгийн боловч ойлгомжтой мэдэгдлүүдийг хэл. Үнэн болон худал мэдэгдлийг хүүхдүүдээр ээлжлэн хэлүүлж, үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтан явуул. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднээс үнэнийг хэлээсэй хэмээн хүсдэг вэ?

  •     Үнэнч шударга байж, баптисмын гэрээндээ бэлтгэхэд хүүхдүүдийг урамшуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Коринт 1:3–4

Тэнгэрлэг Эцэг намайг тайтгаруулдаг бөгөөд би бусдыг тайтгаруулж чадна.

Бурхан биднийг тайтгаруулж байсныг санах нь бусдыг тайтгаруулах сэдлийг бидэнд төрүүлдэг.

Боломжит үйл ажиллагаа

  • 2 Коринт 1:3–4-ийг уншиж байхдаа, “Бурхан бидний төлөө юу хийдэг вэ?” гэсэн асуултын хариултыг сонсохыг хүүхдүүдээс хүс. Бурхан биднийг тайтгаруулдаг арга замуудыг жагсаахад хүүхдүүдэд тусал. Гунигтай, түгшүүртэй эсвэл айдастай байхад Бурхан тэднийг тайтгаруулж байсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдийг бусдыг тайтгаруулах баптисмын гэрээгээ сахиж болох арга замуудыг хуваалцахад урь (Мозая 18:9-ийг үзнэ үү). Тэдэнд тайтгаруулах хэрэгтэй таньдаг хүнийхээ талаар бодох хугацаа өгч, уг хүнд туслах төлөвлөгөө гаргахад урь.

2 Коринт 2:5–11

Би бусдыг уучилж чадна.

Хүмүүс бидэнд эелдэг бус хандаж байхад тэднийг уучлах хэцүү байж болно. Гэхдээ таны заадаг хүүхдүүд уучилж сурах явцдаа хайр, амар амгалан, аз жаргалыг мэдрэх болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Коринт дахь нэг хүн нүгэл үйлдэж, гэгээнтнүүдийг “гашуудуулсан” гэдгийг хүүхдүүдэд хэл (2 Коринт 2:5-ыг үзнэ үү). Паул гэгээнтнүүдийг юу хийгээсэй гэж хүссэнийг 2 Коринт 2:7–8-аас олж мэд.

  • Та хэн нэгнийг уучилж эсвэл хэн нэгэн таныг уучилж байсан туршлагаасаа мөн танд үүний дараа ямар мэдрэмж төрж байсныг хуваалц.   Хүүхдүүдийг уучлалтай холбоотой өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

2 Коринт 5:6–7

Би “үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхдаг.”

Хэдийгээр тэд хүссэн адислалуудаа олж харахгүй байгаа ч Бурханы зарлигуудыг дагахад хүүхдүүдийг хэрхэн урамшуулан дэмжиж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • 2 Коринт 5:6–7 болон Алма 32:21-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, итгэл гэж юу болохыг тайлбарлахад тусалдаг үг, хэллэгийг олохыг тэднээс хүс. Тэднийг тодорхойлолтоо бичиж, бусадтай хуваалцахыг хүс.

  • Нэг хүүхдээс нүдээ анихыг хүсээд, бусад хүүхдээс түүнд тоосгоор цамхаг барих эсвэл өрөөн дундуур явах зэрэг үйлдлийг хийхэд туслах заавар хэлж өгөхийг хүс. Энэ үйл ажиллагаа Бурханд итгэх “итгэлээр алха[х]” гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?

  •   Итгэлээр алхаж байсан гэрчлэлээ хуваалцаад, хүүхдүүдийг туршлагаа хуваалцахад урамшуул.

2 Коринт 7:8–10

Бурханы дагуух гашуудал нь намайг наманчлахад хөтөлдөг.

Бид ямар нэгэн буруу зүйл хийж байгаад баригдах үедээ ичиж, зовох нь ердийн зүйл юм. Эдгээр мэдрэмжийг жинхэнээсээ наманчлахад хүргэдэг Бурханы дагуух гашуудлын мэдрэмжээс ялгахад тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Паул гэгээнтнүүдэд нүглүүдийнх нь талаар зоригтойгоор сэрэмжлүүлсэн өмнөх захидлаа 2 Коринт 7:8–10 дээр эш татдаг. Эдгээр шүлгийг хамтдаа унш. Паул яагаад гэгээнтнүүдийг гашуудахад баярласан бэ? Ийм гашуудлыг Бурханы хүслийн дагуух гашуудал гэж нэрлэдэг гэдгийг онцол.

  • Хүүхдүүдээс ямар нэгэн буруу зүйл үйлдэж, үүндээ гэмшиж байснаа бодохыг хүс. “Яагаад би гэмшсэн бэ?” гэж өөрсдөөсөө асуугаад, хариултаа хуваалцахад урь. Тэдний хариултыг самбар дээр бич (жишээлбэл, “Би асуудалд орох байх гэж айж байсан” эсвэл “Би Тэнгэрлэг Эцэгийн урмыг хугалсан гэдгээ мэдэж байсан” эсвэл “Би хэн нэгнийг уйлуулсан”). Самбар дээр бичсэн хариултуудаас аль нь “Бурханы дагуух гашуудал”-тай адилхан байна вэ? (2 Коринт 7:10). Бурханы дагуух гашуудал нь яагаад ямар нэгэн буруу зүйл хийсний дараа бидэнд төрдөг өөр төрлийн гэмшлээс илүү байдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдрийн хичээлийн аль нэгэн үйл ажиллагааг магадгүй гэр бүлийн үдшийн үеэр гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Судар үзүүл. Танд утга учиртай санагдсан судрын шүлгийг сонгож, ангидаа хүүхдүүдэд харагдах газарт байршуул. Хүүхдүүд байршуулах судраа ээлжлэн сонгож болно.