“9-р сарын 18–24. 2 Коринт 8–13: ‘Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“9-р сарын 18–24. 2 Коринт 8-13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
9-р сарын 18–24
2 Коринт 8–13
“Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг”
2 Коринт 8–13-ыг судлахдаа, хүүхдүүдийг бодон, залбирч байгаад судлах үед ангийнхандаа заах хамгийн шилдэг санаанууд танд орж ирэх болно. Заах нэмэлт санаануудыг энэ тоймоос олж авч болно.
Хуваалцахад урь
Өмнөх хичээлийн үеэр хийхэд урьсан зүйлээ хүүхдүүдэд сануулах нь тэднийг хоорондоо хуваалцахад урих сайхан арга зам юм. Тэднээс туршлагаасаа хуваалцахыг хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би тусламж хэрэгтэй хүмүүст баяртайгаар өгч чадна.
Бусдад үйлчлэх нь ямар ч үед сайхан байдаг ч баяртайгаар үйлчлэх нь үүнээс ч илүү сайхан. Хүүхэд бүрийг “баяртайгаар өгөгч” болоход юу сүнслэгээр өдөөх вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг “Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг” (2 Коринт 9:7) гэсэн үгийг давтахад урь. “Баяртайгаар өгөгч” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Аз жаргалтай болон гунигтай царайны зургийг үзүүлээд, аль нь баяртайгаар өгөгч мэт харагдаж байгааг хүүхдүүдээс асуу.
-
“Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) гэх мэт үйлчлэлийн тухай дууг хэд хэдэн удаа давтаж хамтдаа дуул. Эхлээд хүүхдүүдийг баяр баясгалантай дуулж, дараа нь уг дууг гунигтай, ядарсан, уурласан, айсан гэх мэт өөр өөр мэдрэмж эсвэл хандлагатай дуулахыг тэднээс хүс. Тэнгэрлэг Эцэг биднийг бусдад баяртайгаар туслаасай хэмээн хүсдэг гэдгийг хүүхдүүдэд сануул. Дараа нь дуугаа дахин баяртайгаар дуул.
-
Инээмсэглэж буй болон баргар царайтай зураг бүтээхэд хүүхдүүдэд тусал. “Инээмсэглээрэй” (Хүүхдийн дууны ном, 128) дууг дуулж байхдаа инээмсэглэ эсвэл инээмсэглэж буй гэсэн үгсийг сонсох бүрдээ зургаа дээш өргөхийг хүүхдүүдээс хүс. Тэд баргар царайны зураг болон барайх, барайж буй гэсэн үгсийг ашиглан адилхан зүйл хийж болно. Аль царай нь баяр хөөртэй, аль нь баяр хөөргүй байгааг танихад хүүхдүүдэд тусал. Баяртай байж, бусдад үйлчлэх нэг арга зам бол инээмсэглэж, бусдад туслах явдал гэдгийг хүүхдүүдэд тайлбарла.
-
Хүүхдийн ангид ирдэггүй хүүхдэд эсвэл тусламж хэрэгтэй хөршдөө анхаарал халамж тавих гэх мэт ангийн үйл ажиллагааг төлөвлө. Та тэднийг гэрт нь эргэж очихоор эсвэл сайхан зурвас бичин, зураг зурж эсвэл амттан хийж өгөхөөр төлөвлөж болно.
-
Хүүхэд бүрийг гэр бүлийнхээ гишүүнд баяртайгаар үйлчлэх төлөвлөгөө гаргахад урь. Ирэх долоо хоногийн хичээлээр хийсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
Тэнгэрлэг Эцэг залбиралд үргэлж хариулдаг ч заримдаа бидний хүссэн арга замаар хариулдаггүй.
Бурхан заримдаа бидний сорилт бэрхшээлийг холдуулахаас илүү сорилт бэрхшээлд маань биднийг хүчирхэгжүүлдэг болохыг “махбодод [өгөгдсөн] өргөс[өө]” авахуулахын төлөө залбирсан Паулын туршлага заадаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Өргөстэй ургамлыг (эсвэл зургийг нь) хүүхдүүдэд үзүүл. Биедээ өргөстэй удаан явах ямар байхыг төсөөлөн бодоход тэдэнд тусал. Паулын “махбодод [өгөгдсөн] өргөс” нь сорилт бэрхшээл буюу амьдралд тохиолдсон хэцүү зүйл гэдгийг тайлбарласан 2 Коринт 12:7–10-ыг хүүхдүүдэд товч ярьж өг. Хэдийгээр Паул өргөсийг нь авахыг Бурханаас гуйсан ч Тэрээр аваагүй юм. Харин үүний оронд Бурхан саад бэрхшээл нь бидэнд даруу байж, Түүнд итгэж найдахад тусалдаг гэдгийг Паулд заасан. Ийнхүү Бурхан биднийг хүчирхэг болгодог.
-
Тэнгэрлэг Эцэг бидэнд юу сайн болохыг мэддэг бөгөөд хэдийгээр энэ нь бидний бодож байгаагаас өөр ч хэрэгтэй зүйлийг маань бидэнд өгдөг гэдгийг гэрчил. Мөн таны залбирлыг хүсэн хүлээж байснаас тань өөр арга зам, цаг хугацаанд хариулж байсан туршлагаасаа хуваалцаж болно.
-
Хүүхдүүдтэй хамт “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6) гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай дуу дуул. Хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг залбирлыг сонсож, хариулдаг эсэхэд эргэлздэг хүнд юу гэж хэлэх байсныг тэднээс асуу. Дууг дахин дуулаад, Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрхэн ханддагийг дүрсэлсэн мөрүүдийг онцол.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би тусламж хэрэгтэй хүмүүст баяртайгаар өгч чадна.
Паул гэгээнтнүүдийг өөрсдөд нь илүү байгаа зүйлээсээ ядууст өгч туслахад сүнслэгээр өдөөхийг хүссэн. Та түүний үгийг бусдад үйлчлэхэд хүүхдүүдийг сүнслэгээр өдөөхийн тулд хэрхэн ашиглах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр 2 Коринт 9:7-ийн чухал үгсийг хоосон орхиж бич. Хоосон зайд ямар ямар үг байгааг таахад хүүхдүүдийг урь. Дараа нь судар дээрээс шүлгийг уншиж, хоосон зайг тэднээр бөглүүл. “Дурамжханаар бус, албадлага бусаар” өгөх гэдэг нь ямар утгатай вэ? “Уриалгахнаар өгөгч” байх гэдэг нь ямар утгатай вэ?
-
Хүүхдүүдийг Аврагчийн бусдад тусалж буй зургийг олоход туслахыг урь (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээр хэд хэдэн зураг байгаа). Эдгээр зургаас олж харсан ямар зүйл Есүсийн бусдад хайраар үйлчилж байсныг олж мэдэхэд тусалж байгааг тэднээс асуу. Ирэх долоо хоногт гэр бүлийн гишүүд эсвэл бусад хүн биднээс гэр орны ажилд болон бусдыг асран халамжлахад туслан үйлчлэхийг хүсэхэд тэгье гэж хэлэх зорилгыг ангиараа тавь.
-
Хүүхдүүдэд жижигхэн чулууг чимэглэхэд тусал. Эдгээр нь энэ долоо хоногийн турш бусдад баяртайгаар үйлчлэхийг сануулах “үйлчлэлийн чулуунууд” гэдгийг тайлбарла.
-
“Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) гэх мэт үйлчлэлийн тухай дууг хамтдаа дуул. Бусдад үйлчлэх олон төрлийн арга замыг тодорхойлсон дууны шинэ мөрүүдийг бодож олоход хүүхдүүдэд тусал.
Тэнгэрлэг Эцэг бидний залбирлуудад үргэлж хариулдаг ч гуйсан болгоныг маань дандаа өгөөд байдаггүй.
Паул Бурханаас сул дорой байдлыг нь авахыг хүссэн ч сул дорой байдал нь түүнийг даруусгана, Бурхан үүнийг нь хүчирхэгжүүлнэ гэдгийг Бурхан мэдэж байсан.
Боломжит үйл ажиллагаа
-
2 Коринт 12:9–10 болон Ифер 12:27-г харьцуулахад хүүхдүүдийг урь. Ямар үг, хэллэгийг давтсан байна вэ? Эдгээр шүлэг юу зааж байна вэ? (Паул сорилт бэрхшээлээ биед нь орсон өргөстэй харьцуулж байсан гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж магад.) Бурхан Паулд сорилт бэрхшээлийн тухай юу заасан бэ?
-
Хүмүүсийн амьдралд тохиолддог зарим сорилт бэрхшээлийг жагсаахад хүүхдүүдийг урь. Хүн хэрхэн эдгээр сорилт бэрхшээлээс суралцан, адислагдах боломжтой болохыг бодож үзэхэд тэдэнд тусал.
-
Ямар нэгэн зүйлийн төлөө залбирсан ч уг зүйлээ авч чадаагүй туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэднээс уг туршлагаасаа юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно. Тэнгэрлэг Эцэг үргэлж бидний залбиралд хамгийн ихээр адислах арга зам, цаг хугацаанд хариулдаг талаарх гэрчлэлээ хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоногт гэр орондоо баяртайгаар өгөгч байж, тусламж хэрэгтэй хүнд хэрхэн тусалснаа дараа долоо хоногт тайлагнахад бэлдэж ирэхэд хүүхдүүдийг урь.