Шинэ Гэрээ 2023
9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат: “Сүнсээр яв”


“9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат: ‘Сүнсээр яв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Христ шоронд байгаа Паулд үзэгдсэн нь

Амилсан Аврагч Паулыг шоронд байхад нь зочлов (Үйлс 23:11-ийг үзнэ үү). Есүс Христ биднийг “боолчлолын буулга”-аас чөлөөлж чадна (Галат 5:1).

9-р сарын 25-аас 10-р сарын 1

Галат

“Сүнсээр яв”

Галатыг уншиж байхад ангийн тань хүүхдүүд юунд суралцах хэрэгтэй талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гэртээ эсвэл сүм дээр хамгийн сүүлд болсон сайн мэдээний хэлэлцүүлгээс сурч мэдсэн ямар нэгэн зүйлээ зурах хэдэн минутыг хүүхдүүдэд өг. Зураг тус бүр юу илэрхийлж байгааг хүүхдүүдээр хуваалцуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Галат 5:22–23

Ариун Сүнс надад хайр, баяр баясгалан, амар тайвныг мэдрэхэд тусалдаг.

Бага насны хүүхдүүд Сүнсний үр жимсийг таньж чадна. Энэ нь амьдралынхаа туршид Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд тэднийг бэлтгэнэ.

Боломжит үйл ажиллагаа

  • Хэд хэдэн төрлийн жимсийг эсвэл жимсний зургийг үзүүлээд, жимс бүр ямар амттай болохыг хүүхдүүдээс асуу. Жимс бүр өөр өөр амттай байдгийн адил бид Ариун Сүнсийг хайр, амар амгалан гэх мэт өөр өөр арга замаар мэдэрч болно. Амьдралдаа Ариун Сүнсийг мэдэрч байсан зарим арга замыг тодорхойлж, Ариун Сүнс тэдэнд хэрхэн мэдрэгддэг талаар хүүхдүүдээр хуваалцуул.

Модон дээрх алим

Бүхий л насны хүүхдүүд Сүнсний үр жимсийг таньж чадна.

  • Галат 5:22–23-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, мэдэхгүй байж болох үгийг нь тэдэнд тайлбарла. Хүүхэд бүрд эдгээр шүлэгт дурдсан Сүнсний үр жимсийг сонгож, үүнийг мэдэрч байсан үеэ бодоход тусал. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагыг харуулсан энгийн зураг зурахад урь.

Галат 6:2

Есүс Христ намайг тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсдэг.

Галат 6:2-т өгсөн удирдамж Мозая 18:8-д баптисм хүртэх гэж буй хүмүүст өгсөн Алмагийн сургаалтай адилхан. Энэ боломжийг ашиглан хүүхдүүдэд баптисмын гэрээнд бэлдэхэд нь тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Баптисм хүртэж буй хүүхдийн зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 104 гэх мэт). Хүүхэд юу хийж байгааг хүүхдүүдээс асуу. Бид баптисм хүртэхдээ гэрээ байгуулж, амлалт авдаг болохыг тайлбарла. Нэг нэгийнхээ ачаанаас үүрэлцэх нь бидний хийхээр амладаг амлалтуудын нэг гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд туслахын тулд Галат 6:2 эсвэл Мозая 18:8-ыг унш. Хүүхдүүдийг ачаа үүрч яваа хүмүүст хэрхэн тусалж болохыг харуулсан зураг зурахад урь.

  • Галат 6:2 дээрх “Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц” гэсэн хэллэгийг хүүхдүүдэд уншиж өг. Энэ нь ямар утгатай үг болохыг үзүүлэхийн тулд нэг хүүхдэд үүрэх хүнд юм өг. Дараа нь уг хүүхдэд ачааг нь үүрэлцэхэд сайн дураараа туслах хүүхэд байгаа эсэхийг асуу. Өвдөх, урам хугарах, ганцаардах гэх мэт олон зүйл ачаа үүрсэн мэт мэдрэгддэг гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Бид ийм ачаа үүрч байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ?

Галат 6:7–9

Бидний сайн, муу үйлдлийн аль аль нь үр дагавартай.

Галат 6:7–9-д тайлбарласнаар бид юу тарьснаа л хурааж авдаг гэдгийг заах замаар та хүүхдүүдэд үйлдлүүдийнхээ үр дагаврыг бодохыг зааж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Үр болон ногооны зураг үзүүл. Галат 6:7–9-ийг хүүхдүүдэд уншиж өг. Тарих гэсэн үгийг сонсохдоо үр суулгаж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Харин хураах гэсэн үгийг сонсохдоо ургамал дундаас хүнсний ногоо хурааж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдэд хэдэн төрлийн хүнсний ногоо үзүүлээд, үрийг нь олоход тэдэнд тусал. Үрүүдийг саванд хийж, хүүхдүүдээр нэг нэгээр нь ээлжлэн сонгуулаад, хэрэв суулгах юм бол ямар ногоо ургахыг хэлүүл. Ямар ногоо авахыг үр тодорхойлдогтой адил бидний хийдэг сонголт эцсийн эцэст хүлээн авах адислалуудыг маань тодорхойлдог гэдгийг олж харахад тэдэнд тусал.

  • Шалан дээр наадаг туузаар шугам тат. Шугамын эсрэг талын төгсгөлд аз жаргалтай, гунигтай царайг байрлуул. Нэг хүүхдийг шугамын дунд зогсоход уриад, аз жаргалд эсвэл уй гашууд хүргэх сонголтуудын тухай бодоход бусад хүүхдэд тусал. Дунд зогсож байгаа хүүхдээс сонголт бүрийн хариуд аз жаргалтай эсвэл гунигтай тал руу алхахыг хүс. Уг үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтаад, өөр хүүхдүүдэд шугаман дээр ээлжлэн зогсох боломж олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Галат 3:26–28

Баптисм хүртэх нь биднийг “Христ дотор нэг бол[годог]”.

Баптисм хүртэхэд “Христ дотор нэг бол[дог]” гэдгийг Паул Галатын гэгээнтнүүдэд заасан. Та Галат 3:26–28 дээр тодорхойлсон эв нэгдлийн төлөө хичээн зүтгэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Намайг баптисм хүртэх үед юу тохиох вэ? гэсэн асуулттайгаар Галат 3:26–28-ыг уншихад хүүхдүүдийг урь. Та “Христийг өмссөн” эсвэл “Христ дотор нэг” гэсэн хэллэгүүдэд төвлөрөхийг хүсэж болох юм. Эдгээр хэллэг нь ямар утгатай байж болох вэ? “Христийг өмссөн” гэдэг нь Түүний нэрийг өөрсөд дээрээ авах гэдэгтэй хэрхэн төстэй вэ? (Сургаал ба Гэрээ 20:75–79-ийг үзнэ үү). Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ бусдад харуулахын тулд юу хийж чадах вэ?

  • Хамтдаа Галат 3:28-ыг уншаад, Паулын өдрүүдэд баптисм хүртэхдээ хүмүүс өөрсдийгөө тодорхойлсон арга замуудаас заримыг нь тодорхойл. Өнөөдөр өөрсдийгөө тодорхойлдог зарим арга замыг нэрлэхэд хүүхдүүдэд тусал. Бид баптисм хүртэх үедээ бие биенээ хэрхэн харах ёстой талаар Паул бидэнд юу зааж байна вэ?

Галат 5:16, 22–23

Хэрэв би “Сүнсээр явбал” “Сүнсний үр жимсийг” хүлээн авах болно.

Бид баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар амьдралдаа Сүнсний үр жимсийг илүү ихээр хүлээн авч чадна. Амьдрал дахь эдгээр үр жимсийг таньж мэдэхэд та хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхэд бүрд жижиг цаас өгөөд (та цаасыг жимсний хэлбэрээр хайчилж болно), Галат 5:22–23 дээр дурдсан “Сүнсний үр жимсийг” олохыг тэднээс хүс. Нэг жимсийг цаасны нэг тал дээр бичээд, нөгөө талд нь эсрэг утгатай үгийг бичихэд тэднийг урь. (Тэдэнд мэдэхгүй үгээ ойлгоход нь тусал.) Тэднийг үр жимсээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Бид Ариун Сүнстэй байнга байхын тулд юу хийж болох вэ?

  • Галат 5:22–23 дахь Сүнсний үр жимсний талаар уншаад, тэд эдгээр үр жимсээс нэгийг нь мэдэрч байсан үеэ бичих юм уу зурахад хүүхдүүдийг урь. Бичсэн зүйлээ эсвэл зурсан зургаа ангийнхаа нэг хүүхэдтэй хуваалцахыг тэднээс хүс. Яагаад үр жимсийг ашиглах нь Сүнсний бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар ойлгох оновчтой арга зам байдаг вэ?

Галат 6:7–9

Бидний сайн, муу үйлдлийн аль аль нь үр дагавартай.

Бидний үйлдлийн үр дагавар заримдаа шууд ирдэг ч заримдаа “цаг нь болохоор” (9-р шүлэг) ирдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Галат 6:7–9-ийг хамтдаа унш. Үйлдлийн (эсвэл “тарих”) болон үр дагаврын (эсвэл “хураах”) жагсаалтыг гаргаж өг. Хүүхдүүдээс үйлдлийг үр дагавартай нь тохируулахыг хүс.

  • Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авахыг хүсэж байгаа зарим адислалаа жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Тэдэнд эдгээр адислалыг “хураахын” тулд ямар “үр” тарих ёстой талаар бодоход тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдрийн сурсан үнэнүүд нь тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжих арга замуудыг хайхад хүүхдүүдэд тусал. Жишээ нь, гаргасан сайн шийдвэрийнхээ сайн үр дүн буюу “жимсийг” олж харахад хүүхдүүдийг урьж болно.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийнхээ насанд тохируулан үйл ажиллагаануудаа өөрчил. Хүүхдүүдэд оролцох боломж олго. Гэхдээ тэдний оролцох чадвар нас, сэтгэхүйн хөгжлөөс нь шалтгаалан өөр өөр байна гэдгийг бүү март. Бага насны хүүхдүүдэд заавар, удирдамжийг илүү түлхүү өгөх хэрэгтэй байж болно. Тэд өсөж том болохын хэрээр хичээлд илүү түлхүү оролцож, бодол санаагаа илүү сайн хуваалцдаг болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)