Шинэ Гэрээ 2023
10-р сарын 9–15. Филиппой; Колоссай: “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна”


“10-р сарын 9–15. Филиппой; Колоссай: ‘Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“10-р сарын 9–15. Филиппой; Колоссай,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Зураг
Паул шоронгоос захидал бичиж байгаа нь

10-р сарын 9–15

Филиппой; Колоссай

“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна”

Та Филиппой, Колоссай номуудыг уншиж байхдаа заадаг хүүхдүүдээ бод. Эдгээр захидал дахь зарчмуудыг тэдэнд хэрхэн заах талаар сүнслэг удирдамж эрэлхийл.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сүүлд үзсэн хичээлээсээ сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт юу хийснийг нь хүүхдүүдээс асуу. Жишээ нь, тэд найз хэрэгтэй байгаа хэн нэгэнд хэрхэн тусалсан бэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Филиппой 1:3–4; Колоссай 1:3, 9

Сүмийн удирдагчид надад хайртай бөгөөд миний төлөө залбирдаг.

Паул захидлуудаа ихэвчлэн Сүмийн гишүүдэд хайртайгаа илэрхийлж, тэдний төлөө залбирдаг гэдгээ хэлснээр эхэлдэг байсан. Та Сүмийн удирдагчид нь тэднийг хайрладаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Филиппой 1:3–4,, Колоссай 1:3, 9-ийг чанга уншаад, залбир, залбирахдаа, залбирал гэсэн үгийг сонсох болгондоо гараа зөрүүлэн, толгойгоо бөхийлгөхийг хүүхдүүдээс хүс. Төлөөлөгч Паул өнөөгийн Сүмийн удирдагчдын адил Сүмийн гишүүдийн төлөө залбирдаг байсан.

  • Есүс Христийн зургийг үзүүлээд, хэн нэгний төлөө залбирч байсан Түүний үлгэр жишээний тухай зарим судрыг уншиж өг (Лук 22:32; 3 Нифай 19:21, 23-ыг үзнэ үү). Есүс бусдын төлөө залбирахдаа юуг хүссэн бэ?

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, бишоп, Сүмийн ерөнхийлөгч гэх мэт Сүмийн зарим удирдагчийг нэрлэхэд хүүхдүүдэд тусал. Эдгээр удирдагч хүүхдүүдийг адисалж, зөв шударга амьдрахад нь туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийн төлөө залбирахдаа юу хэлдгээ тэдэнд хэлэх талаар бодож үз.

Филиппой 4:4, 8

Би Их Эзэнд баярлаж чадна.

Хэдийгээр гэгээнтнүүд сорилт бэрхшээлтэй тулгарч, Паул өөрөө шоронд байсан ч тэрээр гэгээнтнүүдийг баярлахад урамшуулан дэмжсэн. Есүс Христийг дагах нь баяр баясгаланг авчирдаг гэдгийг олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Та Филиппой 4:4-ийг уншиж байхдаа, давтагдаж буй үгнүүдийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Баярлахдаа юу хийдгээ үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. “Эзэн дотор баярла[ж]” байгаа шалтгаан болон Есүс Христийн ачаар мэдэрч байсан баяр баяслынхаа талаар хүүхдүүдэд ярь. Есүсийн тухай юу мэдэрдгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Түүний бүтээлүүд, ариун сүм, Амилалт эсвэл гэр бүл зэрэг “Эзэн дотор баярла[хад]” (Филиппой 4:4) тань тусалдаг зүйлсийг төлөөлдөг эд зүйл эсвэл зураг үзүүл. Хүүхдүүдэд ээлжлэн зураг, эд зүйлсийг сонгоод, яагаад уг зүйл өөрсдийг нь баярлуулдаг болохыг хэлэх боломж олго. Эзэний дотор баярлахад тусалдаг зүйлээсээ хуваалцахад тэднийг урь.

  • Филиппой 4:8-ыг хамтдаа уншаад, шүлэгт дурдсан дүрслэлтэй нийцэх зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (мөн Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү). Эдгээр зүйлийн зургийг зурахад хүүхдүүдийг урь.

Колоссай 1:23; 2:6–7

Миний итгэл Есүс Христэд “үндэслэгдсэн” байх ёстой.

Хэрэв хүүхдүүд өөрсдийн амьдрал, итгэлийг Аврагч дээр тулгуурлан босгож чадах юм бол амьдралын шуургыг тэсэж гарах боломжтой байх болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Колоссай 1:23; 2:6–7 дээрх чухал үгсийг уншиж байхдаа, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь модны зургийг үзүүл. Хэрэв мод бат бөх үндэсгүй бол шуурга шуурах үед уг модонд юу тохиолдох вэ? Хүүхдүүдийг босоод, бат бөх ба сул дорой үндэстэй мод болон жүжиглүүл. Аврагчид итгэх итгэл нь бидэнд бат бөх үндэстэй модтой адилхан байхад тусалдаг талаар гэрчил. Дараа нь бид уруу таталт, хүнд хэцүү үеүд зэрэг сүнслэг “шуургыг” тэсэн гарч чадна.

  • Нэг суралцагчийг самбар дээр мод зурахад урь. Есүс Христэд “үндэслэгдэхийн” тулд хийж болох зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдийг ямар нэгэн зүйлийг нэрлэх болгонд зурган дээрээ үндэс нэмж зурахыг түүнээс хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Филиппой 4:4–13

Хэрэв би Есүс Христэд итгэлтэй байх юм бол хүнд хэцүү үед ч аз жаргалтай байж чадна.

Паул олон сорилт бэрхшээлтэй тулгарч байсан ч Есүс Христэд итгэлтэй байсан тул аз жаргалтай байсан.

Боломжит үйл ажиллагаа

  • Филиппой дахь хүмүүст захидал бичиж байсан Паултай адилаар, өөрсдийгөө шоронд байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Филиппой 4:4–13-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, тэднийг “баярлах”, “амар тайван”, “сэтгэл хангалуун” гэсэн үгсийг олохыг хүс. Паул яагаад шоронд байсан ч баяр хөөр, амар амгаланг мэдэрч байсан бэ? Хүүхдүүдэд эдгээр шүлгээс “Эзэн,” “Бурхан,” “Христ” гэсэн үгсийг олоход тусал. Паулын Есүс Христэд итгэх итгэл түүнд баяр баясгаланг мэдрэх боломжийг олгож байсан гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

  • Хүүхдүүдийг дараах өгүүлбэрүүдийг гүйцээхэд туслахыг урь. Үүнд: “Хэрэв надад байвал би харанхуйд байсан ч харж чадна. Хэрэв надад байх юм бол би халуун өдөр гадаа байсан ч халууцахгүй байж чадна. Хэрэв би юм бол хүнд хэцүү үед ч баяр баясгаланг олж чадна.” Баяр баясгалантай байхын тулд бидний хийх зүйлийн талаар Филиппой 4:4–13-т юу гэж заасан байдаг вэ? Хүнд хэцүү үед танд баяр баясгаланг олоход тусалдаг Есүсийн талаарх зарим дуулал эсвэл судрыг хуваалцахад хүүхдүүдийг урь.

Филиппой 4:8

Би үнэн, шударга, цэвэр ариун зүйлсийг “бодож чадна”.

Хүүхдүүд муу муухай, зохисгүй зүйлстэй үргэлж тулгардаг. Та урамшуулан зоригжуулж, сайн сайхан зүйлсийг эрэлхийлэхэд нь тэдэнд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдээс Филиппой 4:8-ыг чанга уншихыг, харин бусдыг нь Итгэлийн тунхаг 1:13-аас ижил эсвэл төстэй утгатай үгсийг олохыг хүс. Хэн нэгнийг эдгээр үгийг самбар дээр бичихэд урь. Эдгээр үг ямар утгатай болохыг хүүхдүүдээс асуугаад, хэрэгтэй бол тэдгээрийг тодорхойлоход тусал. Бид яагаад эдгээр зүйлийг “бодож сана[х]” ёстой вэ? Бид хэрхэн тэдгээрийг “эрэлхийлж” болох вэ?

  • Филиппой 4:8 дахь тайлбарт тохирох зүйлсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Энэ долоо хоногт эдгээр тайлбартай тохирох, олж харсан зүйлээ жагсааж бичихэд тэднийг урь. Тэднийг дараа долоо хоногт жагсаалтаа Хүүхдийн хэсэгт авчран, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуул.

Колоссай 1:23; 2:6–7

Миний итгэл Есүс Христэд “үндэслэгдсэн” байх ёстой.

Сатан уруу таталт, худал хуурмаг сургаалаар дамжуулан бидний итгэлийг сулруулахыг оролддог. Та хүүхдүүдийг “сайн мэдээнийхээ найдвараас хөдлөхгүй” болгохын тулд Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн сүнслэгээр өдөөж болох вэ? (Колоссай 1:23).

Боломжит үйл ажиллагаа

  • Колоссай 1:23; 2:6–7-оос олж болох үнэнүүдийг төлөөлөн харуулсан зургийг зурахад хүүхдүүдийг урь. Тэдэнд зургаа ангийнхантайгаа хуваалцаж, төлөөлж буй үнэнийг нь тайлбарлах боломж олго.

  •   Өнөө үед ямар ямар уруу таталт, худал хуурмаг сургаал бидний итгэлийг сулруулж болох вэ? Есүс Христэд “үндэслэгдэхийн” (Колоссай 2:7) тулд итгэлээ хүчирхэгжүүлэх нэг зүйлээ бичихэд хүүхдүүдийг урамшуул. Үүнийгээ өдөр бүр харж болох газарт байрлуулахыг тэднээс хүс.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл ангид уншсан судраа ашиглаж болно.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд их сониуч байдаг бөгөөд шинэлэг, олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Хүүхдүүдэд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, олж нээж судлахад туслах үйл ажиллагаануудыг ашигла. Энэ гарын авлагын эхэнд буй “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсэг дээрх санаанууд танд тусална. (Мөн Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)

Хэвлэх