“10-р сарын 9–15. Филиппой; Колоссай: ‘Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“10-р сарын 9–15. Филиппой; Колоссай,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
10-р сарын 9–15
Филиппой; Колоссай
“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
Та хэзээ хамгийн сүүлд Шинэ Гэрээнээс судлах үедээ бичиж тэмдэглэсэн сүнслэг сэтгэгдлээ уншсан бэ? Хүлээн авч байгаа сүнслэг өдөөлтүүдээ эргэн харж байх нь тустай байж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паул филиппойчууд болон колоссайчуудад хандсан захидлуудаа Ромд шоронд хоригдож байхдаа бичжээ. Гэвч эдгээр захидал нь шоронд байгаа хүн бичсэн гэмээр өнгө аясгүй байдаг. Паул зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлээс илүү баяр баясал, баярлах, талархах тухай илүү ярьсан байдаг. Тэрээр “Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно” (Филиппой 1:18) хэмээсэн. “Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч … Христ дэх итгэлийн чинь баттайг хараад, баярлан сүнсээрээ би та нартай хамт байна” (Колоссай 2:5). Паулын хүнд хэцүү нөхцөл байдалд мэдэрсэн “Бурханы амар тайван” үнэндээ “бүх оюун ухааныг дав[ж]” (Филиппой 4:7) байсан ч тэр нь бодит мэдрэмж байсан юм. Бид сорилт бэрхшээлтэй үедээ ч энэхүү амар тайвныг мэдэрч, “Эзэний дотор үргэлж баярла[ж]” чадна (Филиппой 4:4). Паулын адил бид ч бас “[түүний] дотор бидэнд … золилт [байдаг]” (Колоссай 1:14) Есүс Христэд бүрэн тулгуурлаж болно. Бид Паул шиг “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13-ыг мөн Колоссай 1:11-ийг үзнэ үү) хэмээн хэлж чадна.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Филиппой 2:5–11; Колоссай 1:12–23
Миний итгэл Есүс Христэд суурилдаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон судраас судлахад Есүс Христийн тухай өгүүлсэн шүлгүүд дээр анхаарлаа хандуулснаар энэ нь асар хүчтэй нөлөөлсөн тул өөрт нь “өөр хүн” болсон мэт санагдсан гэж хэлжээ. (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 25.) Та Филиппой, Колоссай номуудыг уншихдаа түүний жишээг дагахыг хичээгээрэй (ялангуяа Филиппой 2:5–11; Колоссай 1:12–23-ыг үзнэ үү). Та Аврагчийн талаар юу мэдэж авч байна вэ? Эдгээр үнэн “өөр” эрэгтэй, эмэгтэй болоход танд хэрхэн тусалж чадах вэ?
Бид “өөрсдийн авралыг гүйцээдэг” үү?
“Өөрсдийн авралыг гүйцээ” (Филиппой 2:12) хэмээх хэллэгийг зарим хүн зөвхөн өөрсдийн хичээл зүтгэлээр аврагдах болно гэсэн санааг илэрхийлэхдээ хэрэглэдэг. Зарим нь авралд үйлс шаардлагагүй гэж хэлэхдээ “Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан” (Ефес 2:8) хэмээх Паулын сургаалыг хэрэглэдэг. Харин судрууд, тэр дундаа Паулын бичээс авралыг хүлээн авахын тулд Есүс Христийн ач ивээл, хувийн хүчин чармайлт хоёул шаардлагатай гэдгийг тодорхой заадаг. Өөрсдийн авралыг гүйцэлдүүлэхийн тулд хамгийн сайнаараа хичээж чармайсан ч “та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм” (Филиппой 2:13; мөн Филиппой 1:6; 2 Нифай 25:23; Судруудын удирдамж дахь “Ач ивээл”-ийг үзнэ үү).
Есүс Христийн сайн мэдээ гаргасан золиос бүртэйгээ тэнцэх үнэ цэнтэй.
Паул Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхдөө фарисай хүний хувиар иудейчүүдийн нийгэмд эзэлж байсан байр суурь гэх мэт олон зүйлээсээ татгалзсан. Филиппой 3:5–14-өөс Паул сайн мэдээний төлөө золиос гаргахад бэлэн байснаар юу олж авсныг олж мэд. Тэр гаргасан золиосынхоо талаар ямар бодолтой байсан бэ?
Дараа нь та өөрийгөө ямар шавь гэдгээ эргэцүүлэн бод. Та Есүс Христийн сайн мэдээний төлөө ямар золиос гаргасан бэ? Та юу хүлээж авсан бэ? Аврагчийн илүү үнэнч шавь болохын тулд нэмж золиослох хэрэгтэй гэж бодож байгаа зүйл танд байна уу?
Мөн 3 Нифай 9:19–20; Сургаал ба Гэрээ 58:2–5-ыг болон Тэйлор Г.Годойн “Дахиад нэг өдөр” хэлсэн үгийг 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 41–44-өөс үзнэ үү.
Би нөхцөл байдлаасаа үл хамааран Христ дотор баяр баяслыг олж чадна.
Паулын амьдрал ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны илэрхийлсэн үнэний тод томруун жишээ юм. “Бид … амьдралаа … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг” гэж заасан (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71).
Та Филиппой номыг, ялангуяа 4-р бүлгийг уншихдаа амьдралынхаа ямар ч нөхцөл байдалд баяр баясгаланг олоход туслах мэдэгдлүүдийг хайж ол. Та хэзээ сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ “Бурханы амар тайвныг” (7-р шүлэг) мэдэрсэн бэ? Та хэзээ хүнд хэцүү зүйл хийхдээ “Христээр” (13-р шүлэг) дамжуулан хүч чадал олж авч байсан бэ? Яагаад бүх нөхцөл байдалд “сэтгэл хангалуун байх” (11-р шүлэг) нь чухал гэж та бодож байна вэ? 8-р шүлэг дэх зан чанаруудыг хэрэгжүүлэх нь байгаа нөхцөл байдалдаа баяр баясгаланг олоход танд хэрхэн туслах вэ?
Aлмa 33:23-ыг мөн Дийтр Ф.Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” хэлсэн үгийг 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 90–93-аас үзнэ үү.
Есүс Христийн шавь нар Түүний сайн мэдээний дагуу амьдарснаар “шинэ” болдог.
Есүс Христ таныг “шинэ” [эрэгтэй, эмэгтэй] болоход тань тусалж байгааг та хэрхэн хэлж чадах вэ? Үүнийг тунгаан бодох нэг арга зам бол Колоссай 3:1–17-г судлах явдал бөгөөд “хуучин хүний” хандлага, зан чанар, үйлдлийг нэг жагсаалтан дээр, “шинэ хүний” хандлага, зан чанар, үйлдлийг өөр нэг жагсаалтан дээр бич.
Ирээдүйд та үүнийгээ дахин харж, хэрхэн өсөж хөгжиж байгаагаа тунгаан бодож болохын тулд Аврагч таныг хэрхэн өөрчилж байгаа тухай санаа бодлоо бичиж тэмдэглэ.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Филиппой.Танай гэр бүлийнхэн баяр баясал эсвэл баярлах гэх үгс Филиппой номд байнга давтагдаж байгааг анзаарсан байх. Эдгээр үгийн аль нэгийг олох бүрдээ та нар Паул баяр баяслыг хэрхэн олж авах тухай юу заасныг ярилцаж болно.
-
Филиппой 2:14–16.Бид хэрхэн “дэлхийд гэрэл мэт үзэгдэж” чадах вэ?
-
Филиппой 4:8.Гэр бүлийн гишүүд энэхүү шүлэг дэх дүрслэлд тохирох “бодож санах” юмсыг тодорхойлж болох юм (түүнчлэн Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү). Танай гэр бүлийнхэн Паулын зөвлөгөөг дагаснаар хэрхэн адислагдах вэ?
-
Колоссай 1:23; 2:7.Гэр бүлээрээ модыг тойрон суугаад эсвэл модны зураг (энэхүү тоймд хавсаргасан зураг байж болно) харангаа эдгээр шүлгийг уншиж болно. Христэд “суурилагдсан” ба “бат үндэслэгдсэн” байх гэдэг нь ямар утгатай вэ? Бид нэг нэгэндээ сүнслэг үндсээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
-
Колоссай 2:2–3.Танай гэр бүлийнхэнд сайн мэдээний “эд баялаг” болон “мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс”-ийг төлөөлөх зүйлсээр “эрдэнэсийн авдраа” дүүргэх таалагдаж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Хаан Тань Их Эзэн тул баясан бишрэхтүн!,” Дуулал, д. 30.