Шинэ Гэрээ 2023
9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат: “Сүнсээр яв”


“9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат: ‘Сүнсээр яв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Христ шоронд байгаа Паулд үзэгдсэн нь

Амилсан Аврагч шоронд байгаа Паул дээр очив (Үйлс 23:11-ийг үзнэ үү). Есүс Христ биднийг “боолчлолын буулганаас” (Галат 5:1) чөлөөлж чадна.

9-р сарын 25-аас 10-р сарын 1

Галат

“Сүнсээр яв”

Та Галатыг уншиж байхад төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ийн бичиж тэмдэглэх нь тэдгээрийг цаашид санаж, тунгаан бодоход танд тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христийн сайн мэдээ сүнслэг боолчлолоос чөлөөлөгдөх боломжийг олгодог. Гэвч заримдаа сайн мэдээний эрх чөлөөг мэдэрсэн хүмүүс эргээд “боолчлогдохыг хүсдэг” (Галат 4:9). Галат дахь гэгээнтнүүд ийн Христийн тэдэнд өгсөн эрх чөлөөнөөс нүүр буруулж байсан (Галат 1:6-г үзнэ үү). Галатчуудад зориулсан Паулын захидал “Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн” (Галат 5:1) тэрхүү эрх чөлөө рүү эргэн ирэхийг хүссэн чухал дуудлага байсан. Энэ дуудлагыг бид ч гэсэн сонсож мөн анхаарлаа хандуулах ёстой. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөж болох ч эрх чөлөө, боолчлол хоёрын хоорондох тэмцэл зогсдоггүй. Паулын зааснаар “эрх чөлөө уруу дуудагдах” (Галат 5:13) нь хангалттай биш, харин бид Христэд тулгуурлан тэнд “бат зогсох” (Галат 5:1) ёстой.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Галат 1–5

Христийн хууль надад эрх чөлөө олгодог.

Паул Галатын гэгээнтнүүд хуурамч сургаалыг даган замаасаа хазайж байгааг сонсоод, тэдэнд хандан захидал бичжээ (Галат 1:6–9-ийг үзнэ үү). Тэдгээр хуурамч сургаалын нэг бол сайн мэдээг хүлээн авсан харийнхан аврагдахын тулд хөвч хөндүүлж, Мосегийн хуульд байгаа бусад уламжлалыг дагах хэрэгтэй гэсэн сургаал байв (Галат 2-ыг үзнэ үү). Паул эдгээр уламжлалыг “боолчлолын буулга” (Галат 5:1) гэж нэрлэжээ. Паулын галатчуудад өгсөн зөвлөгөөг уншихдаа, жинхэнэ эрх чөлөө гэж юу болохыг ойлгоход туслах зарчмуудыг олж мэд. Мөн та амьдралд тань өөр ямар худал хуурмаг уламжлал болон боолчлолын буулга байж болохыг тунгаан бодож болно. Сайн мэдээний өгдөг эрх чөлөөг мэдрэхэд танд саад болж байгаа ямар нэгэн зүйл байна уу? Христ болон Түүний сайн мэдээ хэрхэн “[таныг] эрх чөлөөтэй болгосон” бэ? (Галат 5:1).

Түүнчлэн 2 Нифай 2:27; 9:10–12-ыг үзнэ үү.

Галат 3

Би Абрахамд амлагдсан адислалын өв залгамжлагч мөн.

Галат дахь зарим гэгээнтэн Абрахамын шууд удам (“үр удам”) биш болохоор Абрахамд амлагдсан адислал, тэр дундаа өргөмжлөлийг хүлээн авахгүй хэмээн санаа зовж байсан. Галат 3:7–9, 13–14, 27–29-д цэдэглэснээр “Абрахамын үр” болохын тулд хүн ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

Абрахамд амлагдсан адислалууд, түүний үр удмын хувьд бидний өвлөн авч болох адислалуудыг Судруудын удирдамж дахь “Абрахамын гэрээ”-г topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Абрахамд амласан адислалууд танд яагаад чухал вэ?

Галат 3:6–25

Абрахамд Есүс Христийн сайн мэдээ байсан.

Бошиглогч Иосеф Смит “Эрт дээр үед амьдарч байсан бүх насны хүмүүс тэнгэрийн тогтолцоонд тоомжиргүй ханддаг байсан гэж олон хүн таамагладаг ч бид үүнд итгэж болохгүй. Учир нь бүх цаг үед буюу Христийг ирэхээс өмнө мөн дараа нь амьдарч байсан аврагдсан хүмүүс энэхүү гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний хүчээр аврагдсан юм. … Абрахам өргөл өргөсөн. Гэсэн ч түүнд Сайн мэдээг заасан” хэмээн тайлбарлажээ (“The Elders of the Church in Kirtland to Their Brethren Abroad,” The Evening and the Morning Star, Mar. 1834, 143, JosephSmithPapers.org). Абрахам болон эртний бусад бошиглогч Есүс Христийн сайн мэдээтэй байсныг мэдэх нь Паулын үеийн гэгээнтнүүдэд яагаад чухал байсан гэж та бодож байна вэ? Үүнийг мэдэх нь танд яагаад чухал вэ? (Хиламан 8:13–20; Мосе 5:58–59; 6:50–66-г үзнэ үү.)

Мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), х. 55–67-г үзнэ үү.

Галат 5:13–26; 6:7–10

Хэрэв би “Сүнсээр явбал” “Сүнсний үр жимсийг” хүлээн авах болно.

Эдгээр шүлгийг судлах нь танд Сүнсээр хэр зэрэг бүрэн дүүрэн явж байгаагаа дүгнэхэд туслах боломжтой. 22–23-р шүлэгт дурдсан Сүнсний үр жимсийг та хүртэж байна уу? Та сүнслэг амьдралын өөр ямар үр жимс эсвэл үр дүнг анзаарсан бэ? Энэхүү үр жимсийг илүү гүйцэд боловсруулахын тулд юу хийх хэрэгтэйгээ тунгаан бод. Энэ үр жимсийг боловсруулах нь таны амьдралын чухал харилцаа холбоог хэрхэн сайжруулж болох вэ?

Модонд ургаж буй алим

Би амьдралдаа “Сүнсний үр жимсийг” эрэлхийлэх ёстой.

Хэрэв та Сүнсээр явахыг хичээж байгаа ч хичээл зүтгэл тань амласан үр жимсээ өгөхгүй байгаа юм шиг санагдаж байвал Галат 6:7–10-ыг унш. Эдгээр шүлэгт Их Эзэн танд зориулан ямар захиас өгсөн гэж та бодож байна вэ?

Мөн Aлма 32:28, 41–43; Сургаал ба Гэрээ 64:32–34-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Галат 3:11.“Итгэлээр амьдрах” гэдэг нь ямар утгатай вэ? Бид гэр бүлээрээ итгэлийнхээ дагуу хэрхэн амьдарч байгаа вэ?

Галат 4:1–7.Та хааны зарц нар болон хүүхдүүдийн хоорондын ялгааг хэлэлцсэнээр Галат 4-ийг танилцуулж болно. Зарцад байхгүй ямар боломж, чадавх хааны хүүхдэд байгаа вэ? 1–7-р шүлгийг хамт уншихдаа энэ талаар бодоорой. Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцааны талаар юу заадаг вэ?

Галат 5:16–26.“Маханбодын үйлс,” “сүнсний үр жимс” хоёр юугаараа ялгаатай болохыг авч хэлэлцэхийг бод. Хэлэлцүүлгийг илүү хөгжилтэй болгохын тулд “сүнсний үр жимсийг” дүрслэхдээ ашигласан Паулын үгсээр өөр өөр төрлийн жимсийг нэрлэж болно. Тэгээд гэр бүлийн гишүүн бүр нэг нэг жимс сонгон авч, тодорхойлон, тэр жимсний үлгэр жишээ болсон хэн нэгний талаар ярьж болно. Энэ нь Сүнсийг гэр орондоо урин авчирч, жимсээ боловсруулж болох арга замуудын талаар ярилцахад гэр бүлийнхнийг тань чиглүүлж болох юм. Ярилцлагын дараа хамтдаа жимсний салат идэж болно.

Галат 6:1–2.Танай гэр бүлийн хэн нэг нь “гэмд авт[аж]” байсан байж болно. Та тийм тохиолдолд юу хийх талаарх ямар зөвлөмжийг Галат 6:1–2-оос олсон бэ?

Галат 6:7–10.Танай гэр бүл хамтдаа ямар нэгэн зүйл тарьж байсан бол “хүн юу тарьснаа л хурааж авдаг” (7-р шүлэг) гэсэн зарчмыг дүрслэхдээ тэр туршлагаа ашиглаж болно. Эсвэл та гэр бүлийн гишүүдээсээ ямар жимс эсвэл ногоонд дуртайг нь асуугаад, уг жимс, ногоогоо ургуулахын тулд ямар хүчин чармайлт гаргадгаа ярилцаж болох юм. (Энэ тоймын төгсгөл дэх зургийг үзнэ үү.) Дараа нь танай гэр бүл ямар ямар адислалыг хүлээн авахыг хүсэж байгаагаа мөн тэдгээрийг хэрхэн “хурааж авах” тухай ярилцаж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хайрын гэрэлд байхыг надад заагаач,” Хүүхдийн дууны ном, 70.

Заах чадвараа сайжруулах

Судруудыг өөрсөдтэйгөө адилтгахад гэр бүлийнхэндээ тусал. Нифай “бидэнд эрдэм болон тус байж болохын тулд би бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгасан билээ” (1 Нифай 19:23) хэмээн хэлсэн. Гэр бүлдээ ийн үйлдэхэд нь туслахын тулд тэднийг Галат 5:22–23-т дүрсэлсэн Сүнсний үр жимсийг хүртэж байсан үеэ тунгаан бодохыг хүсэж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)

Модонд ургаж буй тоор жимс

Бид Сүнстэй хамт явахдаа амьдралдаа Сүнсний үр жимсийг хүртэх болно хэмээн Паул заасан.