Шинэ Гэрээ 2023
9-р сарын 18–24. 2 Коринт 8–13: “Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг”


“9-р сарын 18–24. 2 Коринт 8–13: ‘Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 18–24. 2 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Есүс бяцхан хүүхэдтэй ярьж байгаа нь

9-р сарын 18–24

2 Коринт 8–13

“Уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг”

Сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь судар судалж байх үедээ сурч мэдсэн зүйлсээ эргэн санахад тус болно. Та судлах тэмдэглэлдээ бичиж, судрынхаа зайд тэмдэглэж, Gospel Library аппликэйшнд тэмдэглэл нэмж эсвэл санаа бодлоо дуу хураагуурт бичиж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та өөр бүсэд байдаг гэгээнтнүүд ядуурал, хомсдолоос болж зовж байгаа гэж сонсвол юу хийх вэ? 2 Коринт 8–9-д Паул Коринт дахь гэгээнтнүүдэд ийм байдлыг дүрслэн хэлсэн. Тэрээр Коринт дахь гэгээнтнүүдийг элбэг хангалуун зүйлсээсээ тусламж хэрэгтэй гэгээнтнүүдэд хандивлахад ятгана гэж найдаж байсан. Харин Паулын үгс хандив хүсэхээс илүү “Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус, зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг” (2 Коринт 9:7) хэмээх өгөхийн бүрэн үнэнийг мөн агуулж байсан. Бидний үед ч дэлхий даяар тусламж хэрэгтэй гэгээнтнүүд байсаар байгаа. Заримдаа бидний хийж чадах бүх зүйл мацаг барьж, мацгийн өргөл өргөх явдал байдаг. Өөр тохиолдлуудад бид илүү хувийн байдлаар, шууд тусламж үзүүлж болдог. Бид ямар ч хэлбэрийн золиос гаргасан бай, өгөх сэтгэлээ сорьж үзэх нь үнэ цэнтэй зүйл юм. Бидний золиос хайрын илэрхийлэл мөн үү? Эцсийн дүнд өгөгчийг баясгадаг зүйл нь хайр байдаг.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

2 Коринт 8:1–15; 9:5–15

Би ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахын тулд өөртөө байгаа зүйлсийг баяртайгаар хуваалцаж чадна.

Дэлхий даяар тусламж хэрэгтэй маш олон хүн байдаг. Бид хэрхэн өөрчлөлт гаргах боломжтой вэ? Ахлагч Жэффри Р.Холланд “Бид ядуу эсвэл баян аль нь ч байсан ялгаагүй бусдад тусламж хэрэгтэй үед ‘хийж чадахаа л хийх ёстой’ гэдэг нь ямар гайхалтай сануулга вэ? [Maрк 14:6, 8-ыг үзнэ үү]. … “Хэрвээ бид [Бурханы] өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлж, туслах болно” гэжээ (“Бид бүгд гуйлгачид бус уу?,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48).

2 Коринт 8:1–15; 9:6–15-ыг уншаад, ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах тухай Паулын заасан зарчмуудыг тэмдэглэж аваарай. Паулын зөвлөгөөний юу нь таныг сүнслэгээр өдөөж байна вэ? Та тусламж хэрэгтэй хэн нэгнийг адислахын тулд юу хийж болох талаар удирдамж хүсэн залбирч болно. Хүлээн авсан аливаа мэдрэмж сэтгэгдлээ бичиж аван, үйлдэл болгохоо бүү мартаарай.

Мөн Мозая 4:16–27; Алма 34:27–29-ийг болон Рассэлл М.Нэлсоны “Хоёр дахь агуу зарлиг” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 108–113-аас; Хэнри Б.Айрингийн “Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” хэлсэн үгийг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 3–7-оос үзнэ үү.

2 Коринт 11:1–6, 13–15; 13:5–9

“Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал.”

Өнөөдөр Паулын үеийнх шиг “Христ дор эгэл байдлаас” (2 Коринт 11:3) биднийг төөрүүлэхийг эрэлхийлдэг тэдгээр нь бий. Иймээс Паулын санал болгосноор “Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал” (2 Коринт 13:5) гэж санал болгосны дагуу хийх нь чухал юм. Та энэ үйл явцыг эхлүүлэхдээ “итгэлд байх” гэдэг нь юу гэсэн үг болохыг эргэцүүлэн бодож болно. Та итгэлд байгаагаа хэрхэн мэдэх вэ? Өөрсдийгөө судлахын тулд өөрт байгаа боломжуудыг хайж ол.

Та өөрийгөө судлах явцдаа “Христ дор эгэл байдлаас” (2 Коринт 11:3) гэсэн хэлцийг тунгаан бодож болно. Та Христ дотор болон Түүний сайн мэдээн дор эгэл байдлыг хэрхэн олсон бэ? Эгэл байдлаас та нарын санаа бодлыг хэрхэн төөрүүлж болох вэ? Та 2 Коринт 11:1–6, 13–15-аас ямар хэрэгтэй зөвлөгөө олж авдаг вэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах зөвлөгөөг авч үзнэ үү. “Хэрэв та нар сайн мэдээ та нарын амьдралд тийм ч тус болохгүй байна даа гэж бодож байвал би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, алхмаа илүү энгийн хялбар болгоход урьж байна. Үндсэн сургаал, зарчмуудыг болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаар. Бурхан бүрэн дүүрэн шавийн замаар аялахад тань таныг удирдаж, адислах ба сайн мэдээ танд ашиг тусаа илүү ихээр өгөх болно гэдгийг би амлаж байна (“Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

2 Коринт 12:5–10

Аврагчийн нигүүлсэл нь сул дорой байдалдаа хүч олоход минь туслахад хангалттай юм.

Бид Паулын “махбод дахь өргөс” юу байсныг мэдэхгүй ч бид бүгдийн амьдралд Бурханаар авхуулахыг хүсдэг өргөс байдаг. Та 2 Коринт 12:5–10-ыг уншихдаа өөрийн өргөсний талаар бод. Мөн Есүс Христийн тухай эдгээр шүлгээс юу сурч мэдсэнээ тунгаан бод. Паул эдгээр шүлэгт зовлон зүдгүүр болон сул дорой байдлын тухай юу заасан бэ? Бурханы нигүүлсэл танд хангалттай гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ?

Түүнчлэн Moзая 23:21–24; 24:10–15; Ифер 12:27; Moронай 10:32–33-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

2 Коринт 8–9.Бид эдгээр бүлгээс биднийг ядууст болон тусламж хэрэгтэй хүмүүст туслахад сүнслэгээр өдөөх юуг олж мэдсэн бэ? Энэ нь гэр бүлээрээ тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчлэх төлөвлөгөө гаргахад тохиромжтой цаг байж болох юм.

2 Коринт 9:6–7.Танай гэр бүлийнхэн “уриалгахнаар өгөгч” хэмээн дүрслэн хэлж болох хэн нэгнийг таних уу? Бид бусдад үзүүлэх үйлчлэлээ хэрхэн илүү баяр хөөртэй болгож болох вэ? Гэр бүлийн бяцхан гишүүд “Би уриалгахнаар өгөгч” гэсэн тэмдгүүд хийж болно. Та гэр бүлийнхнийгээ хэн нэгэнд уриалгахнаар үйлчлэхийг харах бүрдээ тэднийг эдгээр тэмдгээр шагнаж болно.

2 Коринт 10:3–7.Та ёс бусын эсрэг тэмцдэг “байлдааны зэвсгийнхээ” тухай гэр бүлийнхэндээ хэрхэн тайлбарлаж болох вэ? Танай гэр бүл сандал, хөнжил ашиглан майхан эсвэл хана барихдаа дуртай байх болов уу? Энэ нь биднийг Бурханаас холдуулдаг зүйлсийг хэрхэн устгаж, “ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд хэрхэн [олзлуулах]” тухай ярилцахад чиглүүлж болно. Бодол санаагаа хянахад бидний ашигладаг сүнслэг “зэвсгүүд” юу вэ? (Ефес 6:11–18-ыг үзнэ үү).

2 Коринт 11:3.Танай гэр бүл “Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдалд” анхаарлаа төвлөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Бяцхан горхи урсаж байна,” Хүүхдийн дууны ном, 116.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ахлагч Ричард Г.Скотт “Нягт нямбай хөтөлсөн мэдлэг бол хэрэг болсон үед бэлэн байдаг мэдлэг юм. … [Сүнслэг удирдамжийг тэмдэглэж авах нь] цаашид улам их гэрэл хүлээн авах магадлалыг нэмэгдүүлдэг” гэж хэлсэн (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 88; мөн Аврагчийн арга барилаар заах нь, 12, 30-ийг үзнэ үү).

Залуу хүмүүс үйлчлэлд тусалж байгаа нь

“Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь Бурхан уриалгахнаар өгөгчийг хайрладаг” (2 Коринт 9:7).