Шинэ Гэрээ 2023
8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13: “Та нар Христийн бие”


“8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Ариун ёслолын цуглаан

8-р сарын 28-аас 9-р сарын 3

1 Коринт 8–13

“Та нар Христийн бие”

Таныг 1 Коринт 8–13-ыг уншиж байхад Ариун Сүнс тантай намуухан ярих болно (1 Хаад 19:11–12-ыг үзнэ үү). Эдгээр сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь суралцаж байх үедээ мэдэрсэн мэдрэмж, санаа бодлоо эргэн санахад тус болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Паулын үед Коринт нь Ромын эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн оршин суугчидтай, чинээлэг худалдааны төв газар байжээ. Уг хотынхны маш олон өөр төрлийн соёл иргэншил, шашин шүтлэг дунд Коринт дахь Сүмийн гишүүд эв нэгдлээ хадгалан үлдэх гэж зовж байв. Тиймээс Паул тэдэнд Христэд итгэх итгэлдээ эв нэгдлийг олоход нь туслахыг оролдож байсан. Энэхүү эв нэгдэл нь зөвхөн амар тайван зэрэгцэн оршихоос илүү зүйл байсан бөгөөд Паул тэднээс зүгээр л бие биеийнхээ ялгаатай байдлыг тэвчихийг хүсээгүй. Харин тэр Есүс Христийн Сүмд нэгдэхдээ та нар “нэг бие уруу баптисм хүртсэн” ба биеийн хэсэг бүр нь хэрэгтэй хэмээн заасан (1 Коринт 12:13). Нэг гишүүнээ алдвал нэг эрхтнээ алдаж байгаатай адил бөгөөд үр дүнд нь бие улам сул дорой болно. Нэг гишүүн зовох үед бид бүгдээрээ түүний зовлонг үүрэлцэж, үүнээс ангижрахад нь туслахын тулд хүн бүр өөрт оногдсоноо хийх хэрэгтэй. Энэ төрлийн эв нэгдэлд ялгаатай талууд нь зөвхөн танигдаад зогсохгүй үнэлэгддэг. Учир нь өөр өөр авьяас, чадвартай гишүүдгүй бол бие нь бүрэн бус, хязгаарлагдмал байх болно. Танд сүмд байхдаа үргэлж гэртээ байгаа юм шиг санагддаг бол эсвэл энэ үнэхээр байх ёстой газар минь мөн үү гэж бодож байгаа бол танд зориулсан Паулын захиас эв нэгдэл бол адилхан байх гэсэн үг биш гэсэн захиас юм. Танд гэгээнтэн найзууд тань хэрэгтэй, гэгээнтэн найзууддаа ч та хэрэгтэй.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

1 Коринт 10:1–13

Бурхан уруу таталтаас ангижрах арга замаар хангадаг.

Сүнслэг туршлагууд, бүр гайхамшигтай туршлагууд хүртэл “хүнд тохиолддог ч” (1 Коринт 10:13) уруу таталтуудаас биднийг чөлөөлдөггүй. Энэ нь Мосегийн үеийн израилчууд агуу гайхамшгуудыг харсан атлаа хэрхэн уруу татагдаж байсан тухай Паулын бичсэн нэг шалтгаан байж болно (Гэтлэл 13:21; 14:13–31). 1 Коринт 10:1–13-ыг уншихад, израилчуудад тохиолдсон үйл явдлаас авч болох ямар сэрэмжлүүлэг танд хамаатай байж болох вэ? Тэнгэрлэг Эцэг танд уруу таталтаас “зугтах” ямар ямар арга замыг өгсөн бэ? (Алма 13:27–30; 3 Нифай 18:18–19-ийг үзнэ үү).

1 Коринт 10:16–17; 11:16–30

Ариун ёслол Христийн Сүмийн гишүүдийн хувьд биднийг нэгтгэдэг.

Хэдийгээр ариун ёслол нь Их Эзэн, та хоёрын хооронд өгсөн хувийн амлалттай холбоотой ч энэ нь мөн бусадтай хуваалцдаг туршлага юм. Гэгээнтнүүд бид нэгэн бие учир ариун ёслолоос ихэнх тохиолдолд үргэлж хамтдаа хүртдэг. Ариун ёслолын талаар Паулын юу гэж заасныг уншаад, энэхүү ариун нандин ёслол хэрхэн “олныг” Христэд “нэг” болоход тусалж болох талаар бод (1 Коринт 10:17). Ариун ёслолоос хүртэх нь Христтэй болон бусад итгэгчтэй улам ойртоход танд хэрхэн тусалдаг вэ? Эдгээр шүлэг нь ариун ёслолын талаарх таны бодолд болон үүнд бэлтгэх арга замд хэрхэн нөлөөлөх вэ?

1 Коринт 11:11

Бурханы төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ хэрэгтэй.

1 Коринт 11:4–15-д Паул өнөө үед бидний дагаж мөрддөггүй соёл уламжлалуудыг дурдсан хэдий ч 11-р шүлгэн дээр мөнхөд хэвээр үлдэх нэгэн чухал үнэнийг заасан. Таны бодлоор энэ шүлэг ямар утгатай вэ мөн яагаад чухал вэ? Ахлагч Дэвид А.Бэднар “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцах, бие биенээ хүчирхэгжүүлэх, адислах мөн бие биедээ тусалж дэмжих мөн нэг нэгнээ төгс болгохын тулд бүтээгджээ” хэмээн заасан (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50). Энэ үнэн гэрлэлтэд хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ үнэн бидний Сүмд үйлчлэх арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?

Мөн Жийн Б.Бингамын “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 73–77-оос үзнэ үү.

1 Коринт 12–13

Сүнсний бэлгүүд нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн ашиг тусын тулд өгөгдсөн.

1 Коринт 12–13 дахь сүнсний бэлгүүдийн жагсаалт нь бүгдийг хамраагүй. Гэвч энэ нь Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн сүнсний бэлгүүдийг таньж мэдэн, тунгаан бодож эхлэх тохиромжтой цэг билээ. Судруудын удирдамж дахь “Сүнсний бэлгүүд” (topics.ChurchofJesusChrist.org) нийтлэл нь эдгээр бэлгийг илүү сайн ойлгоход танд тусална. Та Паулын бэлгүүдийн жагсаалтыг уншаад, бусдаас болон өөрөөсөө эсвэл судар дээрх хүмүүсээс олж харсан зарим бэлгийг нэмж болно. Хэрэв та патриархын адислалаа авсан бол түүн дээр сүнсний зарим бэлгийг тань дурдсан байж болно. Эдгээр бэлэг бусдыг адислахад тань хэрхэн тусалдаг вэ? “Үлэмж агуу бэлгүүдийг” (1 Коринт 12:31) хэрхэн эрэлхийлж болохоо эргэцүүлэн бод.

Түүнчлэн 1 Коринт 14; Moронай 10:8–21, 30; Сургаал ба Гэрээ 46:8–26; Итгэлийн тунхаг 1:7-г үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Коринт 9:24–27.Паул сайн мэдээний дагуу амьдрахыг гүйлтийн тэмцээнтэй харьцуулсан болохоор түүний санааг дүрслэн харуулахын тулд гэр бүлээрээ гүйлтийн тэмцээн зохиож болно. Гүйж дууссан хүн бүрд титэм гардуулж өгөөд, энэ амьдралд Есүс Христийг дуулгавартай дагасан бүх хүн “үл муудах” шагналыг хэрхэн хүртэх тухай ярилц (1 Коринт 9:25 мөн 2 Tимот 4:7–8-ыг үзнэ үү). Гүйлтийн тамирчин тэмцээнд бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход бэлтгэхийн тулд юу хийж чадах вэ?

Зам дээр гүйж буй хүн

Паул сайн мэдээний дагуу амьдрахыг гүйлтийн тэмцээнтэй харьцуулсан.

1 Коринт 12:1–11.Эдгээр шүлгийг хамтдаа уншсаны дараа хүн бүрд гэр бүлийн өөр нэг гишүүний нэрийг дээд хэсэгт нь бичсэн цаас өг. Тухайн хүнээс олж харсан сүнсний бэлгүүдийг жагсаан бичихийг хүн бүрээс хүс. Дараа нь цааснуудыг тойруулан дамжуулж, хүн бүрд гэр бүлийнхээ гишүүн бүрийн бэлгийг бичих боломж олго.

1 Коринт 12:3.Яагаад Есүс Христийн талаар гэрчлэлтэй болоход Ариун Сүнс хэрэгтэй вэ? Бид Түүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд Ариун Сүнсийг урихын тулд юу хийж болох вэ?

1 Коринт 12:12–27.Паулын бие махбодын талаарх адилтгал гэр бүлийн эв нэгдлийн тухай ярилцах дурсамжтай арга зам байж болох юм. Тухайлбал, гэр бүлийн гишүүд хүний биеийг зөвхөн нүд эсвэл чихнээс бүрдсэн байдлаар зурж болно (17-р шүлгийг үзнэ үү). Эдгээр шүлэг нь бид гэр бүлийн хувьд бие биедээ хэрхэн хандах талаар юу зөвлөж байна вэ?

1 Коринт 13:4–8.Энэрлийн талаарх Паулын тодорхойлолт танай гэр бүлийг сүнслэгээр өдөөх уриа болж болно. Та гэр бүлийн гишүүн бүрд 4–8-р шүлэг дэх хэллэгүүдийг судлаад, үлдсэн гишүүддээ тодорхойлолт, жишээ, хувийн туршлагаа ашиглах гэдэг нь ямар утгатай болох талаар зааж, даалгавар өгч болох юм. Аврагч хэрхэн эдгээр зан чанарын үлгэр жишээ болдог вэ? Та мөн эдгээр хэллэг тус бүрээр зурагт хуудас хийгээд, гэрийнхээ энд тэнд тавьж болно. Бүтээлч бай!

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Бидэнд хайр байдаг юм,” (Хүүхдийн дууны ном, 102–103).

Заах чадвараа сайжруулах

Судар үзүүл. Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийн гишүүдийнхээ тогтмол харж болох газарт байрлуул. Ээлжлэн үзүүлэх судраа сонгоход гэр бүлийнхнийгээ урь.

Ариун ёслолын цуглаан

“Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие” (1 Коринт 10:16–17).